| |
Севол хөлгийн ахмадад цаазын ял оноохоор төлөвлөж байна
Өмнөд Солонгосын прокурорууд өнгөрөгч дөрөвдүгээр сард осолдож 300 гаруй хүний аминд хүрсэн Севол хөлгийн ахмадад цаазаар авах ял төлөвлөж байгаа тухай "BBC” агентлаг мэдээллээ.
Севол хөлөг осолдсоноос хоёр сарын дараа буюу зургаадугаар сард хөлгийн ахмад Ли Жун Сеокыг шүүх хурал эхэлсэн юм. Олон нийтийн зүгээс даацнаас хэтэрсэн их ачаа ачиж явснаас үүдэн осол гарсан төдийгүй Засгийн газар хүүхдүүдийг аврах ажиллагааг хангалттай хэмжээнд зохион байгуулаагүй гэсэн шүүмжлэл маш их ихээр гарч байгаа билээ.
Үүний зэрэгцээ хөлөг онгоцыг залж явсан багийн гишүүд туршлагагүй байсан гэх шүүмжлэлийг өгч байгаа аж. Мөн ослоос амьд гарсан сурагчид хөлөг онгоц живж байхад хөлгийн багийнхан хүүхдүүдийг хөлөг дээр үлдэхийг шаардсан тухай мэдүүлсэн нь олон нийтийн зүгээс хөлгийн гишүүдийг буруутгахад хүргээд байна.
"AFP” агентлаг Өмнөд Солонгосын прокурорууд хөлгийн ахмадыг зорчигчдыг аврахын оронд амиа хоохойлон зугтсан төдийгүй өөрийнхөө хийсэн хэргийг дарагдуулахын тулд худал хэлсэн учраас цаазаар авах ял оноох нь зүйтэй гэж үзэж байгаа тухай мэдээлжээ. Харин хөлгийн бусад гишүүдэд бүх насаар нь хорих ял, зарим гишүүдэд 15-30 жилээр хорих ял оноох магадлалтай байгаа гэнэ. Өмнөд Солонгост 1997 оноос хойш цаазын ял гүйцэтгээгүй билээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-нд живсэн Севол онгоц дээр 476 хүн зорчиж байсан бөгөөд тэднээс 172 хүн амьд гарсан юм.