|
Видео

Шинэ мэдээ

Хүнсний ногооны үнэ 300-500 төгрөгөөр хямдарчээ

Хүнсний ногооны үнэ 300-500 төгрөгөөр хямдарчээ

Намар цагийн шинэ ногоо хүнсний бүтээгдэхүүний "Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа "Мишээл экспо” төвд өчигдөр нээлтээ хийлээ. Энэхүү арга хэмжээг ХХААХҮЯ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд өнөө жил 13 дахь намраа угтаж байгаа аж. "Намрын ногоон өдрүүд”ийг "Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. 2006 оноос эхэлж зохион байгуулсан тус арга хэмжээнд нийслэлийн болон 21 аймгийн шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани, аж ахуйн нэгж, тариаланч, ногоочид оролцож байгаа юм. Энд худалдаалж буй бүх бүтээгдэхүүн тариаланчийн гараас хэрэглэгчид шууд очиж байгаа учраас зах зээлийн үнээс хямд үнээр борлуулж байлаа.

Энэ жилийн хувьд "Эрүүл хүнс” үзэсгэлэнд дотоодын хүнс үйлдвэрлэгч 180 гаруй иргэн, хоршоо, "Алтан намар” худалдаанд төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалагч 250гаруй иргэн, хоршоо оролцож байна. Эрүүл хүнсний үзэсгэлэн худалдаанд "Сүү”, "Талх чихэр” зэрэг компани хөдөө, орон нутгаас хүний биед тустай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид оролцож байгаа юм. Тухайлбал, Архангай аймгийн "Бага рашаант” ХХКийн үйлдвэрлэж буй "Амин чанар” сүүний уургийг хүмүүс ихэд сонирхож байв. Энэхүү сүүний уургийг хэрэглэснээр сахарын өвчнийг 90 хувь бууруулж, биеийн эсэргүүцэл дархлааг нэмэгдүүлж, химийн эмчилгээний хордлогыг тайлж, цусан дахь цагаан эсийг нэмэгдүүлж, хүүхдийн өсөлтийг дэмжих гэх зэрэг ашиг тусыг үзүүлэхийг үйлдвэрлэгчид онцолж байлаа. Үйлдвэрлэлд оруулаад жил гаруйн хугацаа өнгөрөхөд үр дүнгээ сайн өгч байгааг худалдаачид онцолж байлаа. Энэхүү үзэсгэлэн худалдаанд зориулж бүтээгдэхүүнийхээ үнийг хямдруулжээ.

Мөн "Astragalus Membranaceus” буюу "Сарьслаг хунчир” гэх бүтээгдэхүүнийг иргэд сонирхож, худалдан авч байсан юм. Энэ нь Япон, Солонгосын брэнд хүн орхоодойгоос чанарын үзүүлэлтээрээ хэд дахин илүү ургамал бөгөөд Монгол хүн орхоодой хэмээн хүмүүс нэрийддэг байна. Хунчир/Astragalus/ нь дотроо сарьслаг ба монгол гэсэн хоёр төрөлтэй байдаг аж. Зах зээлд нийлүүлж байгаа сарьслаг хунчир нь цусан дахь холестеролын хэмжээг бууруулах онцгой үйлчилгээтэй гэдгийг үйлдвэрлэгч "Астра Рүүт” ХХК-ийн хамт олон онцолж байсан юм. Мөн дархлаа сэргээж, чихрийн шижинг илааршуулж, харшлыг намжааж, биеэс хор гадагшлуулах үйлчилгээ үзүүлдэг байна.

Үзэсгэлэн худалдаа энэ сарын 24-ний өдрийг хүртэл "Мишээл экспо” төвд үргэлжлэх бөгөөд энэ үеэр иргэдэд чиглэсэн олон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ. Жишээлбэл, "Хэрэглэгч танаа”, "Алтан намар амтат талх”, "Ногоон хүнс эрүүл амьдрал”, "Хүүхдэд зориулав” зэрэг өдөрлөг зохион байгуулах юм. Энэхүү арга хэмжээний хүрээнд Баяжуулсан хүнсний тухай хуулийн сурталчилгааг иргэдэд хийх аж. "Мах сүүний анхдугаар аяны үр шим” өдөрлөгийн хүрээнд "Та сүүгээ уусан уу”, "Махны салбарын эрх зүйн орчин” зэрэг хэлэлцүүлэг явуулахаар болжээ.

"Намрын ногоон өдрүүд”ийн сүүлийн өдөр буюу энэ сарын 24-нд хүнсний шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулж, шагнал гардуулна. Шилдэг хүнсний бүтээгдэхүүнийг "Хүнсний экспортын шилдэг бүтээгдэхүүн”, "Импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн, "Хүүхдэд зориулсан хүнсний шилдэг бүтээгдэхүүн”, "Орон нутгийн хүнсний шилдэг бүтээгдэхүүн” зэрэг номинациар шалгаруулах аж. "Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд нэг хэсэг үнэ нь тэнгэрт хадсан гэж хэлж болох манжин, лууван, байцаа зэрэг хүнсний ногооны үнэ навс буужээ. Тухайлбал, хүрэн болон шар манжин, лууван зэргийг 1000 төгрөөр худалдаалж байв. Төмсний хувьд 600-700, байцаа 800 төгрөгийн үнэтэй байна. Мөн улаан лооль 5000-6000 төгрөгийн үнэтэй байгаагаас Өмнөговь аймгийн Булган сумын улаан лооль хамгийн ихээр борлуулагдаж байлаа. Энэхүү улаан лооль амт чанарын хувьд бусдаасаа онцгой байдаг нь хүлэмжинд тариалдаггүйгээс гадна байгалийн рашаан усаар усалдаг гэдгийг ногоочид хэлж байв.

Ингээд "Намрын ногоон өдрүүд 2018” арга хэмжээнд оролцож буй иргэн болон албаны хүний сэтгэгдлийг хуваалцлаа.

 

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг:

-ХХАХҮЯ-ны салбарт 2018 онд томоохон зорилт тавьж, шийдвэр гарсан жил болж байна. Тухайлбал, Мал эмнэлгийн ерөнхий газрыг байгуулсан, томоохон хуулиуд батлуулж, газар тариалангийн бүсээ тогтоосон, "Монгол ноолуур” үндэсний хөтөлбөрөө батлуулсан. Энэ жил Монгол Улс 18 сая төл хүлээж авлаа. Одоогоор 84.6 сая толгой мал намаржиж байна. Мөн энэ жил бид 497.2 мянган га газарт тариа тарьсан. 450 мянган тн үр тариа хурааж авна. Үүнээс 425 мянган тн улаан буудай, 151мянган тн төмс, 95 мянган тн хүнсний ногоо, 30 мянган тн тосны ургамал, 86 мянган тн малын тэжээл хурааж авахаар урьдчилсан баланс гарсан байна. Манай тариаланчид ургацаа хурааж эхэлсэн. Эхнээсээ ургац хураалтын мэдээлэл ирж байна. Энэ жил бид дотоодынхоо гурилын хэрэгцээг хангана. Цаашид бид экспорлох зорилготой байна. Монголын төр иргэнээ эрүүл аюулгүй хүнсээр хангах үүрэгтэй. Энэ үүргийг гүйцэтгэхийн тулд бид бүгд хичээн ажиллаж байна.

 

Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний үйлдвэрлэлийн хэлтсийн дарга А.Цэцэг:

-Органик хүнсний бүтээгдэхүүний журам гарсантай холбоотойгоор органикт шилжих боломжтой аж ахуйн нэгж иргэдийн бүтээгдэхүүнийг тусгай лангуугаар борлуулахад нь дэмжлэг үзүүлж байна. Мөн оролцогч аж ахуйн нэгжүүдээс лангууны хураамж авахгүй, барааг нь үнэ төлбөргүй сурталчилж байгаагаараа энэ удаагийн үзэсгэлэн худалдаа онцлогтой болж байна. Энэхүү арга хэмжээний үеэр хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд баримталж буй бодлого, шийдвэртэй танилцахаас гадна холбогдох албаны хүмүүстэй ажил хэргийн ярилцлага өрнүүлэх, салбарын хамт олонтойгоо туршлага хуваалцах, бизнесийн харилцаа холбоогоо өргөжүүлэх зэрэг олон талын үр ашигтай байдаг юм.

 

Өмнөговь аймгийн Булган сумын тариаланч Д.Маравбиш:

-Жил бүр энэ үзэсгэлэн худалдаанд улаан лоолиороо оролцдог. Ер нь улаан лооль бол манай брэнд бүтээгдэхүүн. Олны танил болсон учраас худалдан авагч их байдаг. Манай сумын ус, хөрс сайн учраас бусдаас амт чанараараа ялгардаг. Энэ жилийн хувьд ургац арвин авсан. Худалдан авагчид их олон байна. Угаасаа манай нутгийн улаан лоолийг байнга авч хэрэглэдэг иргэн олон бий.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сумын ногоочин Б.Эрдэнэцэцэг:

-Үзэсгэлэн худалдаанд хоёр дахь жилдээ оролцож байна. Бүх төрлийн нарийн ногоотой ирсэн. Өнгөрсөн жилийг бодоход үнэ ханшийн хувьд хямдхан байна. Жишээлбэл, өнгөрсөн жил манжин, лууванг 1500, төмс 1000 төгрөгөөр худалдаалж байсан. Худалдан авагчдын хувьд цөөхөн байна. Тиймээс иргэдээ хямдхан гээд гаднын чанар муутай ногоо авч байснаас монгол хөрсөндөө ургасан ногоог худалдан аваарай. Монголынхоо тариаланчдыг дэмжээрэй гэж хүсч байна.

 

Худалдан авагч Ц.Гомбожав:

-Жил болгон энэ үзэсгэлэн худалдаанд оролцож хүнсний ногоо худалдан авдаг. Тариаланчдынхаа гараас чанартай хүнсний ногоо худалдан авах нь надад таалагддаг. Чанар болон үнийн хувьд сэтгэл хангалуун байна. Энэ бол хэрэглэгч болон борлуулагч тал хоёуланд нь үр дүнтэй ажил гэдгийг онцолмоор байгаа юм. Сүүлийн үед тариалангийн салбарт залуус их орж ажиллах болсон гэж дуулсан. Тиймээс залуусаа ажил хөдөлмөртэй орлоготой болоход нь бага ч гэсэн тус болж байна гэж бодоод худалдан авалтаа хийж байна. Өнөөдрийн хувьд үзэсгэлэн худалдаанаас долоо хоногийнхоо хүнсний ногоог худалдан авлаа.

 

Худалдан авагч Ц.Нэргүй

-Эрүүл аюулгүй хүнс худалдан авах үүднээс үзэсгэлэн худалдааг зорьж ирлээ. Олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хямд үнээр нэг дор худалдаалж байгаад баяртай байна. Ялангуяа хүнсний ногооны үнэ хямд байгаа учраас сэтгэл ханамжтай, өдөр бүр ийм хямд үнээр хүнсний ногоогоо худалдаж авдаг болмоор байна. Бидэнд тийм боломж бололцоо бий гэж хардаг.

 

Г.Нямсүрэн

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler