| |
Д.Амарбаясгалан: 60 тэрбумын асуудлын тухайд хариуцлага хүлээлгэх ёстой
МАН-ын II Бага хурал Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр боллоо. Энэ удаагийн Бага хуралд 300 гаруй төлөөлөгч оролцох ёстойгоос 200 гаруй хүрэлцэн иржээ. Бага хурлаар хоёр асуудал хэлэлцэнэ. Тухайлбал, УИХ-ын 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд оролцох эсэх асуудлыг шийднэ.
Үүнтэй холбогдуулан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Ингээд дараах асуултад хариулт авлаа.
-Хэнтийн нөхөн сонгуульд нэр дэвших асуудлаа танилцууллаа гэлээ. Танай намаас ямар ямар хүний нэрийг дэвшүүлэхээр ярилцсан бэ?
– МАН-ын дарга УИХ-ын 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд нэр дэвших асуудлыг танилцуулсан. Бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар нэр дэвшүүлэх, оролцох нь зүйтэй гэдэг шийдвэрийг гаргасан. Хуульд зааснаар нэр дэвшүүлэх үйл явц ирэх есдүгээр сарын 4-ний дотор хуралдаж, батлах ёстой. Маргаашнаас эхлээд Сонгуулийн ерөнхий хороонд бичиг өгч, сонгуульд оролцохоо илэрхийлээд явна. Үндсэн хуулийн Цэцтэй холбоотой асуудлыг бид анхааралтай ажиглаж байна. Үндсэн хуулийн цэц дээр үүссэн асуудлыг нэг мөр цэгцэлтэл манай нам сонгуульд оролцох бэлтгэлээ хангаад явна.
-Намын дарга У.Хүрэлсүх нөхөн сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэсэн. Энэ үнэн үү?
-УИХ-ын 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор илэрхийлээгүй.
-Ямар хүнийг нэр дэвшүүлэх бодолтой байгаа вэ?
-Нөхөн сонгууль зарласан цаг үеэс эхлээд өнөөдрийг хүртэл олон төрлийн судалгааг хийж ажиллаж байна. Манай намын тухайд гэвэл энэ тойрогт ялах бүрэн бололцоо байгаа. Намаас нэр дэвших боломжтой төр болон орон нутагт ажиллаж байгаа хэд хэдэн хүний нэр судалгаагаар гарч ирсэн. Гэхдээ нэр дэвшилт ирэх сарын 04-нд болно. Тэрнээс өмнө удаа дараагийн судалгаа хийж, намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж 42 дугаар тойргийг төлөөлөх боломжтой нөхрийг нэр дэвшүүлнэ гэж үзэж байгаа.
-60 тэрбумын хэрэгт холбогдсон хүмүүст хариуцлага тооцох ёстой юу. А.Ганбаатар, Ц.Сандуй хоёрыг намаасаа хөөнө гэсэн шийдвэр гаргасан гэсэн үнэн үү?
-Хяналтын ерөнхий хороо өнгөрсөн баасан гарагт хуралдсан. Гаргасан шийдвэрийнхээ албажуулсан тогтоолыг яг одоогийн байдлаар намын Удирдах зөвлөл дээр хараахан ирүүлээгүй байна. Өнөөдөртөө албажаад ирэх байх. Бидний зүгээс энэ шийдвэрийг гар дээрээ авсны дараа УЗ Бага хурлаа хийх асуудлыг нам дотроо шийдэж, шийдвэрлээд явна. Тэр 60 тэрбумын асуудлын тухайд хариуцлага хүлээлгэх ёстой. Гэхдээ ерөнхий нарийн бичгийн дарга дангаараа ганцаараа шийдэх асуудал биш.
Ганц 60 тэрбумтай асуудал гэхгүйгээр ер нь намын хариуцлага, нэр хүндээ алдаж байгаа, ёсзүйгээ ухамсарлахгүй байгаа нөхдүүдтэй шат шатандаа хариуцлага тооцох нь намын зорилго юм.
-Намын дүрмээр ямар тохиолдолд бага хурлын гишүүдийг хөөх ёстой вэ?
-Намын дүрмээр бага хурлаас гарсан тооцогдох хэд хэдэн заалт бий. Дүрмээр хүлээсэн үүргээгээр бол хамгийн түрүүнд бага хуралд идэвхтэй оролцох ёстой асуудал. Бага хурлын гишүүний татварыг хугацаандаа төлөх, намынхаа нэр хүндийг өндөрт өргөж, хариуцлагатай ажиллах ёстой гэсэн шаардлага тавигдаж байдаг.
-Нам дотроо эв нэгдэлгүй болж эвдрэлцэж эхэллээ гэсэн мэдээлэл их гарах боллоо. Намын генсекийн хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Улстөрийн намын гишүүн болж, энэ намыг төлөөлж аливаа шатны сонгуульд нэр дэвшсэн сонгуульт албан тушаал хашиж байгаа этгээдүүд тодорхой хэмжээнд өөрийнхөө эрхийг хязгаарлуулж явдаг гэдгийг санаж явах хэрэгтэй. Намынхаа дотоод эв нэгдлийг хангахын тулд бид нар зарим алдаа дутагдлыг хараад хэлэхгүйгээр хэлээ хазаад өнгөрч болохгүй. Нийгэм бухимдал үүсгэж, олон нийтийн дургүйцлийг хүргэж байгаа намын гишүүдийн санаатай болон санамсаргүй гаргасан алдаа дутагдлыг засч явна.