| |
Видео
Шинэ мэдээ
Э.Амартүвшин: Эх орондоо очиход нэг тоглолт дутуу байна
"Утасны анд” энэ удаад гавьяат жүжигчин, дуурийн дуучин Э.Амартүвшинтэй холбогдлоо. Тэрээр Италийн хамгийн эртний театр болох "Арена Ди Верона”-д "Аида” дуурьт дуулжээ.
–Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе?
-"Зууны мэдээ” сонины уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе.
–Та Италийн их театрт "Аида” дуурьт дууллаа. Дуурийн тухай, таны тухай сенсааци цахим ертөнцийг донсолгож байна?
-Баярлалаа. Тоглолт их сайхан боллоо. Сэтгэл минь их хөдөлсөн. Үзэгчид ч сайхнаар хүлээж авсанд баяртай байна. Аливаа уран бүтээл хамтын хөдөлмөрөөр бүтдэг шүү дээ. Тиймээс хамтран тоглосон уран бүтээлчиддээ халуун баяр хүргэе.
–Энэ удаагийн тоглолтыг дэлхийн алдартай удирдаач дохилоо?
-Веронагаас гаралтай Андрей Патнистони гээд гайхалтай удирдаачтай хамтарлаа. Хэдийгээр 31 настай ч авьяас, чадвараараа хэдийнэ дэлхийн хэмжээний удирдаач болсон. Ер нь "Аида”-д дуулсан баг дэлхийд алдартай уран бүтээлчид байлаа.
–Удирдаачаас гадна Радамес нь тантай олон удаа нэг тайзан дээр дуулсан тенор харагдаж байсан?
-Вальтер Пракаров дэлхийд алдартай тенор. Хэдийгээр 58 настай ч хоолойны чадал сайтай. Бид энэ дуурьт дөрөв дэх удаагаа хамтарлаа.
-"Аида”-ийн өмнө "Набуко”-д дуулсан байх аа?
-"Набуко” дуурь ч их сайхан болсон. Монголоо үзэгчид их ирсэн. Монголчуудаа харахаар сэтгэл их хөдөлдөг.
–Монголчууд таны тоглолтыг зорьж, очиж үздэг юм билээ?
-Лондонгоос гэр бүлээрээ "Набуко” дуурийг үзэх гэж хүмүүс ирсэн. Бяцхан үзэгчид хүртэл тоглолтын дараа баяр хүргэсэн нь их сайхан санагдсан. Ер нь хаана ч тоглосон сонгодог урлагт хайртай, элэг нэгтнүүд минь ирж үздэг болсон байна.
–Та Италид багагүй хугацааг өнгөрүүллээ. Хэзээ эх орондоо ирэх вэ?
-Би Италид "Набуко” дуурьт дөрвөн удаа, "Аида”-д таван удаа дуулах төлөвлөгөөтэй ирсэн. Одоо нэг тоглолт үлдчихээд байна. 2019 болон 2020 оны төлөвлөгөөгөө гаргачихаад удахгүй эх орондоо очно.
Ч.Гантулга
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин