|
Видео

Шинэ мэдээ

Хуулиас давсан хувийн хүсэлт гэж байдаггүй юм

Хуулиас давсан хувийн хүсэлт гэж байдаггүй юм

ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлсөн Засгийн газрын үйл явц Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг ноцтой зөрчиж, УИХ-ын онцгой бүрэн эрхэнд халдсан тухай манай сонин мэдээлж байгаа юм. Сануулахад, УИХ-аар шийдээгүй байхад ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлж явуулаад оронд нь Түр орлон гүйцэтгэгч томилсон нь дээрх хуулийн зөрчлийг үүсгэсэн хэрэг.
Харин ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар үүнээс бултах гэж янз бүрээр оролдож байна.
Явсаар "…Зүв зүгээр байж байхад гүтгэлээ” гэсэн агуулгатай мэдэгдлийг хийж явна.
Хэрвээ Засгийн газрын энэ шийдвэр буруу болж таарвал мань эр буруутна. Засгийн газраас алдаагүй шийдвэр гаргах ажлыг хуулийн өмнө хариуцсан хүн нь ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар юм. Тиймээс тэр алдаанаасаа бултах аргыг л хайж буй бололтой.
ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар "…ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ нь цаашид тус яамыг өөрийн биеэр тэргүүлэн ажиллах нь ёс зүйгүй тул сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг нь УИХ-аас эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаанд ЗТХ-ийн сайдын үүргийг Засгийн газрын өөр гишүүнд хариуцуулж өгөхийг Ерөнхий сайдаас хүсч өргөдөл гаргасан. Иймд Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрын тухай хуулийн 23.1.5-д заасныг үндэслэн ЗТХ-ийн сайдын үүргийг Шадар сайдад хариуцуулах тухай 2018 оны 138 дугаар захирамж гаргасан болно” гээд байгаа.
Ингэж тайлбарлахын тулд Г.Занданшатар дарга маань элдвийг л хийж байх шиг байна.
Надад ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж 2018 оны наймдугаар сарын 12-ны өдөр гараараа бичсэн /өөрийнх нь цахим хуудаснаас, бусад холбогдох эх сурвалжуудаас авсан/ өргөдөл байна. Ж.Бат-Эрдэнэ тэр өргөдөлд "…Миний толгойлсон ЗТХЯ-ны Газрын дарга нар архидан согтуурч, улмаар нэгнийхээ амь насыг хохироосон ноцтой гэмт хэрэг гарсан тул миний бие цаашид тус яамыг удирдан ажиллах ёс зүйгүй хэмээн үзэж ЗТХ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлж өгөхийг хүсч байна " гэж бичжээ.
Үүнд Г.Зандан­шатарын яриад байгаа шиг "УИХ-аас эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаанд ЗТХ-ийн сайдын үүргийг Засгийн газрын өөр гишүүнд хариуцуулж өгөхийг Ерөнхий сайдаас хүсч өргөдөл гаргасан” явдал огт алга.
Гэтэл хэдхэн өдрийн өмнө, Засгийн газрын шийдвэр буруу болчих шиг боллоо гэж биднийг мэдээлсний дараахан Ж.Бат-Эрдэнийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандсан бас нэгэн өргөдөл гараад ирэх нь тэр. Түүнд нь "…ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ миний бие үүрэгт ажлаасаа чөлөөлөх хүсэлт гаргасантай холбогдуулан цаашид тус яамыг өөрийн биеэр тэргүүлэн ажиллах нь ёс зүйн хувьд боломжгүй байх тул сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх миний өргөдлийг УИХ-аас эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаанд ЗТХ-ийн сайдын үүргийг Засгийн газрын өөр гишүүнд хариуцуулж өгөхийг Танаас хичээнгүйлэн хүсье” гэсэн байна.
Гарын үсэг нь өмнөхтэйгөө ижил. Тэгэхээр өөрөө бичсэн л байж таарах байх. Харин сүүлийн хувилбар гарч ирсний дараа Ж.Бат-Эрдэнийн цахим хуудас дахь өмнөх өргөдлүүд устаад алга болчихов.
Түүнчлэн ЗГХЭГ-ын www.zasag.mn цахим хуудсаас 2018 оны наймдугаар сарын 12-нд Засгийн газрын цахимд байсан "ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, ТНБД Ж.Бат-Эрдэнэ нарыг чөлөөллөө” (http://www.zasag.mn/m/zasag/view/20359) гарчигтай мэдээлэл устгагдсан байна.
Бас 2018 оны наймдугаар сарын 31-ний өдөр манай сонинд хандаж  "…Засгийн газар Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг зөрчин ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлөх шийдвэр гаргасан гэж олон нийтийг төөрөгдүүлсэн буруу ташаа мэдээллийг "Зууны мэдээ” сонин удаа дараа зориудаар нийтлэн гаргаж байгаатай холбогдуулан дараах мэдэгдлийг гаргаж байна” гэсэн мэдэгдэл нь (http://zasag.mn/news/view/20435) бас цахимаас нь алга болчихсон байгаа юм.
Ингээд бүх зүйл ном журам, хууль ёсны дагуу болчихно гэж ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар үзэж байх шиг байна. Үгүй юм. Монгол бол Үндсэн хуульт улс. Түүнд УИХ-ын онцгой бүрэн эрхийг заагаад өгчихсөн. Сайдыг томилох чөлөөлөх нь УИХ-ын онцгой бүрэн эрх гэсэн байдаг. Гэтэл Ж.Бат-Эрдэнэ өнөөдөр сайдын ажлаа орхиод явчихсан. Оронд нь түр орлон гүйцэтгэгч хууль бусаар үүрэг гүйцэтгэж байна.
Ер нь бол Ж.Бат-Эрдэнэ анх сайд болохдоо УИХ дээр орж, маш сайн ажиллана гэж ам, өчгөө өгч байж томилогдсон. Ингэж сонгогдсон юм чинь яагаад явж байгаагаа, ажлаа өгч буйгаа УИХ-ыг бас асуу гэж Үндсэн хуульд онцгой бүрэн эрхээр нь тунхагласан байгаа юм. Гэтэл нэг өргөдөл шидчихээд зүв зүгээр яваад өгөх нь төрийн ёс уу. Яаж очсон, түүн шигээ явах ёстой. Шуудхан хэлэхэд, гуйж оччихоод ингээд хаяад явж болохгүй юм. Гэсэн ч хуулийн дагуу бол УИХ-аар дараагийн сайд томилоогүй учраас өнөөдрийн ЗТХ-ийн сайд нь Ж.Бат-Эрдэнэ гэсэн үг.
Нөгөөтэйгүүр Монгол Улсын Засгийн гишүүн бүр хуульд захирагдах ёстой. "…Энэ миний өргөдөл шүү” гэж Засгийн газартаа өргөдөл шидчихээд яваад өгдөг. Хуульд байхгүй хүсэлт түүндээ "бичдэг”, тэрийг нь Засгийн газар нь хүлээж аваад хууль зөрчдөг. Г.Занданшатарын хамгаалаад байгаа нь ердөө л энэ. Төгсгөлд нь ганц л үг хэлье. Хуулиас давсан хувийн хүсэлт гэж байдаггүй юм шүү, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар аа.
 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler