| |
Видео
Шинэ мэдээ
АНУ БӨМБӨГДӨГЧ ОНГОЦОО СӨҮЛ РҮҮ ИЛГЭЭВ
БНАСАУ өнгөрсөн долоо хоногт тав дахь цөмийн зэвсгээ туршсан. Орон нутгийн эх сурвалжийн мэдэгдсэнээр энэ туршилтаар Пхеньяны цөмийн мэргэжилтнүүд баллистик пуужинд тохирох цөмийн хошууг бий болгож чадсан гэх. Харин эдүгээ дахин цөмийн зэвсэг туршихаар бэлтгэлээ базааж буйг АНУ, БНСУ-ын тагнуулынхан олж мэдсэнээр Солонгосын хойгийн байдал түгшүүртэй болж эхлээд байгаа юм.
Тэгвэл өчигдөр АНУ стратегийн бөмбөгдөгч онгоцоо Сөүл рүү илгээжээ. АНУ, БНСУ-ын цэргийн албаны эх сурвалж "Олон улсын нийгэмлэгийг эрээ цээргүйгээр үл тоож буй Пхеньяныг нухчин дарахын тулд цэргийн ажиллагааг бэхжүүлэх шаардлагатай болсон” гэдгийг ондолсон байна.
Орон нутгийн цагаар өчигдөр өглөөний 10.00 цагийн үед өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотоос 65 км-т байрлах цэргийн баазад АНУ-ын стратегийн бөмбөгдөгч B-1B загварын хоёр онгоц газардсан байна. Онгоцыг хүлээн авах ёслолд БНСУ-ын цэргийн штабын генерал И Сүн Жин, АНУ-аас тус улсад суух АНУ-ын армийн генерал Винсент Брук нар оролцож, хамтарсан хэвлэлийн хурал хийжээ.
Хэвлэлийн хурлын үеэр ВинсентБрук "АНУ холбоотноо хамгаалах үйлсээс хэзээ ч няцахгүй” хэмээн онцлон тэмдэглэсэн байна. Харин БНСУ-ын цэргийн генерал И олон улсын нийгэмлэгийг үл тоож буй Пхеньяны эсрэг цэргийн үйл ажиллагаагаа чангатгах хэрэгтэй болсныг учирлаж байжээ.
Нөгөө талаар, БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хе өчигдөр өглөө Засгийн газрын албан тушаалтнуудтай хийх уулзалтынхаа үеэр "Хойд Солонгосын ард түмэн өлсгөлөн, ядууралд нэрвэгдэн өдөр хоногийг арайхийн өнгөрүүлж байхад Пхеньяны дэглэм энгийн нэг тэмдэглэлт өдрийг тохиолдуулан салюттай адил цөмийн зэвсэг бүтээж туршиж байна” гэж хэлжээ.
Энэ сарын 9-нд БНАСАУ-ын тусгаар тогтсоны тэмдэглэлт өдөр тохиосон бөгөөд энэ өдөр Пхеньян тав дахь цөмийн туршилтаа гүйцэтгэсэн юм. Түүнчлэн, БНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч "Өмнөд Солонгосын Засгийн газар болоод цэргийн арми АНУ-тай Батлан хамгаалахын салбарт илүү нягт хамтран ажиллах бөгөөд Пхеньян манай хилийг чиглүүлэн цөмийн хошуугаар цэнэглэгдсэн нэг л баллистик пуужин харвах юм бол хормын төдийд БНАСАУ-ын дэглэмийг төгсгөл болгоно гэсэн дайны бэлэн байдлаа хадгалах хэрэгтэй”-г сануулжээ.
Сөүлд газардсан B-1B нь цөмийн зэвсгээр тоноглох боломжтой стратегийн бөмбөгдөгч онгоц бөгөөд БНАСАУ тав дахь удаагийн цөмийн туршилт хийсэнтэй холбогдуулан Гуам дахь цэргийн баазаас тус улсад иржээ. Үүнээс гадна Японд цэргийн сургуулилтад хэрэглэгдэж буй F2 байлдааны хоёр хөлөг тун удахгүй Солонгосынхойгруу нисэх юм байна. Мөн БНСУ F15 сөнөөгч онгоцоо ч бэлэн байдалд шилжүүлж, БНСУ, Япон, АНУ гэсэн гурван улс батлан хамгаалахын салбарт хамтарч буй ажээ.
Монголын мэдээ
Б.Даваахүү