|
Видео

Шинэ мэдээ

Хүчний байгууллагын удирдлагуудыг хүч түрэн томилохын учир юу байв

Шинэхэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хамгийн түрүүнд хүчний байгууллагын удирдлагуудыг шинээр томилов. Тодруулбал, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Ариунсанг чөлөөлж түүний оронд АТГ-ын дэд дарга Б.Хурцыг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга С.Буяндалайг чөлөөлж, ЦЕГ-ын дарга асан Б.Билэгтийг, ЦЕГ-ын дарга С.Баатаржавыг чөлөөлж, Цагдаагийн академийн захирлаар ажиллаж байсан хурандаа Р.Чингисийг, Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнайг чөлөөлж, ТЕГ-ын дарга асан Б.Аринсанг тус тус томиллоо. Уг томилгоог гайхах, айх, эсэргүүцэх хүн олон байна. Учир нь, Ерөнхий сайд Засгийн газрын танхимаа бүрдүүлсний дараа шинээр томилсон салбарын сайд нар нь агентлагийнхаа дарга нарыг томилох учиртай. Яахав, Ерөнхий сайдын дээрх томилгооноос Тагнуулын ерөнхий газрын даргыг өөрийн эрх мэдлийн хүрээнд томилжээ гэж харж болох. Гэтэл АТГ-ын дэд дарга Б.Хурцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөөгүй байж ийнхүү ТЕГ-ын даргаар томилсон нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Авлигын эсрэг хууль болон УИХ-ын тухай хуулийг давхар зөрчсөн үйлдэл болов. Тухайлбал, АТГ-ын дарга, дэд даргыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлээд зургаан жилийн хугацаатай томилдог. Чөлөөлөхдөө ч мөн адил УИХ-ын шийдвэрээр чөлөөлөх хуулийн заалттай аж. Тодруулбал, АТГ-ын дэд даргыг хуулийн хүрээнд гурван шалтгаанаар чөлөөлдөг байна. Үүнд:

 

-Авлигын эсрэг хуулийн 22 дугаар зүйл. Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг чөлөөлөх, түдгэлзүүлэх, огцруулах

22.1 Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг дараахь тохиолдолд үүрэгт ажлаас нь чөлөөлнө:

22.1.1. Өөрөө хүсэлт гаргасан.

22.1.2. Биеийн эрүүл мэндийн байдлаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон.

22.1.3. Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон.

22.2. Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол энэ өдрөөс эхлэн түүнийг албан тушаалаас нь огцруулсанд тооцно.

22.3. Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга огцрох тухай хүсэлтээ

УИХ-д бичгээр гаргаж болох бөгөөд уг хүсэлтийг УИХ-ын чуулганы үед гаргасан бол 21 хоногийн дотор, чуулганы чөлөө цагт гаргасан бол чуулган эхэлснээс хойш 21 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэнэ.

22.4. Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга гэмт хэрэгт холбогдсон, түүнчлэн энэ хуулийн 31.2-т заасны дагуу баривчлагдсан бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг УИХ-д оруулсан бол уг саналыг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор хэлэлцэж, шийдвэрлэнэ.

22.5. Хуульд зааснаас бусад үндэслэлээр Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх буюу огцруулахыг хориглоно гэжээ.

Энэ хуулийн заалтад Ерөнхий сайдын шийдвэрээрр АТГ-ын дэд даргыг албан тушаалаас нь чөлөөлж, дараагийн албан тушаалд томилж болно гэсэн зүйл заалт огт тусаагүйг бодоход хууль зөрчсөн томилгоо болох нь илэрхий байна. Мөн ЦЕГ, ШШГЕГ-ын даргыг Ерөнхий сайд томилдог болсон байна. Үндсэн хуулийн хүрээнд авч үзвэл эдгээр хүчний байгууллагын удирдлагыг Хууль зүйн сайд нь томилох учиртай. Гэтэл одоогийн Засгийн газрын сайд нар нь үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Хуулиараа бол Хууль зүйн сайд нь ЦЕГ, ШШГЕГ-ын даргыг чөлөөлөх хүсэлтээ Засгийн газарт хүргүүлээд хэлэлцсэний дараа дараагийн томилгоог хийх ёстой. Гэтэл Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин дээрх хүчний байгууллагын удирдлагаар ажиллаж байсан С.Баатаржав, С.Буяндалай нарыг чөлөөлөх хүсэлтээ Засгийн газарт хүргүүлсэн эсэх нь эргэлзээ төрүүлж байгаа юм. Хүргүүлсэн байлаа гэхэд одоогийн үүрэг гүйцэтгэж байгаа сайд нар дээрх агентлагийн дарга нарыг томилох хүрээний хууль зүйн чадвартай эсэх нь мөн л учир дутагдалтай. Тэгэхээр үүрэг гүйцэтгэж байгаа сайд нарын хийж байгаа томилгоо гэхээс илүү Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн шийдвэр гэж харагсад цөөнгүй байна. Тухайлбал, Цагдаагийн байгууллагын тухай хуульд цагдаагийн даргыг хууль зүйн сайдын саналаар томилж, чөлөөлдөг. Тэгэхээр Х.Тэмүүжин"С.Баатаржавыг чөлөөлөөд Р.Чингисийг томилъё” гэж Засгийн газарт албан ёсоор хүсэлт гаргасан уу гэдэг нь сонирхол татаж байгаа юм. Гэхдээ гадуур Х.Тэмүүжингийн мэдэл гэхээс илүү Б.Билэгт, Б.Хурц нарыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүн гэх шивнээ өртөөлж байгааг нуух юун. Харин Татварын ерөнхий газрын даргын хувьд сонгон шалгаруулалтаар томилох ёстой. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны зөвлөлийн дүгнэлтээр шалгаруулдаг. Ийм дүгнэлтгүйгээр томилсон нь мөн хууль зөрчсөн үйлдэл болж байна. Үндсэндээ дээрхи томилгоо бүгд хууль зөрччихөөд байна. Яг л өмнөх Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн арга барилаар Ч.Сайханбилэг явах нь энэ үйлдлээр баталгаажлаа. Экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн жил ийм томилгоо хийж байсан удаатай. Тэрбээр ТЕГ-ын дарга Б.Ариунсанг томилохдоо Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчсөн байдаг. Тэр ч байтугай энэ асуудалд шүүмжлэлтэй хандагсдад "Би нэг агентлагийн даргыг томилох эрхгүй хүн үү” хэмээн омогдож байсан санагдана.

Тэгэхээр одоогийн Ерөнхий сайдын дээрх томилгоог эсэргүүцвэл мөн иймэрхүү хариулт өгөх биз ээ. Уг томилгоог өчигдрөөс хуулийнхны хүрээнд хууль бус үйлдэл гэж үзэж байгаагаа цахим ертөнцөөр бичиж, шүүмжилж эхэлсэн. Үүнд, Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг "Соргог” хандаж хуулийг араас нь хэрэгжүүлж"муйхарлав” гэцгээж байна. Мөн Засгийн газрын шуурхай хуралдаанаар АТГ-ын дарга Б.Хурцыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, ТЕГ-ын даргаар томилох шийдвэр гаргалаа.

Ингэхдээ"Өөрийн хүсэлтээр” гэх хуулийн заалтыг ашигласан бололтой. Энэ мэтчилэн сүүлийн хоёр жил Засгийн газар хүчний байгууллагаар"Наадаж” байгаагийн цуврал ийнхүү үргэлжилж байна. Бүр сүүлдээ хэдэн дарга нарыг хооронд нь сэлгэж, томилдог болсон нь ард түмний дургүйцэл, бухимдлыг төрүүлээд байна. ТЕГ-ын дарга Б.Ариунсанг Татварын ерөнхий газрын даргаар томилсныг юу гэж ойлгох вэ. "Б.Ариунсан АН-аас авлагатай юм болов уу” гэж хошигнох хэсэг ч байна. Харин ЦЕГ-ын дарга асан Б.Билэгтийг ШШГЕГ-ын "Шагнал”-ын суудалд залахын учир. Өмнөх Ерөнхий сайд Н.Алтанхуяг хууль бус тогтоол гаргаж, шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байхад Б.Билэгтийн оронд С.Баатаржавыг томилсон. Шүүхээс "Б.Билэгтийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн” гэж үзээд эргүүлж томилох шийдвэр гаргачихаад байгаа шүү дээ. Иймэрхүү шалаанд орсон учраас Засгийн газар хариуцлагаас мултарч түүнийг ШШГЕГ-ын даргад томиллоо. Энэ бол олны өмнө ил тод өрнөсөн үйл явдал. Харин ТЕГ-ын даргаар Б.Хурцыг томилохын учир мөн л тодорхой байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг"МАН, АТГ” ажил хийлгэхгүй хэцүү байна” гэж халаглаж байсан даа. АН-ын идэж уусныг илчлэх ажиллагааг одоогийн ТЕГ-ын даргаар сонгогдоод буй Б.Хурц АТГ-ын дэд даргаар ажиллаж байхдаа гардан зохион байгуулж байв.

"Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд түүний ахлах зөвлөх Л.Гансүхыг, "Цэвэр агаар” сангийн хөрөнгөөс"хумсалсан” асуудлаар түүний охин А.Саранзаяаг, хүргэн Г.Дэнзэнг тендерийн асуудлаар АТГ-аас байцаан шалгаж, экс сайд Н.Алтанхуягийг чамгүй сандаргаж байсан нь саяхан. Тиймээс энэ удаа "Томруулсан” Н.Алтанхуяг гэгдэх Ч.Сайханбилэг сайд Б.Хурцыг өөрийн шууд удирдлага дор ажиллуулахаар болж албан тушаалаар гарыг нь "хүллээ” гэж харж болохоор байна. Энэ нь өмнөх сайдын захиалга биш биз гэх хардлагыг ч нийгэмд бий болгож байгаа юм. Ийнхүү Б.Хурцыг Ч.Сайханбилэг"татсан”-аар АТГ-ын хүч сулрах вий гэх эмзэгдэл бий болж байна. АТГ Засгийн газрын тэргүүний удирдлагаар хөдөлдөг төсвийн мөнгөөр тэжээгдсэн "Үхмэл” байгууллага бий болохвий гэх айдас юм.

 

Б.Цэцэгдэлгэр

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler