![]() |
Сул гишүүн сайд хоёрын ялгаа их шүү, Ц.Даваасүрэн сайд аа?
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн бол 2008 оноос хойш УИХ-д тасралтгүй гурав сонгогдсон хүн. Өнгөрсөн жил Ж.Эрдэнэбатын Засгийн газар унаж, У.Хүрэлсүхийнх байгуулагдахад танхимд нь орж ирсэн.
Анх сайд болоход нь "…Салбарын хүн очлоо” гээд дээр дооргүй магтаж байв. Тэр 1989-1992 оны хооронд Төвийн эрчим хүчний системд автоамтикийн инженерээр ажиллаж байсан аж.
Томилогдоод жил боллоо. Хориод хоногийн өмнө /2018.08.28/ АТГ-аас эрчим хүчний салбартай холбоотой ашиг сонирхлын зөрчилтэй үйлдлийг шалгаж байгаа талаар рмэдээлсэн. Эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн албан тушаалтнууд, тэдний гэр бүлийн гишүүдийн үүсгэн байгуулсан, хувь эзэмшсэн, хамтын өмчлөлийн 130 компани эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Эрчим хүчний яамнаас 2017 онд зарласан тендерт уг салбарт ажиллаж байгаа болон ажиллаж байсан албан тушаалтан тэдгээрийн гэр бүл, хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан хувь эзэмшиж буй долоон компани 5,8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий тендерт сонгон шалгарч гэрээ байгуулан ажилласан байна гэсэн мэдээллийг өгсөн юм.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн маргааш нь үүнийг няцааж "…АТГ-аас мэдээлэл хийхдээ албан ёсны нэр дурдаагүй. Миний ах дүү нараас хэн нэгэн хүн яамнаас ажил авсан байвал би шууд маргааш нь ажлаа өгнө” гэж мэдэгдсэн.
Ингээд энэ дуулиан түр намжив.
Гэтэл өнгөрсөн бямба гариг /2018.9.14./-т төвийн эрчим хүчний систем "0” зогсолт хийж хот даяараа цахилгаан тасрав. "0” зогсолт гэдэг бол маш аюултай гэдгийг мэргэжлийн хүмүүс мөн ч олон талаас нь тайлбарлаж байна.
Гэвч сайд Ц.Даваасүрэн гуай энэ бодит байдлыг хүлээн зөвшөөрөх тун дургүй байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд "..Би энэ асуудалд хамаагүй шүү” гэсэн ярилцлага өгөөд сууж байна.
Яаж хамаагүй байх билээ дээ. Сайд болно гэж гуйгаад очсон. Салбарынхаа асуудлыг хариуцна гээд сайд болсон. Хариуцна гэдэг чинь хариуцлага хүлээнэ гэсэн үг. Түүнээс биш хариуцлага хүлээдэггүй, элдвийн "хор” хуйд нэр холбогдоод бурхан шиг сууж байдаг Ц.Даваасүрэн шиг хүнээр эрчим хүчний салбар яах юм бэ.
Ер нь энэ хүн ярьсан болгондоо ороогдож байгаа нь сүүлийн үед ихээхэн анзаарагдах болов. АТГ-ын мэдээллийн дараа "…Надтай хамаатай хүн тендерт холбогдсон бол би маргааш шууд сайдын ажлаа өгнө” гэсэн. АТГ маргааш нь нөгөөх компаниудын нэрийг зарлана лээ. Эх сурвалжийн мэдээллээр Ц.Даваасүрэн сайдад хамаатай хүн гарч ирэх бололтой дог.
Сая "0” зогсоход "…Би бас л хамаагүй. Ер нь ДЦС-уудын захирлын томилгоо, бусад юмыг би мэддэггүй” гэж баахан ярьсан. ТӨБЗГ-аас ДЦС-4-ийн захирлаар А.Бямбадоржийг Ц.Даваасүрэн сайд санал болгосон гээд баримтаар гаргаад тавьчихна лээ.
Ер нь бол мань эр бүтэн арваад жилийн турш сул гишүүн байсан. Олон нийтийн анхаарал татсан сэдэв бүрээр хүртээмжтэй дуугарчихдаг гишүүн байсан. Зарим нь олон нийтэд таалагддаг байсан юм шиг байгаа юм. Үүнээс нь болоод түүнийг шударга гишүүн гэдэг хүн олон болсон. Гэхдээ тэр сүүлийн нэг их шударга хүний дүр эсгэсэн "поп” нөхөр байж гэдгээ харуулаад байна.
Ухвал олон л юм гарах бололтой юм билээ. Хэдхэн хоногийн өмнө төвийн нэгэн хэвлэлд "Арван хувийн Ц.Даваасүрэн” гэж байгаад авч өгсөн байсан. Хэдэн жилийн өмнө бас Хууль зүйн сайд Ц.Нямдорж түүнийг "Чамайг Сангийн яамны 10 процентын Даваасүрэн гэж хүн болгон ярьдгийг мэднэ шүү. Дуугүй байгаарай чи” гэж чуулганы хуралдаан дээр зандарч байсныг хүмүүс санаж л байгаа.
За энэ ч яахав. Харин энэ хүн Эрчим хүчний сайд боллоо. Одоо салбарт нь алдаа эндэгдэл гараад болдоггүй. Тиймээс хариуцлага хүлээгээд "…Надад хамаатай "гэдэг хүнд ажлаа өг. Нийгмээрээ ийм хариуцлагыг хүсдэг болчихсон үе шүү.
Бас тэгээд сул гишүүн байх, сайд хийх хоёрын хооронд асар хих ялгаа бий гэдгийг Ц.Даваасүрэн сайд мэдэж авсан байх гэж найдъя.
Эх сурвалж: polit.mn
