|
Видео

Шинэ мэдээ

Төсвийн мөнгөөр байшин барихаа л больчих

Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцроод долоо хоног өнгөрөв. Дараачийн Засгийн газрын эзэн тодорхойгүй хэвээр. Арай гэж нэг Ерөнхий сайдаа буулгасан МАН-ынхан дараачийнхаа эрэлд мордов. Хуулийн хугацаагаа дуустал (Засгийн газраа байгуулж чадахгүй 45 хоновол УИХ өөрөө тарна) энэ хэвээрээ манарч ч магадгүй. Сураг сонсох нь ээ, Ж.Эрдэнэбатыгаа "Морь унасан толгойгүй хүн” гэж гоочилсоор байгаад унагасан МАН-ын бүлэг дахиад нэг "тахир дутуу” засаг байгуулах гэж байгаа бололтой. Намын дарга, Ерөнхий сайд хоёроо тусад нь томилно гэх шив. За тэр ч яах вэ, 65 суудалтай нам "лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү” маньд падгүй болж байгаа юм биз.

 

Харин дараачийн Засгийн газраас нэг л юм гуйя, дандаа мөнгөнд дургүй хүмүүс нь засагт орох юм гэнэ лээ. Аз болоход...
Угаасаа бодлого нь тодорхойгүй, хаашаа яаж явахаа ч тодорхойлж амжаагүй байгаа шинэ Засгийн газарт ганцхан бодлого санал болгоё. Төсвийн мөнгөөр байшин барихаа л больчих.

 

2012 онд Н.Алтанхуягийн Засгийн газар байгуулагдаад Монголын хүүхэд нэг бүрийг алгасалгүйгээр сургууль, цэцэрлэгт хамруулъя, бага, дунд боловсролыг үнэ төлбөргүй олгоё гэвэл өмнө байсан дээрээ дахиад 600 цэцэрлэг, 300 гаруй сургууль барих хэрэгтэй. Үүнд нь 1.7 их наяд төгрөг хэрэгтэй гэдэг тооцоог танилцуулж байсан. Үүнээсээ тун цөөхнийг барьсан байх, тэгсхийгээд мөнгө нь ч дууссан. Сая хичээлийн шинэ жил эхлэхэд дахиад л нөгөө сургууль, цэцэрлэгийн барилга дутуу, ор, суудал нь хүрэлцэхгүй гэсэн хэрүүл зарга үргэлжилсэн. Улсын цэцэрлэгт хүүхдээ өгөхийн тулд цэвэрлэгчид нь сая төгрөгийн хахууль өгч байгаа тухай ч сонсогдож л байсан.

 

2007 онд улсын хэмжээнд 40 мянган хүүхэд шинээр төрсөн, түүнээс хойш энэ тоо жил тутам нэмэгдсээр одоо 100 мянгад хүрээд байгаа. Дахиад арван жил болоход сургууль, цэцэр­лэгийн ачаалал одоогийнхоос хоёр дахин нэмэгдэнэ. Гэх­дээ тэр дутууг дүүргэж байна гээд төсвийн мөнгөөр байшин барьж л болдоггүй юм шүү. Барина аа л гэвэл тендер зарлана, тен­дерийн мөнгөний хэдэн хувь нь хэний халаас руу ордгийг олон нийт эрх биш гадарлах болсон. Дөнгөж саяхан Засгийн газ­рыг хөмрүүлсэн 800 тэрбумаас нэг их хол очихгүй л болов уу.

 

Тиймээс хэрвээ төсөвт мөнгө байж гэмээн тэр мөнгөөрөө байшин барихын оронд баригдчихаад зарагдахгүй байгаа барилгуудаа түрээсэл. Түрээсэлсэн байшиндаа төрийн байгуул­лагуудаа, сургууль цэцэрлэгтэйгээ оруул. Баахан мөнгө барилга руу хийж түгжээд жил болгон тодотгол хийгээд явж байснаас хамаагүй үр ашигтай, хямд тусна.

 

Ядаж л төрийн нарийн бичиг, Засаг дарга нар чинь авлигын хэргээр аавын хаалга татаад байхгүй ажлаа тайван хийцгээнэ шүү дээ. Тиймээс төсвийн мөнгөөр байшин барьдаг, төр өөрөө худалдан авагч болдгоо л больчих. Барилга бариад, барьсан барилгаа халаах гэж уурын зуух бариулаад, уурын зуухандаа галч авч, галчийнхаа цалинг бодохын тулд нягтлангийн орон тоо нэмээд байвал төсөв чинь улам л тэлээд, тэрнийх нь дарамт иргэн дээр туссаар л байх болно.

 

Үүн дээр харин Л.Оюун-Эрдэнэ гишүүний хэлсэн ганц үгийг гараа өргөөд дэмжье. Төсвийн мөнгөөр цэцэрлэг, сургууль барихаа зогсоо. Эрхэм гишүүн ч гэсэн хэлсэн, ярьснаа ажил хэрэг болгоорой доо. Энэ Засгийн газрыг огцруулахад өөрийн тань хувь нэмэр их байсан шүү. Тиймээс огцруулахдаа нэг юм яриад, огцруулсан хойноо нэг юм яриад, байгуулах гэж нэг юм яриад, байгуулсан хойноо бас нэг өөр юм яриад байж л болохгүй!

 

ЭХ СУРВАЛЖ: MMINFO.MN

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler