|
Видео

Шинэ мэдээ

Зоорьгүйн зовлонтой ногоочид

Зоорьгүйн зовлонтой ногоочидХүнс хөдөө аж ахуйн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамт­ран зохион байгуулж буй "Намрын ногоон өдрүүд” үзэс­гэлэн худалдаанд нийслэлчүүд ам сайтай байна.
 
"Мишээл экспо” төвд албан ёсоор нээлтээ хийсэн тус үзэсгэлэн ху­далдаа хоёр сарын хуга­цаатай дэлгэгдэх бөгөөд нийс­лэлийн  зургаан дүүр­гийн 43 байршилд 434 цэгт хүнсний ногоо борлуулж буй юм. 
 
"НАМРЫН НОГООН ӨДРҮҮД” ЗӨВХӨН НОГООНЫ ХУДАЛДАА БИШ
 
Энэ жил уламжлал ёсоор 11 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа тус арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуйн сайд П.Сэргэлэн нээхдээ "Энэ жилийн "Намрын ногоон өдрүүд”-ээр Хүнс,  хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсны дагуу хүн амын хүнсний хангамжийг сайжруулах,  үндэсний үйлдвэрлэгчид, тар­иа­ланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх, малын түүхий эдээр хийсэн бараа бүтээгдэхүүнийг нийслэлийн хэрэглэгчдэд шууд  худалдах зорилго тавьсан” гэдгийг онцлоод "Алтан намар цаг айл бүхэнд эрүүл хүнс хүргэж, эрүүл монгол  иргэнтэй улс болох том зорилтыг ч тавьсан” хэмээн хэлсэн юм.
 
Энэ өдрүүдэд нийс­лэлчүүд "Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худал­дааг зорьж, ирэх өвлийн бэлтгэлээ базааж, эзэгтэй нар ногоо дарах, салат хийх жор, технологио хуваалцаж буй нь намар цагийн нэг содон өнгө нь байдаг билээ. Энэ жилийн хувьд ургац арвин, тэнгэр хангай ч тайван налгар, хүнсний ногооны үнэ ханш ч боломжийн байна.
 
УИХ-ын дарга М.Энхболд "Малчид, та­риа­­ланчид, үйлдвэр­лэг­чид энэ өдрүүдэд нийс­лэл хотын иргэдэд хө­дөл­мөрийнхөө үр шимээр  Монгол эх орон, газар шороонд ургасан  төмс, хүнсний ногоогоо худал­даалж,   хүнсний шинэ техно­логиудыг  таниулж, турш­лага судалж, иргэддээ эко­логийн  цэвэр хүнсээр хангах зорилт тавьж байгааг дэмждэг. "Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн зөвхөн ногооны худалдаа  биш  хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарынхан  жилдээ  нэг хуран чуулж, туршлагаа хуваалцаж,  шинэ сортын, шинэ төрлийн бүтээгдэхүүнийг иргэддээ таниулдаг. Өргөн утгаараа  Монгол Улс дотоодынхоо хүнсний хэрэгцээг хангаж чадах улс  болохоор зорьж буй” гэдгийг тодотгосон. Тиймээс ч энэ жилийн уриа нь "Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” биз. 
 
Нийслэлийн Засаг дарга С.Батболд "Нийс­лэлийн иргэдэд эрүүл монгол хүнсийг олон дамж­­л­аггүйгээр шууд хүргэх боломжийг олгож бай­гаагаараа энэхүү үзэс­гэлэн худалдаа чухал ач холбогдолтой. Үйлд­­вэрлэгчдээс шууд хэрэг­лэгчиддээ хүрэх ийм төрлийн худалдааг нэ­мэг­дүүлж, чанартай, эрүүл монгол хүнсээр нийс­лэлийн иргэдээ хангах бод­лого баримтлан ажиллах болно” гэв.
 
ХЯТАД НОГООНД ХОРИГ ТАВЬМААР БАЙНА 
 
Энэ удаагийн үзэс­гэлэнд үндэсний томоохон 20 гаруй аж нэгж оролцож бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж байна. Үүнээс гадна 14 аймгийн 13 сум, нийслэлийн таван дүүргээс нийт 300 орчим аж ахуйн нэгж, хоршоо, ногоочин, зөгийчин иргэд оролцож буй юм. Ховдын тарвас, Сэлэнгийн Шаамарын зөгийн бал, хүнсний ногоо, Увсын чацаргана, Хөвсгөлийн жимс гээд үзэсгэлэнд оролцож буй орон нутгийн брэндүүдийг нэг бүрчлэн тоочвол нэлээд урт жагсаалт гарах нь тодорхой.
 
Харин энэ бүгдийг халуун нарнаас халш­ралгүй тордож услан, зунжингаа хорхой шавьжнаас харамлан, зэрлэгтэй "тулалдаж”, өвөл нь болохоор хүйтэн нойтон байна гэж цэрвэлгүй хойтон жилдээ тарих ногооны үрээ яг л нялх амьтан бөөцийлөх мэт арчлан хамгаалах но­гоочдын хөдөлмөр үнэндээ жилийн дөрвөн улирал үргэлжилдэг. Зарим нь энэ их ажлынхаа хажуугаар бүр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, таваглаад идэхэд бэлэн болгосон жимс, ногооны чанамал, дарж, даршилсан ногоо, салаттай сууж байгаа нь бахархууштай.
 
Бөхийн өргөө болон, "Sky” худалдааны төвийн гадна задгай талбайд тарьсан ногоогоо зарж борлуулж буй ногоочидтой уулзлаа. Тэд банкны зээлийн хүүг бууруулах, эсвэл хөнгөлөлттэй нөх­цөлтэй зээл, төсөл хөтөл­бөрт бодлогоор хам­руулж дэмжээсэй гэж хүсдэг аж. Мөн жилийн дөрвөн улиралд нийслэлчүүд эх орныхоо хөрсөнд тарьсан органик ногоо, жимсийг хэрэглэх боломжтой гэнэ. Гэтэл ногоо, жимсээ хадгалах зоорь, өөрсдөө хүнсний зах, худалдааны төвүүд дээр суух лангуу, павильонгүйгээс энэ нь бүтдэггүй юм байна.
 
 
Хүнс, хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан О.Оюунчимэг:
АРАЙ НААШТАЙ ХАНДАЖ БАЙСАН НЬ АЖ ҮЙЛДВЭРИЙН ЯАМ
 
-Би Сэлэнгэ аймгийн Шаамар сумаас ирсэн зөгийчин, ногоочин хүн байна. 20 гаруй жил энэ хоёр аж ахуйгаа эрхэлж байгаа. Бид намрын налгар сайхан цагт ногоогоо борлуулах боломж нь арай илүү байдаг. Өвөл болохоор битүү байр сав хэрэгтэй болдог. Өвөл ногоо гадаа зарвал хөлдөнө.
 
Ингээд л байгалийн эрхшээлээр өвөл нь борлуулалт зогсдог. Уг нь бид өөрсдийнхөө өвөл хэрэглэх болон илүү гарсан ногоогоо зоорьлоод хадгалчихдаг. Тиймээс өвөл байр савтай бол зөгийн бал, ногоогоо нийслэлийн иргэддээ борлуулах боломжтой. Бидэнд тулгамддаг нэг асуудал нь орон нутагтаа бол боломж нөхцөлдөө тохируулаад барьчихсан зоориуд бий. Нийслэлд ирэх гэхээр ногоогоо хадгалах зоорьгүй, өөрсдөө зогсох павильон, лангуугүй. Аж үйлдвэрийн яамтай байхад зоорьны асуудлыг шийдэж өгнө гэж байсан юм. Үнэндээ яам байгуулагдахаас ч өмнө энэ асуудал яригддаг байлаа. Зоорьтой болох гэхээр хөрөнгө мөнгө хүрэлцэхгүйн зовлон  бий.
 
Ногоочид банкны зээл авч л ажлаа амжуулдаг. Намар нь хэдэн төгрөг олохоороо хүүхдийн сургалтын төлбөр, өвлийн бэлтгэл, зээлээ эргүүлж төлөх гэж эргэлдсээр байтал олсон хэд нь дуусдаг. Тиймээс ногоочид өөрсдөө нэгдээд том хэмжээний зоорь барья гэхээр бүтдэггүй юм. Бидний энэ хүндрэл бэрхшээлийг ойлгож, арай нааштай шийдвэр гаргаж, шийдэхийг оролдсон нь Аж үйлдвэрийн яам. Гэтэл татан буугдчихсан. 
 
Өмнөговь аймгийн Булган сумын Дал багийн ногоочин Ц.Цэцэгмаа:
БИД НОГООГОО МАНАЖ ГАДАА ХОНОДОГ
 
-Нутгийн зөвлөлийн тэргүүн Н.Хүрлээ гэдэг хүн маань энд асар майхан авч өгч бид говийн шимтэй хөрсөнд тарьсан улаан лоолио нийслэлийнхээ хэрэглэгчдэд хүргэж байна. Энд ирээд 10 гаруй хонолоо. Би энэ хугацаанд 800 орчим кг улаан лооль зарлаа. Өмнөговь аймгийн Булган сумаас Улаанбаатарт жил бүрийн намар 20 тонн улаан лооль авчирдаг. Ил задгай талбайд ундаргын рашаанаар усалж тарьдаг учраас манай улаан лоолийн амт, чанар сайн. Ямар ч химийн бордоо хэрэглэдэггүй. Бид уг нь бүхий л төрлийн ногоог тарьдаг ч 700 км-ийн алсаас тээвэрлэдэг учраас тэр бүгдийг нааш нь тээвэрлэх боломжгүй.
 
Харин Сэлэнгээс төмс, хүнсний ногоо тээвэрлэх бүрэн боломжтой шүү дээ. Төмөр замтай гээд дэд бүтцийн хувьд давуу тал олон бий. Гэтэл эд маань ирэхээрээ ногоогоо хадгалах зоорьгүй, өөрсдөө суух байр савгүйдээд байдаг. Ер нь говь, хангайгүй л зоорьны асуудлыг шийдэж өгөх хэрэгтэй л дээ. Бид авчирсан ногоогоо манаж хонодог. Ингэхгүй бол авчирсан ногоогоо алдчих гээд зовлонтой. Намрын налгар цаг учраас л ногоотойгоо гадаа хонодог. Түүнээс биш өвөл бол ингэж зарах боломжгүй шүү дээ. Үүнээс гадна намар ургац хураах үеэр Хятадаас оруулж ирдэг ногоонд хориг тавьдаг болмоор байна.
 
Ингэхгүй бол бидний дундуур улайм цайм ченжүүд орж ирчихээд хятад, монгол ногоог хольж зараад байх үе ч бий. Адилхан ногоогоо борлуулах гэж ядаж байгаа учраас бид "Наадах чинь хятад ногоо хольчихсон шүү дээ” гээд шууд хэлж чадахгүй бүлтэгнээд суудаг. Хэрэв хориг тавьчихвал зарж байгаа, авч байгаа аль алиндаа итгэлтэй, амар шүү дээ. 
 
Хүнс, хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан Ү.Цэцэгбадам:
 
НОГООЧИД ТҮРЭЭСИЙН ЗООРЬНЫ ӨНДӨР ТӨЛБӨРИЙГ ДИЙЛЭХГҮЙ
 
-Би 2000 оноос хувиараа аж ахуй эрхэлж байна. Сэлэнгэ аймгийн Шаамар суманд зөгийн аж ахуй эрхэлж, төмс, хүнсний ногоо тарьдаг. Бид Улаанбаатарт нэгдсэн нэг зоорьтой байхад л болно. Ингэвэл хавар гурав, дөрөвдүгээр сар хүртэл нийслэлийнхээ иргэдийг эх орныхоо хөрсөнд тарьж ургуулсан амт шимттэй ногоогоор хангах бүрэн боломжтой. Учир нь ногоочид дандаа жижиг, дунд бизнес л эрхэлдэг учраас түрээсийн зоорьны өндөр төлбөрийг дийлэхгүй.
 
Ийм зоорь түрээсэлбэл төмс, хүнсний ногооны үнийг өсгөхөөс аргагүй болно. Уг нь жаахан бодлогоор дэмжээд өгөхөд л бид ногоогоо борлуулах, иргэд маань Хятадын чанаргүй ногоог хүнсэндээ хэрэглэхгүй байх боломж бий шүү дээ. Орон нутагтаа бол бүгдээрээ зоорьтой. Хотод ирэхээрээ л зоорьгүй, лангуугүй болчихдог юм.
 
Г.Ганчимэг
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler