| |
Дахин төлөвлөлтөөс хохирсон 64 өрхөд батламж гардууллаа
Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр хохирсон 64 иргэн дамжин өнгөрөх түр орон сууцанд орохоор болж өнөөдөр хотын даргаас батламжаа гардан авлаа. Уг айл өрхүүд Баянзүрх дүүргийн 2, 4 дүгээр хороо Мамбадацан хийд орчмын В хэсэгчилсэн талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч "Их өргөө” ХХК-тай гэрээ байгуулж, газраа чөлөөлсөн боловч орон сууц ашиглалтад ороогүйгээс хүндхэн нөхцөл байдал байсан аж. Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар "Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс хохирсон 64 өрх өнөөдөр дамжин өнгөрөх түр орон сууцанд орохоор болж, хотын удирдлагатай "Түр орон сууцаар хангах” гэрээ байгуулж байна. Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд Баярсконстракшн компанийн барих орон сууцанд та бүхэн орно” хэмээж байлаа. Баярсконстракшн компани нь нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо буюу Хангай хотхоны ард 156 айлын орон сууц барьж буй аж.
"Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс иргэд хохирсон явдал өмнөх багийн үед гарсан. Нэг компанид их газар олгосон гэх зэргээр төлөвлөлтийн алдаанаас болсон байдаг. НИТХ-аар энэ оны төсөвт тодотгол хийж дамжин өнгөрөх түр орон сууц барих хөрөнгийг шийдэж өгсөн байгаа. Энэ дагуу бид Баярсконстракшн компанитай гэрээ байгуулаад явж байна. Та бүхэн шинэ компанитайгаа гэрээ байгуулж орон сууцтай болох хүртлээ энэ дамжин өнгөрөх түр орон сууцанд орж байна. Хотын зүгээс хүйтний улирал эхлэхээс өмнө орон сууцыг ашиглалтад оруулах хүсэлтийг гүйцэтгэгч компанид тавьсан. Бидний хүсэлтийг биелүүлэхээ амалсан байгаа” хэмээн иргэдэд батламж гардуулах үеэрээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэллээ.
Орон сууцтай болж буйдаа талархсан иргэдийг төлөөлж н.Туяа "Хоёр жил гаран орох оронгүй хүнд нөхцөлд байсан 64 өрх өнөөдөр орон сууцтай болж байна. Хотын удирдлагууд, С.Батболд даргад үнэхээр их баярлалаа. Та бүхний ажил улам дэлгэрч байг” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.