| |
НАЛАЙХЫН ЗАМЫГ ХОЁР УРСГАЛТАЙ, ДӨРВӨН ЭГНЭЭ БОЛГОЖ ШИНЭЧИЛНЭ
Нийслэлийн Засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан "Зам засвар, газар чөлөөлөх ажлын хэсэг” нийслэлийн зургаан чиглэлийн зам засвар, түүнийг дагаж хийгдэж буй газар чөлөөлөх ажлын явцтай танилцлаа.
Тодруулбал, Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км зам, Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төсөл, Улаанбаатар-Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км хурдны авто зам, Орбитын уулзвараас Толгойтын эцэс-Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэл 3.6 км авто зам болон Чингэлтэй дүүрэгт хийгдэж буй зарим замын өргөтгөл шинэчлэлийн ажлуудтай танилцав.
Налайхын замыг хоёр урсгалтай, дөрвөн эгнээ болгож шинэчилнэ
Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг өргөтгөх замын трассын зураг төсөл, түүнийг дагаж хийгдэх газар чөлөөлөлтийн ажлын явцтай танилцлаа. Тусгаарлах зурвас бүхий 4 эгнээ автозамын ажил энэ жил эхлэх юм байна. Одоо Концессийн гэрээний дагуу гүйцэтгэгчийг шалгаруулж, гэрээ байгуулснаар зам барилгын ажил эхэлнэ.
Яармагийн шинэ , хуучин гүүр зургаан эгнээтэй болно
Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүр засварлах ажлын явцтай ажлын хэсгийн бүрэлдэхүүн очиж танилцаж, газар чөлөөлөлтийн ажлын явцыг шалгалаа. Ажлын хэсгээс гүйцэтгэгч компанид НМХГ, НАЗХГ, НГА-тай уялдаа холбоотой ажиллаж, эдийн засгийн хямралтай цаг үед бараа мартериалын худалдан авалтыг дотоодын үйлдвэр, компаниудаас авах, тэднийг татан оруулах үүргийг өглөө.
"Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төсөл"-ийн хүрээнд ХУД-ийн 2,3,4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 0.36 км урттай, 20.5 м өргөн, нийт 0.738 га талбайг хамарсан гүүрэн байгууламжийн өргөтгөл, шинэчлэлт хийхээр 2017 оны төлөвлөгөөнд туссаны дагуу газар чөлөөлөлтийн ажлыг хийгээд байна.
Ингэснээр Яармагийн шинэ гүүр, хуучин гүүр нийт зургаан эгнээтэй болох бөгөөд гүүрний ажил 2019 оны арваннэгдүгээр сард дуусахаар төлөвлөгдөөд байна. Энэхүү гүүрийг БНХАУ-ын Засгийн газрын 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барьж байгаа юм.
Орбитын уулзвараас Толгойтын эцэс-Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэл 3.6 км авто замын өргөтгөл шинэчлэл хийгдэж байна
Хөгжлийн банкны санхүүжилтээр Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил хэвийн үргэлжилж байна гэж нийслэлийн Автозамын хөгжлийн газраас мэдээллээ.