![]() |
Видео
Шинэ мэдээ
“Талибан” бүлгийн босогчид олон хүнийг барьцаалжээ
Афганистаны умард нутгийн Кундуз хотын ойролцоо "Талибан” бүлгийн босогчид отолт хийж, 100 гаруй зорчигч бүхий гурван автобус барьцаалсан байна.
Тус бүс нутагт босогчид ширүүн мөргөлдөөн ихээхэн дэгдээдэг бөгөөд аюулаас хамгаалах хүчний бие бүрэлдэхүүнийг тухайн газар руу илгээгээд байгаа ажээ. Энэхүү хэрэг явдал нь Афганистаны засгийн газраас уг бүлгийнхэнд гал зогсоохыг санал болгосноос хойш нэг хоногийн дараа буюу өнөө өглөө болсон байна.
"Талибан бүлгийн босогчид зөвшөөрөх аваас гал зогсоох тохиролцоог даваа гарагаас эхлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Тэд одоогийн байдлаар хариу өгөөгүй байна” гэж Афганистан улсын Ерөнхийлөгч Ашраф Гани мэдэгдээд байсан юм.
Кундуз хотын даргын хэвлэлийн албаны төлөөлөгч Эсматулла Мурадигийн мэдээлснээр, даваа гарагийн өглөө автобусны зорчигчдыг хүчээр буулгаж, үл мэдэгдэх газар руу авч явсан ажээ. Тухайн газар нутаг нь Талибан бүлгийн хяналтад байдаг аж.
Яг хэдэн хүнийг барьцаалсан тухай тодорхой мэдээлэл байхгүй байгаа бөгөөд 170 орчим хүн барьцаалагдсан байж магадгүй гэж тус улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлээд байгаа юм байна. Түүнчлэн "Талибан” бүлгийн босогчид энэ хэргийн талаар ямар нэг мэдэгдэл хийгээгүй байгаа юм.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
