| |
Явдаг хөргөгчинд суухыг хэн ч хүсэхгүй
Өнөөдөр хүмүүс ажлаасаа хоцорч, дор бүрнээ бухимдалтай байгаа нэг шалтгаан нь аль ч чиглэлдээ нийтийн тээврийн тоо хүрэлцээ муу байдагтай холбоотой. Үүнээс гадна нэгдүгээр эгнээгээр автобус зорчуулна гэсэн захирамж нь утга төгөлдөр үйлчилдэггүй явдал юм. Хэрэв нийтийн тээвэр дангаараа нэгдүгээр эгнээгээр зорчоод эхэлбэл түгжирч цаг алдахгүй, түргэн шуурхай байх боломж бүрдэнэ.
Гэтэл өнөөх нийтийн тээврээр нь үйлчлүүлэх гэхээр бас нэг бэрхшээл байдаг нь парк шинэчлэлийн асуудал юм. Одоо үйлчилгээнд явж байгаа дийлэнх автобусууд зундаа бүтэж үхмээр халуун ямар ч агааржуулалтгүй. Өвөлдөө хүмүүсийн хэлдгээр явдаг хөргөгч шиг хүйтэн. Дөн өвлийн хүйтэнд хэн л хөргөгч шиг хүйтэн автобусанд суухыг хүсэх билээ. Тиймээс л дор бүрнээ хувийн унаагаараа тав тухтай, дулаахан зорчихыг хүснэ.
Тиймээс нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлийг цогцоор нь хийгээд, мөн иргэдэд цаг алдалгүй үйлчлэх үүднээс тоог нь нэмээд өгвөл өнөөдрийн хотын түгжрэлээс үүдэлтэй бухимдал бага ч болов намжих нь дамжиггүй юм.