| |
Зургаан настнуудын бүртгэл өнөөдөр эхэлнэ
2018-2019 оны хичээлийн жилд Нийслэлийн төрийн өмчит Ерөнхий Боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын бүртгэл энэ өнөөдөр эхэлнэ. Энэ жил зургаан настнуудыг хэрхэн бүртгэх талаар нийслэлийн Боловсролын газрын Бага боловсрол хариуцсан мэргэжилтэн Л.Уртнасангаас тодруулахад "Статистик мэдээгээр 34368 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцах тоон мэдээлэл гарсан байгаа. Нийслэлийн боловсролын газраас нэгдүгээр ангид элсэн суралцах сурагчдын хамран сургах тойргийн тушаал гарсан. Мөн элсэлтийн тушаал зургадугаар сарын 29-ний өдөр гарсан. Энэхүү тушаал удирдамжийн дагуу сургуулиуд бүртгэлийнхээ бэлтгэл ажлаа хангаад явж байна.
Хамгийн түрүүнд хамран сургах тойрогтойгоо холбогдож, тухайн тойрогт байгаа сурагчдын тоог урьдчилсан байдлаар авч анги танхимаа бэлтгэж байна.
Өнгөрсөн жилийг бодвол хүүхдийн тоо бараг хоёр мянгаар илүү байгаа учраас энэ жилээс ачаалал нэлээд ихсэх магадлалтай. Өнгөрсөн жилүүдэд хавар бүртгээд ерөнхий баримжаа авдаг байсан. Харин энэ жилийн хувьд намар бүртгэж байгаа учраас баримжаа сайн гараагүй байна.
Сургуулиуд авах ангиасаа 1-2 анги илүү авах магадлалтай гэсэн урьдчилсан тооцоог хийсэн. Бүртгэл 10 хоног явагдана. Энэ хугацаанд амжуулахаар ажиллана. Хавар бүртгэл явуулахаар намар ачаалал бага байдаг.
Одоо бол хөдөө, гаднаас шилжиж ирж байгаа гээд бүх ачаалал ихсэнэ. Элсэлтээс гадна шилжилт хөдөлгөөний асууд нэлээд их хийгддэг учраас Нийслэлийн боловсролын газрын тушаал дээр элсэлт болон шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэнг тус тусад нь томилж ажиллуулахаар болсон.Мөн хамран сургах тойрог нь 300-гаас дээш хүүхэдтэй газруудад таваас доошгүй бүртгэгч багшийг ажиллуулна” гэлээ.