| |
Б.Баатархүү:Цагдаагийн албан хаагч өнөөдөр хагалгаанд орсон
Нийслэлийн цагдаагийн газраас ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчийн биед гэмтэл учруулж хэргийн газрыг орхин зугтсан хоёр этгээдийг баривчилсан тухай мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү "Залилан мэхлэх гэмт хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүд байна гэсэн мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн II хэлтсийн Бэлх 114 чиглэлийн алба хаагчид тухайн газарт очсон. Уг газарт очиход хоёр этгээд Toyota Prado Маркийн машиныг унаж зугтах үедээ цагдаагийн алба хаагчид хүнд гэмтэл учруулсан.Уг хэрэг дээр шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг явуулсан.
Хоёр этгээдийн унаж явсан тээврийн хэрэгслийг 14:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Халзангийн даваа орчмоос олсон. Тэднийг уул руу зугтсан гэх мэдээлэл ирсний дагуу тухайн орчныг бүслэн хааж эрэн сурвалжилснаар 22:30 цагт Т.Лундааг Майхан толгой орчмоос, Б.Энхбаярыг 23:25 цагт Майхан толгойн зуслангийн төв замаас 200 метрийн зайд байрлах айлын амбаарт бүгж байсныг илрүүлэн баривчилсан.
Ажил үүргээ гүйцэтгэж яваад бусдын халдлагад өртөж хүнд гэмтсэн цагдаагийн алба хаагчид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн. ГССҮТ-д ухаан ороогүй байж байгаад өнөөдөр 10:00 цагт хагалгаанд орсон. Биеийн байдал сайнгүй байна.Дээрх этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 10.1.2.9-д зааснаар ажил үүрэгтэй нь холбогдуулан хүнийг алахыг завдсан гэдэг зүйл ангиар хэрэг үүсгэн шалгалтын ажиллагааг явуулж байна” гэж мэдэгдлээ.