| |
Сирийн Идлибт химийн зэвсгийн дайралт болжээ
Сирийн Идлиб мужид химийн зэвсгийн дайралт болж, үүний улмаас амиа алдсан хүний тоо 72-д хүрсэн тухай хүний эрхийг хамгаалагчид мэдээлж байна. Амиа алдсан хүмүүсийн дотор 20 хүүхэд, 17 эмэгтэй байгаа гэнэ.
Босогчдын хяналтад байгаа Сирийн баруун хойд хэсгийн Идлиб мужийн Хан-Шейхун хотод өнгөрсөн мягмар гаригт химийн зэвсэг хэрэглэсэн нь тодорхой болоод байна. Химийн зэвсэгт 500 гаруй хүн хордсоныг орон нутгийн эх сурвалж мэдээлжээ.
НҮБ-ын Сирийн асуудлаархи төлөөлөгч Стефан де Мистурагийн мэдээлснээр химийн зэвсгийн дайралтыг шалгахаар цэргийн шинжээчид ажилд орсон гэнэ. Өчигдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл шуурхай хуралджээ.
Зарим эх сурвалж Ерөнхийлөгчийн Башар Асадын тал химийн зэвсэг хэрэглэсэн гэж байгаа бол зарим эх сурвалж энэ хэсэгт Оросын онгоцууд дайралт хийсэн гэж мэдээлж байна. Гэсэн ч ОХУ-ын Батлан хамгаалах яам Идлиб хавьд агаарын цохилт хийгээгүй хэмээн мэдэгдлээ. Сирийн Засгийн газрын цэргийн эх сурвалж мөн энэ хэрэгт оролцоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Сирид ажиллаж байгаа Хүний эрхийн ажиглагчдын мэдээлснээр хүмүүсийн амьсгал бачимдаж, ухаан алдаж, мөн зарим хүний амнаас хөөс гарч байсан гэжээ. Идлиб мужийн Эрүүлийг хамгаалах албаны дарга Мунзер Халилийн хэлснээр зарин, эсвэл хлор ашигласан гэж үзэж байгаагаа "Ройтерс”-ийн сурвалжлагчид хэлсэн байна.
2013 оноос хойш химийн зэвсэг ашигласан хоёр дахь тохиолдол болж байна. 2013 оны наймдугаар сард Дамаскийн ойролцоох Гуте хотод химийн зэвсэг хэрэглэсэн.
М.ХҮСЛЭН /ЗУУНЫ МЭДЭЭ/