| |
Видео
Шинэ мэдээ
Улсын Онцгой комиссын ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан Улсын Онцгой комиссын ажлын хэсэг долоо, наймдугаар сард тохиолдсон үерийн хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагаа өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, аймгуудын Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцаж, үүрэг чиглэл, заавар зөвлөмж өгч, нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор орон нутагт ажиллаж байна.
Ажлын хэсэг өнөөдөр Төв аймгийн Борнуур суманд ажиллалаа. Тус сумын нутаг дэвсгэрт өнгөрсөн долдугаар сарын 16-17-ны өдөр орсон усархаг борооны улмаас уруйн үер бууж, 100 айл өрхийн хашаа, байшин, 12 аж ахуйн нэгж, байгууллагын барилгын зоорийн давхар усанд автаж, 15 бог мал хорогдон, орон нутгийн чанартай "Шавартайн” гүүрийн тулгуур баганад суулт үүсч, сумын төвийн хатуу хучилттай 0.5 км зам эвдэрсэн байна. Энэ үеэр усанд автсан гурван айл, өрхийг нүүлгэн шилжүүлж, Улаанбаатар-Дархан чиглэлийн улсын чанартай автозам дээр үүссэн 45 тн лаг шороо, хог, чулууг цэвэрлэж, сэтэрсэн далан, эвдэрсэн замыг сэргээн засварлах ажлыг 100 гаруй хүн, 30 орчим техник хэрэгсэлтэйгээр гүйцэтгэжээ. Мөн "Шавартай гүүр”-ийг хаасантай холбогуудан Борнуур сумын чиглэлд түр зам барьж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажилласан. Цаашид Борнуур сумын төвийн 0,520 га авто замыг сэргээн засварлах ажлын 286,2 сая төгрөг, Шавартайн гүүрийг шинээр барих 1540,0 сая төгрөгийг шийдвэрлэж өгөхийг Улсын Онцгой комиссоос хүслээ.
Харин өвөлжилтийн нөхцөл байдлын талаар энэ онд аймгийн аюулгүй нөөцөд 380 тн өвс, 150 тн тэжээл, сумын аюулгүй нөөцөд сум бүр 100 тн өвс, 50 тн тэжээл нөөцлөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн хадлангийн 39 салаа Сэлэнгэ аймгийн Орхонтуул, Дорнод, Хэнтий аймагт гарч эхэлсэн. Түүнчлэн аймгийн хэмжээнд гар тэжээл бэлтгэх ажлыг бүх нийтийн аян болгон өрнүүлээд байгаа гэдгийг аймгийн Онцгой комиссоос мэдээлсэн юм.
Шадар сайд Ө.Энхтүвшин аймаг, орон нутгийн удирдлагуудад, Борнуур сумын эвдэрсэн гүүрийг орон нутгийн аж, ахуйн нэгж, байгууллага хямд өртөгөөр барьж байгуулах санал байгаа бол түүний тооцоог нарийвчлан гаргаж, тухайн аж, ахуйн нэгж, байгууллагаар баталгаа гаргуулан хийлгэх боломжийг судлан Улсын онцгой комисст танилцуулах, тохиолдож буй гамшиг, ослын нөхцөл байдал, өвөлжилтийн бэлтгэлийг хангахтай холбогдуулан төлөвлөсөн найр, наадам, олон нийтийн арга хэмжээг хязгаарлах, албан хаагчдын ээлжийн амралтыг зохицуулан, шаардлагатай албан тушаалтныг ажилд нь оруулах, үер усны аюулын эрсдэл буураагүй тул үер, гол усны ослоос урьдчилан сэргийлэх талаар анхааруулга, сэрэмжлүүлэг, сургалт сурталчилгаа зохион байгуулах зэрэг үүрэг чиглэл өглөө.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ЗТХЯ, ОБЕГ, МХЕГ, МЭЕГ-ын холбогдох мэргэжилтнүүд багтан ажиллаж байгаа бөгөөд наймдугаар сарын 16-20-ны өдрүүдэд Сэлэнгэ, Орхон, Булган, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай аймгуудад ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.