|
Видео

Шинэ мэдээ

"Тэтгэвэр"-ийн тээврээр паркаа шинэчилсээр байх уу

"Тэтгэвэр"-ийн тээврээр паркаа шинэчилсээр байх уу

Нийтийн тээврийн салбарт парк шинэчлэл хийх цаг нь болжээ. Одоогоос найман жилийн өмнө буюу 2009 онд БНСУ-аас 400 автобус худалдан авснаас хойш энэ салбарт дорвитой хөрөнгө оруулалт хийсэнгүй. Улсын хэмжээнд 2720 том, дунд, жижиг оврын автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаагаас 1700 орчим нь нийслэлчүүдэд үйлчилж буй. Гэтэл эдгээрийн дийлэнх нь 8-9 жилийн насжилттай болжээ. Стандартад зааснаар 12 жил болсон автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнээс чөлөөлөх ёстой.

Энэ жилийн тухайд насжилт нь гүйцэж, "тэтгэвэр”-т гарах шаардлагатай 250 автобус үйлчилгээнд явж байна. Ердөө 2-3 жилийн дараа 1000 гаруй автобус ашиглалтаас гарах тооцоотой. Гэтэл өнөөдөр чөлөөндөө гарах ёстой 250 автобусыг орлох нь бүү хэл шинээр авахаар төлөвлөсөн нэг ширхэг ч автобус алга. Одоогийн байдлаар ашиглалтаас гарсан 250 автобусны 50-ыг нь үйлчилгээнээс халж, үлдсэнийг нь нийтийн тээвэрт явуулахаас өөр сонголтгүй байгааг нийслэлийн Тээврийн газрын мэргэжилтнүүд хэлж байна. Эндээс дүгнэхэд парк шинэчлэл хийх боломжгүй гэсэн шалтгаанаар хэдийнэ 12- 18 жилийг элээсэн, хэзээ мөдгүй зогсолт хийхэд бэлэн хуучин автобусаар иргэдийг тээвэрлэж байна.

Удахгүй хичээлийн шинэ жил эхэлж, их хотын хөл хөдөлгөөн ихэснэ. Иргэдийн хамгийн ихээр бухимддаг асуудлын нэг нь нийтийн тээврийн үйлчилгээ. Угтаа нийтийн тээвэр өглөөний 07.00 цагаас үдшийн 22.30 минут хүртэл иргэдэд үйлчлэх үүрэгтэй. Гэвч өвлийн улиралд гэгээ тасармагц автобусуудын бараа сураг алдарч, иргэд олон цагаар буудал дээр хонох нь холгүй хүлээх шаардлагатай болдог. Ялангуяа, захын хорооллын чиглэлийн автобусууд өдрийн од шиг ховорхон болсон гэхэд хилсдэхгүй.

Автобусны хүрэлцээ муугаас иргэд хохирч, хэдэн цагаар ч хамаагүй автобус хүлээж, буудал дээр жиндэж зогсоход хүрч байна. Эндээс харахад, нийтийн тээврийн үйлчилгээ ямар хэмжээнд байгааг үнэлж болохоор. Уг нь цахим карт нэвтрүүлж, гаднын жишиг рүү ойртож байгааг сайшаах нь зүйтэй. Гагцхүү насжилт өндөртэй автобусуудыг акталж, орон зайг нөхөх зохицуулалт хэрэгтэй боллоо. Тиймээс энэ асуудлыг нэн даруй зохион байгуулалтад оруулах цаг нь хэдийнэ болжээ.

Зорчигч тээврийн нэгтгэлийн захирал Г.Төмөрбаатар "Өнөөдрийн байдлаар нэгтгэлийн хэмжээнд 367 тээврийн хэрэгсэл бий. Нийтийн тээвэрт явдаг автобусны дийлэнх нь насжилтын хугацаа дуусаж байгаагаас гадна сэлбэгийн тоног төхөөрөмж нь ч олдохоо больсон. Хэтрүүлж хэлбэл, үйлдвэрлэж, нийлүүлсэн улсдаа ч байхгүй болсон учраас парк шинэчэл хийх зайлшгүй шаардлагатай байна. Хамгийн сүүлд 2009 онд парк шинэчлэл хийсэн. Тухайн үед шинэчилсэн тоног төхөөрөмж эхнээсээ муудсан. Нөгөө талаар парк шинэчлэлийг хийхдээ засвар үйлчилгээг орхигдуулахгүй байх зарчмыг барих нь чухал. Манайхан парк шинэчилнэ гээд олноор автобус авдаг. Гэтэл шинэ автобусаа дагаад сэлбэг, засвар үйлчилгээ орхигддог” гэв.

Солонгост зургаа, Монголд найман жил явсан насжилт өндөртэй автобусууд хар тугалга, азотын исэл гэх мэт хүний биед хортой бодис ялгаруулж байна.

Нөгөөтэйгүүр, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд хөрөнгө мөнгөнөөс шалтгаалаад Солонгост хэдийнэ "тэтгэвэрт” гарсан автобус оруулж ирж, паркаа шинэчилж буй. Үүнээс шалтгаалан Солонгост зургаа, Монголд найман жил явсан насжилт өндөртэй автобусууд хар тугалга, азотын исэл гэх мэт хүний биед хортой бодис ялгаруулж байна. Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Тээврийн газраас автобусуудын утаанд хэмжилт, шалгалт хийжээ. Тэд зүүн чиглэлийн 318 автобусны утаанд хэмжилт хийхэд 80 нь MNS 5014:2009 улсын стандартаас илүү хэмжээгээр хорт утаа ялгаруулж байсныг тогтоожээ.

2009 онд орж ирсэн автобусуудын эд анги элэгдэж, муудсан

Уг нь гадаадаас өндөр өртөгтэй, хуучин автобус худалдан авахын оронд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь хамгийн зөв алхам баймаар. Үндэсний "Экобус” компанийн үйлдвэрлэсэн Евро-4 хөдөлгүүртэй, байгаль орчинд ээлтэй 20 эко автобусыг үйлчилгээнд нэвтрүүлсэн. Цаашид нийтийн тээврийн парк шинэчлэлийг үндэсний үйлдвэрлэгчдэд даатган, монгол инженерүүдийн гараар байгаль орчинд ээлтэй автобус зохион бүтээхэд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байгааг мэргэжилтнүүд онцолдог. Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн яамны мэргэжилтнээс тодруулахад "Солонгосын "Экзим” банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа төслийн хүрээнд удахгүй шинэ автобуснууд орж ирнэ.

Яам автомашинаас ялгарч байгаа утааг багасгах зорилгоор дизель хөдөлгүүртэй биш, хийн түлшээр ажилладаг автобус оруулж ирэх саналыг Сангийн яаманд хүргүүлсэн. Бид үе шаттайгаар нийтийн тээврийн хэрэгслийг дизелээр биш хийгээр ажилладаг болгох бодлого баримтална” гэлээ. 

ЗГМ: Инфографик

Парк шинэчлэл хийхээр тооцож, судалсан

Автобусны парк шинэчлэл болон нийтийн тээврийн техникийн бүрэн бүтэн байдлын талаар нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.Булгаагаас дараах зүйлийг тодрууллаа.

-Танайх парк шинэчлэл хийхтэй холбоотойгоор төсөл боловсруулсан уу? 
-2009 онд 400 автобус авч байснаас өөр парк шинэчлэл хийгээгүй. Эдгээр автобус 2-3 жилийн дараа үйлчилгээнээс гарна. Тиймээс дараагийн парк шинэчлэлийг одоо ярьж, иргэдэд найдвартай, аюулгүй тээврийн хэрэгслээр үйлчлэх зайлшгүй шаардлагатай байна. Тиймээс бид гадаадын зээл тусламж болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар автобусны парк шинэчлэл хийхээр холбогдох газруудад тооцоо судалгаагаа өгсөн байгаа.

-Нийтийн тээврийн хэрэгслийн стандартад заасан насжилт хэд хүртэл байдаг вэ. Үйлчилгээнээс чөлөөлөх автобус байгаа юу? 
-Стандартад зааснаар 12-оос дээш жил ажилласан тээврийн хэрэгслийг үйлчилгээнээс халах журамтай. Стандартын шаардлага хангахгүй нийтийн тээврийн 250 гаруй автобус байгаагаас 50 автобусыг үйлчилгээнээс чөлөөлөөд байна. Үлдсэн 200 автобусыг энэ жилдээ багтаан үе шаттайгаар шинэчилнэ.

-Оронд нь автобус авах уу? 
-Ойрын гурван жилийн хугацаанд үүсэж мэдэхээр байгаа нэг том бэрхшээл нь нийслэлийн хэмжээнд үйлчилгээнд гарч буй нийт 1200 автобусны 70-80 хувь нь ес орчим жилийн насжилттай болсон. Өвлийн улиралд өдөрт 950 орчим автобус, троллейбус үйлчилгээнд гарч, дунджаар 700-800 мянган хүн тээвэрлэдэг. Харин зуны улиралд зорчигчдын урсгал буурч, 860 орчим тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явдаг. Тиймээс манай салбарт парк шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай.

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ

Б.Бямбасүрэн


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler