| |
Видео
Шинэ мэдээ
Төрийн тусгай албаны үнэлэмжийг Г.Баасан тогтоох уу?
Төрийн алба үнэгүйдэж, нэр хүнд нь тогтмол уруудсаар "гудамжны хуульч" төрийн толгойд суух цаг ирж магадгүй бололтой. Х.Баттулга Ерөнхийлөгч болсноосоо хойш АТБ-ын даргыг солих хүсэлтэйгээ ил, далд илэрхийлсээр ирсэн. Зургаан жилээр албан үүргээ гүйцэтгэх хуулийн хугацаатай одоогийн дарга Х.Энхжаргалыг шалтгаангүйгээр аваад хаячихаж арай л чадахгүй байгаа тэрбээр Ахмадын холбооны дарга Г.Баасангаар бадар бариулж эхэллээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт "АТГ-ын дарга Х.Энхжаргал ажлаа хийж чадахгүй байна, энэ хүнийг цаг алдалгүй солих шаардлагатай гэж ард түмэн надад захиалга өглөө" хэмээн сүр дуулиантайхан хэвлэлийн хурал хийсэн. Харамсалтай нь, түүний ярьсанд ард түмэн, олон нийт гэх эзэн биегүй үг давамгайлж байсан болохоос нүдэнд харагдах ганц ч баримт байгаагүй. Гэсэн атлаа даварсаар "Монголын ард түмэн итгэл найдвар хүлээлгэж, АТГ-ын дарга болгоё гэвэл би татгалзахгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-аас Монгол Улсыг авлигагүй байлгая гэсэн хүсэл эрмэлзлийн дор надад итгэл хүлээлгэвэл би ажиллана. Би бүх шалгуурыг хангаж байгаа" хэмээн ярилцлага өгсөн нь өнөөдөр ч олон нийтийн сүлжээнд олны элэг доог болсоор байна. АТГ бол Монгол Улсыг авлигаас ангид байлгах үндсэн үүрэгтэй байгууллага төдийгүй төрийн тусгай алба. Энэ ч утгаараа өнгөрсөн хугацаанд энэ албыг тэргүүлж явсан эрхмүүдийг нэрлэвэл бүгд л Монголын толгой хуульч, шүүгч байв. Өөрөөр хэлбэл, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс энэ албыг тэргүүлж ирсэн. Төрийн мэргэшсэн, тусгай албанд хэн дуртай нь очоод суучихдаггүйг та бид практикаас хангалттай харж байгаа. Гэтэл хэн дуртай нь төрдөө тэрсэлж, үнэлэмж хэм хэмжээг алдагдуулж буйн бодит жишээ Г.Баасан болов. Хэдийгээр түүний хувьд хуульч гэгддэг ч гудамжинд жагсч явснаас гавихгүй намтартай хүн АТГ-ыг удирдана гэдэг төрийн тусгай албаны үнэлэмжийг гишгэлсэн хэрэг болох биз. Төв талбайд хоолой мэдэн хашгирч, жагсаал цуглаанд оройлж явсан нэгэн төрийн тусгай албыг толгойлдог болчихвол та бид үр хүүхдэдээ боловсрол эзэмшүүлэх гэж байдгаа барахын хэрэг байна уу.
М.Өнөрөө
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин