| |
ОХИД БҮСГҮЙЧҮҮДИЙГ БАЙЛДАН ДАГУУЛЖ БУЙ Б.ЦЭЦЭГИЙН ТУРСАН НУУЦ
Цахим ертөнцийнхөн Б.Цэцэгийг илүү мэднэ. Ялангуяа түүний заадаг дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолтын талаарх зөвлөгөө эмэгтэйчүүдийг байлдан дагуулаад эхэлжээ. Энэ удаагийн зочноор жүжигчин Б.Цэцэгийг урьсан юм. Жүжигчин бүсгүй долоон жилийн турш нийгмийн сайн үйлст өөрийн хувь нэмрээ оруулж буй бөгөөд өөрийн контентуудаа удахгүй цацах гээд тун завгүй явна лээ.
Яаж би хэвийн хэмжээнд хүрсэн бэ?
Тэрээр олон улсын худалдаа, банк санхүүгийн чиглэлээр АНУ-д их сургууль төгссөн, хуульч эрхзүйч мэргэжилтэй. "Хадаг”, "Хөөрхөн шулам” кино, "Үүлэн үст” дууны клипэнд тоглосноор нь Б.Цэцэгийг үзэгчид мэдэх болсон.
Харин хүүхэд төрүүлэх үедээ 128 кг болж жин нэмсэн ч эрүүл хооллолтын үр дүнд нэг жилийн дотор 58 кг болтлоо жин хаяж чадсан тэсвэр тэвчээртэй эмэгтэй гэдгээр нь илүү хүндэлдэг. Тэрээр энэ тухайгаа "Би эрүүл хооллолтын тухай уулзалт зохиодог. Миний хүргэж байгаа мэдээллүүдийг ихэвчлэн илүүдэл жинтэй бүсгүйчүүд уншиж, судалдаг. Учир нь би энэ бүхнийг өөрийн биеэр давж туулсан шүү дээ. Би 128 кг жингээс хавангаа буулгаад 113 кг, үүнээс 58 кг жинтэй болохын тулд бүхэл бүтэн нэг жилийг зарцуулсан. Яаж би эргээд хэвийн хэмжээндээ очих вэ. Яавал би нэг жин дээрээ удаан гацахгүй байх вэ гэдгийг судалсан. Ингээд хүмүүсийн нүдэн дээр эрс өөрчлөгдөхөд илүүдэл жинтэй бүсгүйчүүд надаас яаж турсан бэ гэж маш их асуух болсон. Тэгэхээр нь би ийм хоол ид, эрүүл хоол гэж ийм юм байдаг гээд ярьж өгөхөөр уулзалт зохион байгуулдаг болсон. Мөн ирэхгүй байгаа хүмүүс видеог үзээд та эрүүл сайхан болох боломжтой, та итгэл төгс байх боломжтой, та ямар ч мөнгөөр эм худалдаж авахгүйгээр турах, эрүүлжих боломжтой гэж хэлэхийг хүссэн” гэж байлаа.
Хамгийн чухал зүйл бол тархиа цэгцлэх
Тэр эмэгтэйчүүдэд хэзээ ч хоолоо сой гэж зааж зөвлөдөггүй. Хамгийн чухал зүйл бол тархиа цэгцлэхийг зөвлөнө. Тэр уулзалтад ирж чадахгүй, өөрийнхөө хувьд нэг алхам хийхгүй, фитнессийнхээ хувцсыг үүрээд фитнесс зорьж чадахгүй байгаа хүн өөрийгөө бүдүүн гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй байна гэсэн үг. Тэгэхээр юуны өмнө өөрийгөө хүлээн зөвшөөрөөд, итгэлтэйгээр энэ алхмыг хийж чадах болтлоо тархиа бэлд л гэдэг. Тархиа бэлдсэн хүн хөргөгчөө онгойлгоод хэрэггүй зүйлээ гаргаж хаяад, хэрэгтэй зүйлээ худалдаж авах сэтгэлийн тэнхээтэй байдаг. Тэгэхээр идэж уудаг муу зуршлаасаа татгалзаж чадна аа гэсэн үг. Энэ л хамгийн түрүүнд хийх зүйл. Гэтэл хүмүүс одоо яг л илбийн юм шиг, ямар ч хичээл зүтгэлгүйгээр, доороо гурав эргээд л турчихна гэж боддог болж. Тийм юм хүсч байгаа бол та нөгөө л "хор”-оо идэх болчихоод байгаа юм. Хор гэдэг бол тураах бэлдмэл болох кофе, цайнууд юм. Тэгэхээр таны элэг цөс, нойр булчирхай, бөөр гэх мэт цул эрхтэнүүд өвчилнө, ингэснээр та илүү хурдан хөгширч, арьс шарлаж, хоол идэх дур хүсэлгүй болно. Хоол идэхгүй бол өөр хаанаас энергиэ авч, өөрийнхөө ажил хөдөлмөрийг эрч хүчтэй хийх вэ. Энэ бол буруу сонголтоос үүсч байгаа муу үр дагавар. Байнга аливаа юмыг амар хялбарханаар хийх гэж бүү оролд, өөрөө нэг удаа хичээгээд үз. Үнэндээ хүмүүс маш залхуу байна, хэтэрхий их бэлэн юм хүсдэг болж. Таргалахад ч бас цаг хугацаа их ордог шүү дээ, турахаас ч илүү. Гэтэл хүмүүс турахаас таргалах нь илүү хурдан гэж боддог, үгүй шүү дээ. Түүний хамгийн энгийн зөвлөгөө энэ юм.
Анхны цалингаа асрамжийн төвд хандивлаж байжээ
Тэрээр "Эмэгтэй хүн бүр сайхан харагдаж, биеэ галбирлаг байлгахыг хүсдэг. Гэвч энэ зах зээлд тураах эм бэлдмэл ихээр худалдаалж байна. Шашнаар бол "эрүүл” гэдэг үгийг ашиглаад, бараа бүтээгдэхүүн зарж байгаа хүмүүс буруу үзэл суртал шиг зүйл ярьдаг. Хүн заавал нэг юмнаас хамааралтайгаар эрүүл амьдрах ёсгүй. Зөв цэгцтэй хоол идэхэд л хангалттай шүү дээ” гэж байв. Тэрээр эрүүл зөв хооллолтын клуб ажиллуулдаг бөгөөд бүсгүйчүүд тэнд галбиржихын зэрэгцээ эрүүл, зөв хоол хийж сурдаг. Тэрээр "Миний эргэн тойронд сэтгэлийн бэлэг хүрээлж байдаг юм. Нэг хүн эрүүл зөв хооллолтыг ойлгосон бол эмнэлэгт хэвтэж буй ах дүү хамаатан садандаа ямар хоол хийж очихыг мэддэг болсон байдаг. Энэ чинь л амжилт шүү дээ. Хүмүүст эрүүл амьдралын хэв маягийг таниулахыг зорьдог доо " гэлээ. Мөн тэрээр сайн үйлсийн аян эхлүүлж, хүссэн үр дүндээ хүрч чаддаг нэгэн ажээ. АНУ-д их сургуульд суралцаж, 2010 онд эх орондоо ирсэн байдаг. Ажил хийж анхны цалингаараа хүүхэд, гэр бүлийн хөгжлийн "Өнөр бүл” төвийн хүүхдүүдэд тусалж байсан юм. Тэрээр энэ тухайгаа "Тэр жил "Өнөр бүл” төвд 17 настай хоёр ихэр охин байсан. Тэр үед би хүүхдүүдэд гурван компьютер авч өгсөн юм. Бүхэл бүтэн 100 гаруй хүүхдүүдэд гуравхан компьютертэй гэхээр гутармаар санагдаж байсан шүү” гэлээ. Энэ жил хорт хавдартай тэмцэх аянд нэгдэж, "Элэг бүтэн Монгол” төслийн олон нийттэй харилцах ажил болон хавдар гэдэг аймшигт өвчнөөс урьдчилан сэргийлэх, олонд сурталчилж таниулах ажилд оролцож, дүр төрхөөр ажиллах саналыг баяртайгаар хүлээн авсан байна. Манай улс жил бүр 500 хүнийг хорт хавдраар алдаж байна. Энэ юу гэсэн үг вэ. Тиймээс хорт хавдраар шаналж буй хүмүүст сэтгэлийн дэм өгөхөөр Хавдар судлалын үндэсний төвд хувийнхаа зүгээс хоёр сая 500 мянган төгрөгөөр зураач Б.Хонгорзулын "Бор шувууд” уран бүтээлийг худалдан авч, тасагт байршуулсанд хүмүүс маш их баярласан гэдэг.
"Франц улсаас томоохон төсөлд оролцох санал ирсэн”
Тэрээр одоо сошиал ертөнцөд тулгуурласан найман төрлийн контентыг бэлэн болгожээ. Чанар, хийц гэдэг зүйлд амиа тавьдаг нэгэн. Агуулга сайтай хүртээмжтэйгээр хүргэнэ гэж зорьж ажиллаж байна. Б.Цэцэг "Би ямар нэг телевиз гуйгаад, үзэгчдийг залхтал нь реклам явуулахгүйгээр өөрийн гараар бэлтгэсэн, контентуудыг хэрэгтэй хүмүүстээ зориулан зөв цагт нь хүргэхээр хийж байгаа. Хэрэв эдгээр контент бусад телевизүүдэд таалагдвал хамтран ажиллах боломжтой. Би хэнийг ч гуйж, ажиллахыг хүсдэггүй. Бидэнд зах зээл, сэтгэлгээ, боломж нь байна. Бид яагаад гадаад хүмүүсийн бодож олж байгааг бодож чадахгүй гэж. Би энэ бүхнийг хийхдээ ганц төгрөгийн ч хөрөнгө оруулалт аваагүй. Зөвхөн бор зүрхээрээ багаа бүрдүүлээд ажиллаж байна” гэв. Эдгээрийн нэг нь эрүүл, зөв хооллолтын хоолны шоу юм байна. Заавал баян хүн эрүүл хүнс хэрэглэдэггүй гэдгийг харуулахыг зорьжээ. Мөн ходоодны хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд хоол зааж хүмүүст туслахын тулд эрүүл, зөв хооллолтыг сурталчилж байгаа ажээ. Тэрээр уран бүтээлийн тухайд Франц улсаас томоохон төсөлд оролцох санал авчээ. "Зарим хүн намайг "Ийм жүжигчин байдаг юм уу” гэдэг. Би угаасаа жүжигчин мэргэжилтэй биш. Би Олон улсын худалдаа, банк санхүүгийн чиглэлээр АНУ-д их сургууль төгссөн, мөн хуульч эрхзүйч мэргэжилтэй. Одоо эрүүл хооллолт, жүжигчин гээд л олон ажил хийгээд явж байна” гэлээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин