| |
Гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын хүрээнд 1008 айлын орон сууцыг барина
Өнөөдөр БХБЯ, Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газраас Сүхбаатар дүүргийн ес, арав дугаар хороонд баригдах "Түр оршин суух 1008 айлын орон сууц" буюу "Ногоон нуур" орон сууцны барилгын шавыг тавих ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Гадаад Харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, УИХ-ын гишүүн С.Батболд, БХБ-ын төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар болон бусад зочид төлөөлөгчид оролцсон юм.
"Түр оршин суух 1000 айлын орон сууц”-ны барилгын төслийг хэрэгжүүлэхэд Барилга, хот байгуулалтын яамнаас барилга байгууламж, дэд бүтцийн төлөвлөлтийн асуудлыг шийдвэрлэн, Хотын захиргаанаас газрын асуудлыг шийдвэрлэж оролцож байгаа бол Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газраас иргэдтэй уулзалт зохион байгуулж, зөв мэдээллийг өгөх, газар чөлөөлөх, газар чөлөөлсөн айл өрхийг түр орон сууцанд хамруулах ажлыг гардан хийх ажээ.
Нийслэлийн Гэр хороолын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар " Түр оршин суух 1000 айлын орон сууц” буюу "НОГООН НУУР " орон сууцны барилгын ажил шав тавих ёслолын үйл ажиллагааг Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газраас зохион байгуулж байна.
Дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд нийслэлд 70 мянган айлын орон сууц баригдах бөгөөд өнгөрсөн хугацаанд 3000 айлын орон сууц ашиглалтанд орсон. Энэ жил дахин 2000 айлын орон сууцыг ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн байна. Үүнтэй холбогдуулан шугам сүлжээний асуудлуудыг БНХАУ-ын хоёр тэрбум юанийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэхээр боллоо. 2020 он гэхэд 20 мянган айлын орон сууц ашиглалтанд орно гэсэн тооцоо байна.
Түр оршин сууршин 1000 айл орон сууц төслийг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Өвөрмонголын өртөө засаг орны Бугат хотын захиргаа хэрэгжүүлнэ. Төсөлд төлөвлөлтийн талбайд одоо суурьшиж байгаа 113 нэгж талбарыг эзэмшигч, өмчлөгчид газраараа барьцаалан эхний ээлжийн орон сууцанд орох бүрэн боломжтой юм" хэмээв.
5.3 га газарт "Түр оршин суух 1008 айлын орон сууц" буюу "Ногоон нуур" иж бүрэн төслийг хэрэгжүүлэхээр зорьж байгаа бөгөөд эхний ээлжийн 3.8 га газарт 1008 айлын орон сууц, 960 хүүхдийн сургууль, авто машины зогсоол, авто болон явган хүний зам, тоглоомын талбай, ногоон байгууламжийг иж бүрнээр нь БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр барьж байгуулахаар төлөвлөсөн байна.