| |
Видео
Шинэ мэдээ
АНУ алсын тусгалтай цөмийн далавчит шинэ пуужинтай болно
ВАШИНГТОН./TASS/. Америкийн Агаарын цэргийн хүчин стратегийн зэвсэглэлд зориулан алсын тусгалтай цөмийн далавчит шинэ пуужин зохион бүтээх гэрээ байгуулжээ. Пентагоны хэвлэлийн албаны мэдээлснээр, тус бүр 900 сая долларын үнийн дүн бүхий хоёр гэрээг "Lockheed Martin”, "Raytheon” корпорацуудтай байгуулжээ.
Гэрээний нөхцлийн дагуу дээрх хоёр компани ирэх 4,5 жилийн хугацаанд агаарын байрлалын алсын тусгалтай цөмийн далавчит шинэ пуужинг зохион бүтээх ёстой ажээ. Зохион бүтээсэн бүтээгдэхүүнийг харьцуулан дүн шинжилгээ хийсний дараагаар шинэ пуужин үйлдвэрлэх гэрээг тусд нь байгуулах юм. Агаарын цэргийн хүчин нийтдээ 1000 нэгж ийм далавчит пуужин худалдаж авахаар төлөвлөж байгаа ба энэ хөтөлбөрт нийтдээ 10 тэрбум доллар зарцуулах аж. Дээрх пуужингуудыг бүгдийг нь цөмийн цэнэгт хошуугаар тоноглохгүй ба тэдгээрийн заримыг нь туршилт хийхэд ашиглах, заримыг нь нөөцөнд авах ажээ.
АНУ-ын Агаарын цэргийн хүчний мэдээлснээр, Батлан хамгаалах яам дээрх зэвсэглэлийг 2020 оны эцсээр зэвсэглэлд нийлүүлж эхэлнэ гэж тооцоолж байгаа юм.. Эдгээр пуужингуудыг В-52, В-2, В-1 стратегийн бөмбөгдөгч нисэх онгоц дээр байрлуулах зориулалттай ажээ. Үүнээс гадна, "Northrop Grumman” компанийн одоо үйлдвэрлэж буй В-21 стратегийн хүнд даацын бөмбөгдөгч нисэх онгоц дээр суурилуулах боломжтой аж.
О.Барс
Эх сурвалж: Монцамэ агентлаг