| |
Видео
Шинэ мэдээ
Шатаар нь алхаж гарсан С.Чинзориг шиг сайд л У.Хүрэлсүхэд хэрэг болно
За, нэг зүйлийг урьдчилаад хэлчихье. Өнөөдрөөс багш нарын ажил хаялт зогсож байгаа. Тэгэхээр энэ ажил хаялтыг "…Би зогсоосон” гээд олон хүн үдээс хойшхоноос цээжээ дэлдээд гараад ирнэ.
Гэтэл салбарын сайд нь тойрч гүйгээд байсан багш нарын ажил хаялтад ХНХ-ын сайд С.Чинзориг хожуухан ч гэсэн нэлээд үүрэгтэйгээр оролцоод шийдчих шиг боллоо. Ер нь С.Чинзориг бол хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт олон жил амьдарч байгаа "этгээд” л дээ.
Товчхондоо, Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимдаа мерит зарчмаар гарч ирсэн нэг сайдтайгийнхаа хэргийг гаргалаа. Уг нь С.Чинзоригийг анхнаас нь л энэ асуудал руу оруулж, хариуцуулаад шийдчих байсан юм. Тэгсэн бол "есдүгээр сарын 1” ердийнхөөрөө эхлэх байлаа.
Яг үнэндээ боловсролын салбар дахь бухимдлын нэгээхэн хэсэг л тэсэрсэн нь энэ юм. Багш нарын цалин бага байгаа нь үнэн. Ганцхан багш нар ч биш, бүх салбарынхан цалиндаа сэтгэл ханамжгүй байдаг.
Монголын төрийн "авдрын ёроолыг шавхан байж” өндөр цалин авдаг гэгддэг шүүгчид хүртэл цалингаа голдог нь нууц биш.
Гэхдээ бүтэн хоёр долоо хоног хичээл сургуулийг хойшлуулж, олон айлд хүндрэл учруулахгүй байх үүрэг нь ажил хаясан багш нарт ч, тэднийг хариуцсан салбарын яаманд байх ёстой юм.
Өнөөдөр /2018.9.17./-өөс хичээл орлоо. Гэлээ гээд өнгөрсөн 14 хоногийн хичээлийг хэзээ яаж нөхөөх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Мөн л олон айлд "лай” болно. Айл бүхэн амьдралаа төлөвлөж л байгаа.
Энэ мэтээр бодит болон бусад хохиролд төрд ч, ард түмэнд ч тусч байгаа гэдгийг хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Түүнээс бус нэг нь шантаажилж, нөгөө нь бууж өгсөн, бүүр нэг хэсэг нь түүнийг зогсоож, зохицуулсан баатар болох гэсэн явуургүй улс төр хэнд ч хэрэггүй юм.
Гэхдээ энэ хэд хоногт, багш нарын ажилд хаялтын үеэрх Монголын төрийн ажил, зангараг ямархуу байна вэ гэдгийг ард түмэн хангалттай харах шиг боллоо.
Засгийн газар өнгөрсөн баасан гариг /2018.9.14./-т ээлжит бусаар хуралдаж хэлэлцсэн асуудлын хамгийн чухал нь энэхүү ажил хаялт байв. Багш нарын ажил хаялттай холбоотой асуудлаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа , ХНХ-ын сайд С.Чинзориг нарын танилцуулгыг сонссон байна. Тэгэхэд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын тушаалаар байгуулагдсан МҮЭХ, БШУҮЭХ, БСШУСЯ, СЯ, ХНХЯ-ны өргөтгөсөн ажлын хэсэг энэ сарын 13-ны орой ойлголцол, тодорхой шийдэлд хүрч, тохиролцсон талаар сайд нар мэдээлсэн байна. Ингэхдээ төрийн албан хаагчдын цалинг 8-30 хүртэл хувиар нэмэгдүүлсэн нь үндсэн цалингийн тогтвортой суурь үнэлгээ болох бол нэг удаагийн 300 000 төгрөгийн тэтгэмж нь оновчтой шийдэл биш бөгөөд нэмж олгох төсвийн боломжгүй гэдэг дээр санал нэгдсэн байна. Баасан гаригт ажлын хэсгээс хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр ч ажил хаялтыг зохион байгуулсан багш нар "…Шаардлагынхаа 75 хувийг биелүүллээ. Үүнээс цаашх боломж ч манай төрд байхгүй юм байна лээ "гэж мэдэгдсэн. Тэгэхээр сайл, албан тушаалтнууд уурлаж тунирхаж, атамандаж овгордох биш, учир байдлыг нь ойлгуулаад таниулаад өгвөл тохиролцож болоод байгаа юм.
Мөн бага анги, цэцэрлэг, тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэгийн багш нарын цалинг есдүгээр сарын 1-ний өдрөөс 12.3 хувиар нэмэгдүүлэх явцад үйлчилгээний тогооч, манаач гэх мэт 23 000 орчим туслах ажилчдын цалин нэмэгдэхгүй орхигдсоныг найман хувиар нэмэгдүүлэхээр тохиролцсон байна.
Засгийн газраас 2014 онд төрийн албан хаагчдын цалингийн сүлжээг шинэчлэхдээ багш нарын цалинг эмч нарынхаас 4.3 хувийн зөрүүтэй тогтоосныг 2018 онд багтаан тэгшитгэх тухай МҮЭХ, БСШУҮЭХ-ны гишүүдийн тавьж буй шаардлагыг хүлээн авч биелүүлэх нь зүйтэй гэв.
Эдгээр асуудлыг нэгтгэн шийдвэрлэхэд шаардагдах 14.5 тэрбум төгрөгийг ХНХЯ, БСШУСЯ, Цалингийн сангийн нөөц бололцоог дайчлан салбар хоорондын уялдаа холбоог ханган хуульд нийцүүлэн шийдвэрлүүлэхийг холбогдох сайд нарт ээлжит бус хуралдаанаас үүрэг болгосон тухай ЗГХМА-наас мэдээлжээ.
Явж явж Засгийн газар ХНХ-ын сайд С.Чинзоригийн байр суурь илэрхийлж, мэдээлэл өгч байсны дагуу л асуудлыг шийджээ. Ингэх ч ёстой юм. Нэг сайд тавьдаг. Нөгөөх нь салбарын асуудлаа Засгийн газрын шаналгаа болтол дэвэргээд, улс даяар хэрэг мандаадаг байдал бас байгаа.
С.Чинзориг сайд 2018 оны долдугаар сарын 25-нд Сангийн сайдын хамт ОУВС-аас манай улсад хэрэгжүүлж буй "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн тав дахь шатны үнэлгээг хийх Ажлын хэсгийнхэнтэй уулзсан талаар мэдээлэл өгч байв. Ингэхдээ "…Одоогийн бий болсон орлогын боломжийг хэрхэн хуваарилах талаар ОУВС-тай хэлэлцэх бөгөөд ямар ч байсан шийдэлд хүрэх байх. ХНХЯ-ны зүгээс цалин, тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулахаас гадна ачаалал, ур чадварт тулгуурлан нэмэх бодлого барьж байгаа. Энэ талаар бага ангийн багш нар ур чадвар ихээр шаарддаг, хамгийн ачаалалтай болох нь харагдсан. Тиймээс ХНХЯ уг судалгаанд тулгуурлан цалингийн шатлалыг өөрчлөх саналтай байгаа. Манай яамны зүгээс ирэх оны нэгдүгээр сараас цалингийн доод хэмжээг 300,000 болгон нэмэх саналтай байгаа. ҮЭХ 350,000 гэж байгаа. Үүнд инфляци, ДНБ-ий өсөлт, үнэ гээд олон зүйл нөлөөлөх тул бид хэлэлцээд ямар ч байсан ирэх оны төсвийг УИХ-д өргөн барихаас өмнө шийднэ” гэж байв.
Бас тэрээр энэ сарын 12-нд Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Багш нарын ажил хаялтыг зохион байгуулах ажлын хэсгийн төлөөлөлтэй уулзаж, цалин нэмүүлэх асуудлаар тавьсан шаардлагынх нь хариуг өгсөн байдаг.
Түүндээ "…Багш нарын цалинг 2018 оны есдүгээр сараас 15 хувиар нэмэгдүүлэх төсвийн боломжгүй байгаа. Харин цалингийн доод жишгийг 2014 онд шинэчлэн тогтооход үүссэн 4.3 хувийн зөрүүг арилгах арга хэмжээг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 2018 оны төсвийн багцад зохицуулан шийдвэрлэж энэ оны есдүгээр сараас хэрэгжүүлэх саналтай байна.
Засгийн газраас 2018 онд төрийн албан хаагчдад олгох урамшууллын 56.4 тэрбум төгрөгийг үндсэн цалинг нэмэгдүүлэх эх үүсвэр болгохоор шийдвэрлэсэн нь төрийн албан хаагчдын үндсэн цалинг тогтмол нэмэгдүүлэх боломж бүрдүүлсэн гэж үзэж байна. Энэ онд төрийн албан хаагчдын цалинг 56.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн нь 2019 оны төсөвт 165.0 тэрбум төгрөгийн зардал болж тусч байгаа бөгөөд энэ хэмжээгээр төрийн албан хаагчдын орлого нэмэгдэх болно.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хугацаанд үе шаттайгаар төрийн албан хаагчдын цалинг 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Багш нарын ажил хаялт хуульд нийцсэн эсэхийг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шүүх эцэслэн тогтоох ёстой ч Засгийн газрын хувьд Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, багш нарын байр суурийг хүндэтгэж шүүхэд хандах сонирхол одоогоор байхгүй болно. Иймд хүүхдийн сурч боловсрох эрхийг хангах үүднээс ажил хаялтад оролцож байгаа багш нарын цалин хөлсийг нөхөн олгох асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна” гэсэн байдаг.
Үүний маргааш тохиролцоонд хүрч, улмаар өнөөдрөөс хичээл сургууль хэвийн орж эхлэхээр болов.
Түүнчлэн өнгөрсөн долоо хоногийн дундуур МҮОНТВ-ээр багш нарын ажил хаялт тойрсон сэдвээр хийсэн хэлэлцүүлэг нэвтрүүлэгт С.Чинзориг сайд оролцсон. Энэ нь Монголын нийт багш нарт Засгийн газрын байр суурь, бодит байдлыг ойлгуулахад нэмэр болчих шиг болсон.
Энэ мэтээр засгийн ажил бол улс төр биш гэдгийг нийтээрээ ойлгож, хандах хэрэгтэй юм. Хэрэв тэр нэвтрүүлэгт БСШУС-ын сайд оролцсон бол юу болох байсан бол гэдгийг бас бодох л ёстой.
Ер нь тэгээд Монголын төрд алдагдаад байгаа мерит зарчим буюу төрийн мэргэшсэн албаны томилгоог улс төрийн хуваарилалт, захиалгаар бус, түүнээс бүрэн ангид, шударгаар өрсөлдүүлэн шалгаруулах зарчмаар төрийн албанд томилдог явдал алдагдчихсан. Харин У.Хүрэлсүхийн танхимд энэ зарчмаар буюу тухайн салбартаа хүлээн зөвшөөрөхүйц зүтгэл, үр дүн гаргасныхаа үнэлэмжээр сайд болсон ганц нэг хүн байдаг юм. Тэдний нэг нь С.Чинзориг сайд л даа.
Тэрээр 1986 онд МУИС-ийг төлөвлөгч, эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн. Ингээд нутагтаа ажиллаж байгаад 2000 онд анх НХХ-ийн дэд сайдаар томилогдож байв. Энэ ажлаа бүтэн найман жил хийсэн байдаг юм. Дараа нь 2008-2010 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, Төсвийн ерөнхий менежер, 2010-2012 онд Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх, 2013 онд МАН-ын НБХГ-ын дарга, 2014-2015 онд Хөдөлмөрийн сайд, 2016 оноос УИХ-ын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга, 2017 оноос Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байгаа юм. Ямар ч байсан 18 жил хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого тодорхойлох, хэрэгжүүлэх ажлаас салаагүй яваа хүн юм.
Эцэст нь, шатаар нь алхаж гарсан С.Чинзориг шиг сайд нар л Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд, ер нь Монголын төрд хэрэг болно шүү.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин