| |
“Цахим орчны зохистой хэрэглээний талаар хичээл орох шаардлагатай” гэв
Бага насны хүүхдүүдийг цахим гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр бодлого боловсруулах, үүнд эцэг эх, хүүхдүүдийн саналыг тусгах зорилгоор УИХ-ын Цахим бодлогын түр хорооноос "Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна” хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа. Манай улсад сүүлийн жилүүдэд интернэт хэрэглээ, түүний хүртээмж жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Тухайлбал, Монголд фэйсбүүк хэрэглэгчдийн тоо 2012 онд 654 мянга байсан бол өнгөрсөн жилийн байдлаар 2.7 сая болж нэмэгджээ. Түүнчлэн цахим орчноор дамжуулан хүүхдийн эрхийг зөрчсөн 44 гэмт хэргийг өнгөрсөн онд бүртгэсэн бол энэ оны эхний найман сарын байдлаар 200 гаруй болж өссөн судалгааг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон Цагдаагийн байгууллагаас танилцууллаа.
Монгол Улсын өсвөр үеийн хүүхдүүдийн 95 хувь нь ухаалаг утас, фэйсбүүк хэрэглэдэг аж. Эдгээр хүүхдүүдэд гурван төрлийн эрсдэл учирдаг гэдгийг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтнүүд танилцуулав. Тухайлбал, хүүхдийн нас, сэтгэхүйд тохироогүй мэдээлэл буюу садар самуун, хүчирхийлэлд уриалан дуудсан агуулга бүхий бичлэг, зураг үздэг байна. Мөн бага насны хүүхдүүд ихэвчлэн огт танихгүй хүн рүү найзын хүсэлт явуулдаг бөгөөд үүний улмаас өөрсдөө гэмт хэргийн золиос болох тохиолдол олон гардаг аж. Гуравдугаарт, үйлдлийн буюу хүүхдүүд үе тэнгийнхнийгээ гутаан доромжлох, гадуурхах тохиолдол байдаг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ ёс зүйн төлөвшилд ихээхэн анхаарах шаардлагатай байгааг дурдаж байв. ЦЕГ-аас цахим орчинд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор фэйсбүүкт "Хар жагсаалт” нээлттэй групп нээсэн байна. Уг группт нийт 10 мянга гаруй гишүүн нэгдэж, гэмт хэрэг зөрчил, садар самууныг сурталчилсан групп, хуудас зэргийн мэдээллийг ЦЕГ-т өгдөг болжээ. УИХ-ын Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал "Манай хороо байгуулагдаад дөрвөн сар болж байна. Одоогоор дижитал шилжилт, Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал, Нийгмийн сүлжээнд хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд түлхүү ажиллаж байна. Өсвөр насны хүүхдүүд цахим орчинд олон цагийг өнгөрүүлдэг. Үүнээс үүдэн гэмт хэргийн золиос болох бие махбодь болоод сэтгэл санаагаараа хохирох нь улам нэмэгдэх болсон. Тиймээс энэ чиглэлийн хууль эрхзүйн орчныг бий болгох, төрийн гурван өндөрлөгт зөвлөмж хүргүүлэх зорилгоор хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Мөн БСШУСЯ-нд ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт Цахим орчны зохистой хэрэглээний чиглэлээр тусгайлсан хичээл оруулах талаар хандсан” гэлээ.
M.Тогтох