|
Видео

Шинэ мэдээ

Монгол морьдын эр зориг, хүч чадал дэлхийд дахин гайхагдана

Монгол морьдын эр зориг, хүч чадал дэлхийд дахин гайхагдана

Монгол Улсын Зэвсэгт хүчин анх удаа "Аравт” нэртэй морин цэргийн уралдааныг энэ сарын 22-25-ны өдрүүдэд зохион байгууллаа.

 

Энэхүү уралдааныг цаашид жил бүр зохион байгуулах төдийгүй ОХУ-аас санаачлан зохион байгуулдаг олон улсын цэргийн наадмын нэгэн төрөл болгож эх орондоо зохион байгуулахаар зорьж байгаа юм. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас олон улсын цэргийн наадамд дэлхийн 33 орныг хамруулан Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдын дунд энэ жил 4 дэх удаагаа амжилттай зохион байгуулсан. Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 3 төрлийн тэмцээнд оролцож ирсэн юм. Харин ирэх жилүүдээс олон улсын цэргийн наадамд оролцох төрлөө нэмэгдүүлэхээр зорьж байна. ОХУ-ын Батлан хамгаалахын сайдын Монгол Улсад морин уралдааныг зохион байгуулах санал тавьсаныг үндэслэн ийнхүү "Аравт” нэртэй морин цэргийн анхдугаар тэмцээнээ зохион байгууллаа.

Уг тэмцээнд эхний удаа Зэвсэгт хүчний 232, 032 дугаар ангийн гурван аравт оролцлоо. Тэмцээнийг Төв аймгийн Алтан булаг, Аргалант сумдын нутаг, Хустайн нурууны байгалийн цогцолбор газар болон Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн материаллаг баазыг түшиглэн нийт 138 юм замыг 4 цэгт өртөөчлөн зохион байгууллаа. Тэмцээн 2 үе шатаас бүрдэнэ.

Нэгдүгээр үе нь Алсын марш. Энэ нь уул, ой мод, гол ус, бартаа саад бүхий 138 км маршрутыг туулна.

Хоёрдугаар үе шат нь богино зайн холигмог маршаар уралдах гэсэн журамтайгаар явагдлаа. Монгол морьдын хүч чадал, тэсвэр тэвчээрийг дэлхий нийт, тэр дундаа оросын ард түмэн түүхэндээ мартагдашгүйгээр санан дурсаж явдаг юм байна лээ. Аугаа эх орны дайны жилүүдэд Эх орноосоо бэлэг болон очсон хагас сая агт адууны хүн төрөлхтний түүхэнд гүйцэтгэсэн үүрэг туйлын их ээ. Намхан тагжгар хэмээн эхэндээ гологдож байсан Монгол морьдын холын замд олон өдөр хоног өл хоолгүйгүйгээр ёстой л шуд зуун хурдлан давхиж, ачаа уналганд ч тэсвэр заан гүрийж байсныг түүхийн хуудсууд өдгөө улам ч тодосгосоор байна. Тийм л учраас Орос ах нар дээрхи саналыг тавсан нь зүгээр ч нэг хий хоосон санал байгаагүй нь лавтай.

Тэмцээний дүн гарч хурандаа Н.Мягмарцоож захирагчтай ахмад Хонгор тасгийн захирагчтай Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн 1 дүгээр аравт гутгаар байр, хурандаа Мөнхбаяр захирагчтай ЗХ-ний 032 дугаар ангийн Ахлах дэслэгч Жавхлантөгс тасгийн захирагчтай аравт дэд байр, Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн сургагч ахлагч Шинэбаяр тасгийн захирагчтай 2 дугаар аравт тэргүүн байрыг тус тус эзэллээ.

Тэдэнд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа болон Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, Агаарын цэргийн командлагч, бригадын генерал О.Энхбаяр нарын удирдлагууд шагнал гардуулан баяр хүргэлээ. Морин цэргийн анхдугаар уралдааны ерөнхий шүүгчээр ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар томилогдон тэмцээнийг зохион байгуулан ажилласан бөгөөд ирэх жилүүдийн олон улсын цэргийн наадмын төрөлд энэ төрлөөрөө оролцохдоо бид юун дээр анхааран ажиллах, нэн түрүүнд юу шаардлагатай байгаа талаар салбарын сайдад танилцуулсан юм.

Цаашид энэхүү уралдааныг зохион байгуулахдаа Монгол ахуйг бий болгох, ар тал хангалтыг сайжруулан холбооны табель хэрэгслэлээр хангах, морьдыг бэлтгэн тоног чимэглэлээр жигдрүүлэх зэрэг олон ажлуудыг шат дарааллан шийдвэрлэх шаардлагатай талаар салбарын удирдлагууд харилцан ярилцлаа.

Морин цэргийн "Аравт” уралдааныг зохион байгуулсанаар Зэвсэгт хүчинд морьт цэргийн дүрмийг бий болгох, цэргийн сургалт, сэтгэл зүйн хангалтыг сайжруулах, хээрийн нөхцөлд амьд гарах арга ухаанд суралцах, цэргийн сургалт бэлтгэлийг сайжруулах зэрэг олон талын ач холбогдолтой.Анхдугаар тэмцээний шүүгчдийг ЗХЖШ-аас томилсон бөгөөд хяналтын шүүгч, шинжээчид мөн томилогдсон төдийгүй цэргийн алба хаагчдын аюулгүй байдлыг ханган эмнэлгийн бүлэг, мөн морьдыг цэг бүр дээр үзэх малын эмч бүхий өргөн бүрэлдэхүүн дагалдан ажиллажээ.

ОБЕГ-ын аврагчид завьтайгаа усаар гатлах үеийн аюулгүй байдлыг сахин хамгаалж үүрэг гүйцэтгэсэн байна. Дэлхийн долоон оронд нэгэн зэрэг зохион байгуулагддаг "Цэргийн наадам” олон улсын тэмцээнд 8 дахь орон нь болж Монгол улс ийнхүү "Аравт” морин цэргийн уралдааныг эх орондоо зохион байгуулахаар бэлтгэлээ ажлаа хангаж эхэллээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler