| |
СОЛОНГОСЫН ХОЙГ “ДАЙНЫ БЭЛЭН БАЙДАЛ”-Д ШИЛЖЛЭЭ
БНАСАУ өнгөрсөн долоо хоногт тав дахь цөмийн зэвсгээ туршсан. Орон нутгийн эх сурвалжийн мэдэгдсэнээр энэ туршилтаар Пхеньяны цөмийн мэргэжилтнүүд баллистик пуужинд тохирох цөмийн хошууг бий болгож чадсан гэх. Тэгвэл эдүгээ дахин цөмийн зэвсэг туршихаар бэлтгэлээ базааж буйг АНУ, БНСУ-ын тагнуулынхан олж мэдсэнээр солонгосын хойгийн байдал түгшүүртэй болж эхэллээ.
БНСУ-ын Батлан хамгаалах яамнаас өчигдөр хэвлэлийн хурал зарлаж, солонгосын хойгийн байдал урьд өмнө нь байгаагүй хамгийн муу төвшинд хүрснийг онцолжээ. Пхеньян тав дахь удаагийн цөмийн зэвсгээ туршсантай холбогдуулан Сөүл онц байдал зарлаж, ажиглалтаа чангатгаж БНАСАУ-ын цөмийн мэргэжилтнүүдийн алхам бүрийг хянаж байгаа юм.
Өнгөрсөн баасан гарагт Ким цөмийн зэвсгээ туршсаны дараа БНСУ-ын Батлан хамгаалахын сайд парламентын хуралдаан дээр "Энэ удаа цөмийн зэвсэг туршсан талбайгаас өөр талбайд тэд бэлтгэл базааж байгааг үнэлж тогтоосон” хэмээн мэдэгдсэн юм. Тэрбээр мөн БНАСАУ-ын зүүн хойд этгээд дэх Умар Хамгён аймгийн Пункёри гэх газар дахь талбайд шинээр цөмийн зэвсэг туршихаар бэлтгэлээ базааж байгаа тухай дурьдаж, анхааруулжээ.
Тэгвэл өчигдөр тус яамны төлөөлөгч Мүн Сан Гюн салбарын сайдын хэлсэн үгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хэвлэлийнхэнд өгсөн байна. Тодруулбал, Хойд Солонгос хамгийн анхны цөмийн зэвсгийн туршилтаа нэгдүгээр тунельд гүйцэтгэсэн бол 2-5 дахь туршилтыг хоёр дахь тунельд туршчээ. Харин эдүгээ хоёр дахь тунелийн ойролцоо буюу өөр талбайд цөмийн туршилт хийхээр бэлтгэж байгаа аж. Иймээс Өмнөд Солонгосын цэргийнхэн Пхеньяны цөмийн зэвсэг ашиглан түрэмгийлж болзошгүй аюулаас сэрэмжлэн бүх бэлтгэлийг ханган дайны бэлэн байдалд шилжиж, ажиглалтаа чангатгажээ.
Гэхдээ хамгийн ноцтой нь БНСУ-ын Батлан хамгаалах яам Пхеньяны цөмийн зэвсэг туршсаныг эсэргүүцэн хариуг нь барих зорилгоор ирэх сарын 10-наас эхлэн зургаан өдрийн хугацаанд Солонгосын хойгийн шар тэнгист цэргийн сургуулилт хийхээр болсон явдал байв. Солонгосын хойгт үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэхдээ цэргийн албаны эх сурвалж энэ талаар онцолсон байна.
Энэхүү цэргийн сургуулилтыг АНУ, БНСУ-ын тал хамран зохион байгуулах бөгөөд АНУ-ын талаас нисэх онгоц тээвэрлэгчүүд ч мөн оролцох ажээ. Түүнчлэн, ойрын хугацаанд АНУ-ын стратегийн бөмбөгдөгч онгоц Солонгосын хойг тийш хөдөлнө гэдгийг албаныхан онцолжээ. Өнгөрсөн наймдугаар сард Солонгосын хойгт АНУ, БНСУ-ын түүхэнд байгаагүй томоохон хамтарсан цэргийн сургуулилт зохион байгуулагдаж байсан бөгөөд энэ үед Пхеньяны зүгээс "АНУ цэргийн өдөөн хатгалга” явуулж байгааг онцлон даруй зогсоохыг сануулж байсан. Түүний дараа Японы тэнгисийн зүг баллистик пуужин харваж анхааруулга өгч байсан билээ.
Хоёр Солонгосын байдал хурцадсан энэ үед АНУ дахин БНСУ-тай хамтарсан цэргийн сургуулилт хийснээр хойгт урьдчилан тооцоолоогүй нөхцөл байдал үүсч болзошгүй байна. Үүнээс гадна Пхеньян дараагийн туршилтаа хэзээ хийх, тус зэвсэг нь хэр хор хөнөөлтэй болох нь БНСУ төдийгүй, бүс нутгийнхныг айдаст автуулж байгаа юм. Нөгөө талаар, өнөөдрөөс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан эхэлнэ. Энэ хуралд БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд оролцох бөгөөд тэрбээр хуралдаан дээр улсаа төлөөлөн тайлбар хийх аж. Зарим ажиглагчдын таамаглаж буйгаар Ли сайд Пхеньяны цөмийн туршилт "АНУ-ын цөмийн аюулын эсрэг арга хэмжээ” хэмээн онцолж, цөмийн туршилтаа зөвтгөхөөс гадна цөмийн зэвсгийн хөгжүүлэлтийн талаар мэдээлэх гэнэ.
Монголын мэдээ
Б.Даваахүү