|
Видео

Шинэ мэдээ

Г.Хажидмаа: Үндсэн хуулиар олгогдсон эрхийг минь С.Одонтуяа удаа дараа зөрчиж байна

Г.Хажидмаа: Үндсэн хуулиар олгогдсон эрхийг минь С.Одонтуяа удаа дараа зөрчиж байна

Монголын Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны Дэд тэргүүн Г.Хажидмаа болон тус холбооны Тэргүүн С.Одонтуяа нарын дунд асуудал үүсчээ. Энэ талаар Г.Хажидмаагаас тодрууллаа.

 

-Юун түрүүнд Та АН-ын гишүүний хувьд намынхаа даргад итгэл үнэмшил тань ямар байгаа вэ гэдгийг асуумаар байна?

-С.Эрдэнэ дарга бол намын ажлыг маш сайн хийж байгаа. Хүмүүсийг нэгтгэж чадаж байна. Ард түмнийхээ дуу хоолойг сонсдог. Харин эмэгтэйчүүдийн холбооны байгууллага л болохгүй байгаа юм.

-Тэгэхээр АН-ын дотоодод үүссэн аливаа асуудал олон нийтэд ил болдог жишгийн дагуу үйл явдал өрнөж байх шиг байна. Чухам ямар асуудал үүсч Та сэтгүүлчдэд хандах болсон талаараа мэдээлэл өгөөч?

-Квот зарсан гэх асуудлаар намайг АЭХ-ны тэргүүн С.Одонтуяа цагдаагийн байгууллагад өгсөн байна. Би өнөөдөр цагдаагийн байгууллагад очиж тайлбар өглөө. "С.Одонтуяаг квот зарсан гэж олон нийтийн сүлжээнд бичсэн үү?” гэж надаас асууж байна. Би бичсэн гэдгээ ч хэллээ. Гэхдээ би АЭХ гэх байгууллагыг хувийн компани мэт ашиглаж байгаа болохоор АН дүрмийн дагуу асуудал үүсгээд байгаа хүмүүст арга хэмжээ авахгүй байгаа учраас ингэж бичсэн юм. Би хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд л өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн. Би хүн гүжирдээгүй. Үүнийг тухайн үеийн ҮЗХ-ны 280-аад хүн гэрчилнэ. Дээрээс нь Г.Хажидмаа 2016 онд дүүргийн намын хорооны хурлаар нэр нь батлагдаад ҮЗХ рүү явсан уу гэдгийг Чингэлтэй дүүргийн АН-ын 105 хүн гэрчилнэ. Тухайн үед нэр дэвшихээ илэрхийлж, нутаг дэвсгэрээсээ батлагдаад ирсэн олон хүмүүсийн нэрийг бүгдийг нь хасч, намын дарга нартаа тал зассан хүмүүсээ л нэр дэвшүүлсэн юм байлгүй.

-Нотлох боломж бий юу?

-Үүнийг цагдаагийн байгууллага яаж нотлох вэ гэхээр тухайн үед аймаг, дүүргийн намын хороогоор батлагдсан бүх нэрсийн жагсаалтыг УИХ-д нэр дэвшсэн хүмүүсийн нэрсийн жагсаалттай харьцуулж үзэхэд энэ бүхэн нотлогдоод гараад ирнэ. Би худлаа юм яриагүй. Шударга үнэний дуу хоолой болж байна.

2016 онд УИХ-д миний бие Чингэлтэй дүүрэгт нэр дэвших гэж байхад Б.Мөнхтуяаг нэр дэвшүүлж, намайг Сэлэнгээс дэвшүүлэхээр болсон байдаг. Гэтэл бас Сэлэнгэд миний оронд Г.Эрдэнэтунгалагийг нэр дэвшүүлж байсан юм. 2016 онд дүүргийн намын хороогоор батлагдаад миний нэр очиход манай намын хороогоор батлагдаагүй Б.Мөнхтуяа гэдэг хүнийг дэвшүүлсэн. Мөн тэр үед маш олон хүний нэрийг дэвшүүлээд очиход С.Одонтуяа барьж орсон нэрсээ хэдхэн минутын дотор шууд баталсныг АН-ын гишүүд бүгд мэдэж байгаа.

-Нэг намын, тэр тусмаа АЭХ гэсэн нэг байгууллагын удирдлагуудын хувьд С.Одонтуяа, Г.Хажидмаа нар уг нь нэг зүгт хараад, гар нийлээд урагшлах ёстой юм биш үү. Яагаад ийм байдалд хүрэв ээ?

-Миний зүгээс удаа дараа С.Одонтуяа даргатай хамтарч ажиллая гэсэн боловч миний хүсэлтийг огт хүлээж авч байгаагүй. АЭХ-ны Дэд тэргүүн болсноос хойш намайг нэг ч арга хэмжээнд оруулж байгаагүй. Харин одоо АЭХ-ноос намайг мэдээгүй байхад, ямар үндэслэлээр гэдэг нь тодорхойгүйгээр хассан тухай яриа гарч байна. Үндсэн хуулиар надад олгогдсон эрхийг С.Одонтуяа дур мэдэн, өөрийн албан тушаалаа урвуулан ашиглаж зөрчсөн. Мөн АЭХ-ны нийт эмэгтэйчүүдийн байгууллагыг дур мэдэн хувийн компани мэт авирлаж байна.

АЭХ-ны дүрэмдээ нэр дэвшиж байгаа эмэгтэйчүүдээ дэмжиж ажиллана гэж заасан байдаг. Энэ дүрмээ ч мөн зөрчиж үүргээ биелүүлээгүй.

АН-д ийм процессууд, удаа дараа гарч байгаа маргаануудыг мэдэгдсэн боловч нэг ч удаа арга хэмжээ аваагүй. Буруу үйлдэл гаргаад байгаа асуудлыг намын дотоод дүрэм журмын дагуу авч хэлэлцэж, арга хэмжээ авсангүй. Аргаа бараад би олон нийтийн сүлжээнд АЭХ хувийн өмч мэт болсон байна гэдэг талаар бичсэн нь үнэн. Гэтэл над руу олон хүн дайрч давшлах болсон. Би юунаас айхав. Үнэн зүйл хэлсэндээ би уучлалт гуйх шаардлага байхгүй. Цаашид ч миний араас олон залуус энэ хохирлыг битгий амсаасай, Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрх нь битгий зөрчигдөөсэй гэдэг үүднээс би энэ бүхнийг ил гаргаж тавьсан юм.

-Та хэзээнээс эхэлж холбооны Дэд тэргүүнээр ажиллаж байгаа вэ. Тэгэхээр өнгөрсөн тэр хугацаанд С.Одонтуяа даргатайгаа нэг ч удаа уулзаж, гар нийлж ажиллаж үзээгүй гэж үү?

– Би АЭХ-ны Дэд тэргүүнээр 2016 оны нэгдүгээр сард 800 эмэгтэйчүүдийн дэмжлэгтэйгээр чуулганаар батлагдаж сонгогдсон. С.Одонтуяа бол тэнгэрийн амьтан, надтай харьцдаггүй. Уулзъя дарга аа, эмэгтэйчүүдийн холбооныхоо ажлыг хамтарч хийе гэж олон удаа гуйж үзсэн. Надад нэг ч удаа хариу өгч байгаагүй. Очоод уулзах гэхээр надад олддоггүй. Угаасаа том дарга нар бид нар шиг хүмүүст олдохгүй юм байна лээ. С.Одонтуяа бол дарга дагадаг хүмүүстэй, эсвэл томчуудтай, дарга аавтай хүмүүстэй л уулздаг. Тэрнээс биш ард түмнээс гарч ирсэн, улс төр сонирхож байгаа залуусаа хүн гэж тоодоггүй.

Одоо бүр С.Одонтуяа өөрийн тойрон хүрээлэгч цөөн хэдэн хүнтэй ярилцаад намайг холбооноос хассан юм шиг байна. Миний Үндсэн хуульд олгогдсон эрхийг удаа дараа маш ноцтой зөрчиж байна. Нэгдүгээрт УИХ-д нэр дэвших эрхийг зөрчиж нэр хассан. Хоёрдугаарт, АЭХ-нд чин зориг зүрхээрээ нэр дэвшиж сонгогдсон Дэд тэргүүний сонгуульт албан тушаалыг цуцалж байна. Дүрмийн дагуу ийм асуудал байж болохгүй.

-Цуцалсан тушаалыг нь харсан уу. Хассан юм шиг байна гэхээр өөрт тань албан ёсоор мэдэгдээгүй юм уу?

-Фэйсбүүкээр ийм мэдээлэл яваад байгаа боловч албан ёсоор намайг дуудаж, уулзаж, надад хэлж, мэдэгдсэн юм байхгүй. АН ард түмэн буюу намын гишүүдээ ялгаварлан гадуурхаж болохгүй. "Ардчилал” гэдэг нь хүний эрхийг түгээн дэлгэрүүлэн тунхагладаг байтал С.Одонтуяа гэдэг хүн АН-ын энэ үнэт зүйлийг алдагдуулж байна. С.Одонтуяад хариуцлага тооцдог хүн ч байдаггүй. С.Одонтуяа өөрөө Ардчилсан нам, нөхөр нь Монгол ардын нам. Тийм болохоор түүнд хууль шүүхийн байгууллага ч, АН-ын дүрэм журам ч үйлчилдэггүй юм байна. Улс төрд сонирхолтой жирийн, үнэнийг хэлдэг залуучууд нь намаасаа хөөгддөг байдал өнөөдөр бий болчихоод байна даа.

-Ер нь эмэгтэйчүүдийн байгууллагын Дэд тэргүүний хувьд Г.Хажидмаа өөрөө өнгөрсөн хугацаанд ямар ажил санаачлан хийсэн бэ?

-УИХ-д хэд хэдэн шаардлага хүргүүлсэн. Тухайлбал, хүүхдийн мөнгө олгуулах тухай, ахмадын тэтгэврийг тэглэх тухай зэрэг шаардлагуудыг хүргүүлж байлаа. Өнөөдөр нийслэлд тулгамдаад буй утааны асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг ажлыг санаачлан хийсэн. Мөн өрх толгойлсон эмэгтэйчүүдэд зориулж сайн үйлсийн аян өрнүүлж хүнсний ногоо тариалж, бид удахгүй ургацаа хураан авч тараах гэж байна. УИХ-ын эмэгтэй гишүүдийн дэмжлэгтэйгээр "Манлайлагч эмэгтэйчүүдийн эв нэгдэл” гэсэн хэлэлцүүлэг өрнүүлсэн. Үүнд С.Одонтуяа даргыг урьсан боловч ирээгүй. Харин бусад намын төлөөллүүд, манлайлагч эмэгтэйчүүд идэвхтэй оролцсон. Чингэлтэй дүүргийн хувьд улирал болгон 100-150 эмэгтэйчүүдийг хүлээн авч уулзалт зохион байгуулдаг. Энэ мэтчилэн өөр бусад олон ажил санаачлан хийж байна. Цаашид ч хүмүүнлэгийн чиглэлээр хийх ажлуудаа төлөвлөөд явж байгаа.

эх сурвалж:undesten.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler