| |
МОНГОЛ АДУУНЫ СТАНДАРТЫГ ЗӨВ ТОГТООЁ
Энэ жилийн төрийн их баяр наадамд тоосоо өргөсөн хурдан морьдын 100 биш гэхэд 90 хувийг нь эрлийз, монголоор нь ялгаж уралдуулав. "Монгол морь хурдалж, жирийн уяачийн магнай тэнийсэн наадам байх болно” гэсэн Шадар сайд У.Хүрэлсүхийн шийдвэр яагаад 100 хувь хэрэгжсэнгүй вэ. "Эцэг, дээдсээс өвлөсөн унаган адуунаасаа шилж сойсон шандаст хүлгийг минь эрлийз гээд хасчихлаа” гэж хөдөөгийн эгэл уяач юуны учир нулимс дуслуулав. Энэ бүхэн эрлийз, монгол морьдыг ялгаж уралдуулах санал, санаачилга зөв ч хэрэгжүүлэх талаас эргэцүүлэх зүйл байгааг харуулж байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн наадмаар морины шүдлэлт, үүлдэрлэг байдлыг чанд хатуу шалгасан ч тэр дунд алдаа байсан нь үүнээс харагдана. Тэгвэл цаашид энэ алдааг яаж засах вэ, хурдан морины уралдааныг хэрхэн зохион байгуулах вэ, эрлийз, монгол адууг яаж ялгаж тогтоох вэ. Хэн энэ ажлыг хийж чадах вэ, ямар шалгуурыг хангасан хүмүүст хариуцуулах вэ.
Үүнийг шийдэх ганц зүйл нь монгол адууны стандартыг зөв тогтоох юм. Стандарт гэдэг аливаа зүйлийг тогтмол чанар. Монгол адууны стандартыг зөв тогтоож ягштал баримталсан байхад жинхэнэ монгол адуу хардлага сэрдлэгт өртөж уралдаанаас хасагдахгүй, эзэд нь яаж ч хахуульдсан эрлийз нь орохгүй. Ийм л байна.
Морь эртнээс монгол хүний нөхөр байж ирсний хувьд уламжлалт жишиг, тогтоосон хэмжээ байж л таарна. Харин тэр уламжлалаа хадгалж зөв тогтоож чадсан адууны стандарт манайд байна уу. Байдаг бол хэр судалгаатай, үндэслэл, тооцоолол сайтай болж чадсан бэ. Түүнээ мөрддөг бол наадам болгоноор эрлийз, монгол морьдыг хольж уралдуулсан гэх хэл ам гараад баймааргүй.
Хурдан морины уралдааныг өмнөх жилүүдэд хэрхэн зохион байгуулж ирснийг үзвэл 2011 онд Шадар сайд М.Энхболдын тэргүүлсэн Баяр наадам зохион байгуулах хороо "Дөрвөн их ой давхацсан баяр наадмыг сайн зохион байгууллаа. Энэ наадмаар анх удаа монгол, эрлийз морьдыг тусад нь уралдуулсан” хэмээн Засгийн газраас "А” үнэлгээ авч сайшаагдаж байж. Ингэхдээ 1-2 дугаар үеийн эрлийз адууг монгол адуутай хольж уралдуулахгүй байхаар тухайн үедээ шийдвэрлэж байжээ. Харин цаашид хурдан морины уралдаан зохион байгуулах явцад гарсан зөрүүтэй ойлголтыг нэг мөр шийдэх үүднээс монгол адууны стандарт, тодорхойлолтыг дахин шинэчлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байдаг. Энэ асуудал ММСУХ, уяач, судлаач, малчдын дунд маргаантай байсаар 2014 оны наадмын өмнө монгол адууны шинэ стандартыг баталсан. Ингэхдээ олонхийн саналаар сэрвээний өндрийг гол үзүүлэлт болгон эрлийз, монгол адууг ялгах ерөнхий чиглэлийг тогтоожээ. Эндээс эхлэн эрлийз, монгол адууг хольж уралдуулах "но”-той эхлэл тавигдаж, хэл ам тасрахгүй явж ирсэн гэж болно. Эрлийз адуу нь хөлийн хурд сайтай. Хөлийн урт нь монгол адуунаас 20-30 см-ээр илүү учраас харайхдаа тэр хэмжээгээр илүү зай авдаг, улмаар наадамд түрүүлдэг. Нөгөө талаас, эрлийз адууны уралдааныг хүмүүс төдий л таашааж сонирхдоггүй. Гэтэл эрлийз адууг алдар, цолтой том уяачид л оруулж ирж морьдынхоо цусыг сэлбэж сайжруулсан байдаг. Түүнийгээ жирийн уяачийн цагаан өвсний морьдтой уралдуулж түрүүлгэн төрийн наадамд торгон жолоог нь өргүүлж, өөрөө нэр алдарт хүрч ирсэн байх жишээтэй.
Манай улс уяач олонтой. Жилдээ болдог наадамд ганцхан өдөр 120 -130 мянган адуу уралдуулж өргөн дэлгэр нааддаг нүүдэлчдийн удам. Гэтэл монгол адуугаа судалсан нь цөөхөн юм. Судалгаа, шинжилгээ хийдэг хүн ч ховор. Тэд Монголд адуу судлал хангалттай хөгжөөгүй гэж хэлдэг юм билээ. Цаашид жилдээ ганц болдог наадмаа хэл амгүй хийж, ард түмнээ магнай тэнэгэр наадуулахын тулд монгол адууны стандартыг зөв тогтооё. Нөгөө талаас, монголчууд хурдан морь уралдуулж нааддаг уламжлал хэзээ ч тасрахгүй учраас морь шүдлэх, эрлийз, монголоор ялгах аждыг гардаж хийдэг хурдан морины салбар хороонд ажиллах мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх ёстой. Танил тал харах, уяачдын ярьж буй ханшаар бол 1-2 сая төгрөгийн хахууль авч эрлийз морь оруулах зэрэг явдалд цэг тавих үүднээс хариуцлагын асуудлыг ч тодорхой болгох хэрэгтэй. Мөн зарим судлаач, мэргэжилтнүүдийн хэлдэгчлэн адуугаа хурдны болоод мах, сүүний чиглэлээр бүсчилж хөгжүүлж болно шүү дээ. Гагцхүү энд төрийн бодлого л дутагдаж байна. Төр бодлого гаргаж байна гээд бас хэдэн уяач, уяачдын бүлэглэл нийлээд "Монгол адууг сэрвээний өндрөөр хэмжинэ” гэсэн стандарт гаргаад шийдчихсэн шиг юм хийж бас болохгүй ээ.
Д.Самданжамц: БИ 2010 ОНД БАТАЛСАН СТАНДАРТЫГ ЗӨВ ГЭЖ ҮЗДЭГ
/Монгол Улсын гавьяат мал зүйч, адуу судлаач/
-Манай улс адууг сэрвээний өндрөөр нь тогтоосон 2014 онд баталсан стандартаар хурдан морины уралдаан зохион байгуулдаг. Та тухайн үед шийдвэрийг эсэргүүцэж байсан. Одоо байр суурь өөрчлөгдсөн үү, эсвэл?
-Би тэр шийдвэрийг эсэргүүцэж байсан. Гэсэн ч олонхийн саналаар сэрвээний өндрийг харгалзан эрлийз, монголоор нь ялгах ерөнхий чиг гарсан юм.Түүнд үндэслээд ММСУХ цөөн хүн томилон шинэ стандарт гээчийг боловсруулсан байдаг. Тэр журмын дагуу бол салбараа сайн мэддэг, адуу малыг олон жил судалчихсан, мэргэжлийн хүмүүсийг саналыг тусгаж, эрдэм шинжилгээний хурлаар төслөө оруулж хэлэлцүүлэх ёстой. Түүний дараа стандартыг баталдаг. Гэтэл тэр шинэ стандарт нь дүрэм журмын дагуу явагдаагүй зүйл.
-Тэгвэл 2010 онд баталсан стандарт хүчин төгөлдөр гэсэн үг үү?
-MNS40992010 гэсэн тэр стандарт одоо ч хүчин төгөлдөр хэвээр байгаа. Бүгдийг судалгаа шинжилгээний үндсэнд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоож баталсан. Үүнээс өмнө зөвхөн монгол адууны стандартыг баталсан байсан бол сүүлд бусад омгуудын адууг нэмж оруулснаараа давуу талтай. Энэ нь ямар учиртай вэ гэхээр гол нь үржлийн зориулалтаар худалдах, борлуулахад зориулсан статистик мэдээлэл юм. Ер нь стандарт чинь голдуу тийм л зориулалтай байдаг шүү дээ. Манайх уралдааны морины стандарт гэсэн шинэ нэр томъёо гаргаад ирчихсэн. Гэтэл дэлхийн бусад орны жишгийг харж байхад Араб, Англи гэх мэтчилэн адууны үүлдэр тус бүр дээр стандарт гаргадаг. Гэтэл манай уяачид адуугаа сайжруулж байна гээд Арабын эрлийз, Английн эрлийз, Будённый, Доннын эрлийз гээд бүгдийг нь хольчихсон. Түүнийгээ монгол адуутай хольж уралдуулах гээд зүтгээд байдаг. Үүнээс үүдэж, янз бүрийн будлиан, хэл ам гарч ирсэн. Сая наадмаар Шадар сайд үүрэг өгч сайтар ялгаж уралдуулах шиг болсон. Гэхдээ тэр дотор ганц нэг монгол адуу хэлмэгдсэн тал байх шиг байна лээ.
"АДУУНЫ СТАНДАРТЫГ СЭРВЭЭНИЙ ӨНДРӨӨР ТОГТООЖ БОЛОХГҮЙ”
Адуу судлаач, доктор Г.Төмөрхадууртай холбогдож энэ сэдвээр ямар бодолтой байдгийг тодруулахад "Стандарт гэдэг үг нь тогтмол чанарыг илэрхийлдэг. Хэрэв тэр нь хувьсамтгай байвал стандарт гэж үзэх ёсгүй. Нөгөө талаас стандартыг баталдаг журам гэж байна. Хэн дуртай хүн гүйж очоод стандарт батлуулаад байвал улс орны тусгаар тогтнолд ч аюултай. Нөгөө талаас стандартаар батлагдаж байгаа объектоосоо хамаарч стандарт батлуулах арга, журам ч өөр байх ёстой. Гэтэл мэргэжлийн ямар ч байгууллагын оролцоогүйгээр стандартын байгууллага гээч юм монгол адууны стандартыг сэрвээний өндрөөр хэмжиж тогтоосон дэлхийд байхгүй тэнэг жишиг манайд бий болсон. Жишээлбэл, өндөр намаар хэмжих юм бол Өндөр Гонгор монгол хүн биш үү, М.Даваажаргал монгол хүн мөн үү гээд асуулт гарна биз дээ. Тиймээс монгол адууны стандартыг сэрвээний өндрөөр тогтоож болохгүй. Би үүний эсрэг 10 жил тэмцэж ирлээ” хэмээн нэлээн бухимдангуй байр сууриа илэрхийллээ.
Зууны мэдээ
Ч.Үл-Олдох