|
Видео

Шинэ мэдээ

Цагаан тахал залуусыг ониллоо

 

Сүүлийн жилүүдэд манай оронд цагаан тахал гэгддэг хар тамхи залуусын дунд нийгмийн давхарга хамаарахгүй хурдацтай тархах боллоо. Цагдаагийн байгууллагын статистик мэдээлэлд дурдсанаар 2016 онд хар тамхитай холбоотой нийт 109 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 19-25 насны 113 хүнийг баривчилжээ. Өсвөр үеийнхэн болон залуус энэ төрлийн гэмт хэрэгт илүү автаж байгаа нь гуравхан сая хүн амтай манай улсын зайлшгүй хөндөх асуудал болж байна. Энэ бол маш ноцтой төдийгүй үндэсний аюулгүй байдлын түвшинд авч үзэж, анхаарал хандуулах сэдэв болсныг олон баримт нотолсоор. Нэгэн төрийн бус байгууллагын 2002 онд хийсэн судалгаагаар Монгол Улсад хар хамхийг 170 хүн хэрэглэдэг гэж бүртгэсэн бол өнөөдрийн байдлаар энэ тоо 560 хүрсэн гэх. Нэг хүний цаана дөрвөн хүн байдаг гэж тооцвол хамгийн багадаа 2000 гаруй хүн мансууруулах бодист автсан болж таарах нь.

 

Гэтэл энэ хүмүүсийн дийлэнх нь 19-35 насны залуус байгаа нь асуудлыг улам бүр хурдатгаж байна. Хар тамхинаас иргэдийг хамгаалах нийгэмлэгээс 1000 хүний дунд судалгаа хийхэд хар тамхины идэвхтэй 50 хэрэглэгч шинээр илэрчээ.

 

"Нэг судалгаагаар 50 хэрэглэгч илэрнэ гэдэг маш аюултай үзүүлэлт. Учир нь хэрэглээ өндөр байгааг харуулж байна. Манайд 620 хэрэглэгч бүртгэлтэй байдаг. Ерөнхийдөө нэг хэрэглэгчийн ард дөрвөн хэрэглэгч нуугддаг гэж үздэг. Ингээд бодохоор манайх шиг цөөн хүн амтай оронд хар тамхины байнгын хэрэглэгч ийм олон байна гэдэг нь үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа хэрэг яах аргагүй мөн. Хар тамхинд донтогсдын хамгийн залуу нь 16 настай байна” хэмээн Хар тамхинаас иргэдийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Ш.Лхагвасүрэн хэллээ.

Сүүлийн үед залуус баар цэнгээний газруудад хар тамхи татаж, мансуурдаг болжээ. Үүнийг батлах нэгэн охины яриаг хүргэж байна. Тэрбээр "Манай найз залуугийн найзууд нь нэг удаа бааранд орж, жаахан бүжиглэх санал тавьсае юм. Би ч нэг найзаа дагуулаад гарсан. Тэгээд жаахан сууж ууцгаагаад, ихэнх нь согтож эхэлсэн. Би найзтайгаа бүжиглэхээр гарсан хойно нөгөө хэд бөөнөөрөө тамхилахаар гарсан юм. Гэвч орж ирэхдээ бүгд сонин байсан.

 

Инээгээд л, улам соггчихсон, ухаан мэдрэлгүй шахам болсон байлаа. Тэгээд тэдний нэгнээс асуутал бид тамхи татахдаа мансууруулах бодис татсан. Гоё юм аа. Чи үзэх үү гэсэн. Тэдний хувьд анх татаж үзсэн тохиолдол байсан юм. Миний бодлоор бааранд зардаг байх гэж таамагласан” гэв.

 

Тэгвэл өөр нэг эх сурвалжийн хэлж буйгаар хар тамхи хэрэглэгчид хүн ихтэй, шоу цэнгээний газар байдаг гэдэг нь ташаа ойлголт гэлээ. Тодруулбал, хөдөө орон нутагт хар тамхийг борлуулах, хэрэглэх үзэгдэл хавтгайрсан гэнэ. Энэ нь тухайн газарт мансууруулах төрлийн бодис ургадагтай холбоотой бөгөөд аль нэг хөрштэй хиллэдэг аймгууд илүү өртдөг юм байна.

 

Сүүлийн үед Улаанбаатар хотод төдийгүй Дархан-Уул, Орхон, Ховд, Сэлэнгэ, Дорнод аймгуудад энэ төрлийн гэмт хэргийн гаралт эрс өсч байна.

 

Эрээнд дээрх төрлийн мансууруулах бодисын хэрэглээ газар авсан. Манай биеэ үнэлэгчид, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон иргэд энэ төрлийн гэмт хэрэгт хэрэглэгч гэсэн ангилалд байсан бол сүүлийн 2-3 жилийн хугацаанд тээвэрлэгчийн ангилалд хамаарах болжээ.

Хамгийн сүүлд гэхэд л Монголд нэр хүндтэй эрхмүүдийн хүүхдүүд гэр орондоо хар тамхи татаж, нэг нь цонхоор үсэрч амь насаа алдсан аймшигт хэрэг гарсан. Тэрчлэн олны танил дуучид хар тамхины хэрэгт холбогдож, хөрөнгө мөнгөөрөө хэний ч дор орохгүй баячуудын хүүхдүүд хар тамхиар наадах боллоо. Харамсалтай нь, хамгийн гэнэн, итгэмтгий өсвөр үеийнхэнд энэ аймшигт зүйл илүү нөлөөлж байна. Тэдний хувьд үргэлж сониуч байдгаасаа мансууруулах төрлийн бодисыг сонирхон татаж үздэг аж. Гэхдээ үнэтэй мансууруулах бодис гэхээсээ илүү газ үнэртэх, цавуу үнэртэх зэрэг аргаар мансуурдаг.

 

Одоо ч зарим хүмүүст хар тамхины мэдээлэл байдаггүй. Кинон дээр гардаг шиг л биднээс хол байдаг гэж боддог. Гэтэл үнэндээ таны хүүхдүүд мансуурч байж болзошгүй. Тиймээс хүүхдээ хаана юу хийж, хэнтэй нөхөрлөж яваа талаар эцэг эхчүүд сайн мэдээлэлтэй, хянаж байхгүй бол нэг л өдөр таны хүүхэд өөрийн мэдэлгүй хэн нэгний ятгалганд орсноосоо болж "аавын хаалга” татах аюултай нийгэмд амьдарч байна. Өсвөр үеийнхэнд хар тамхины хор хөнөөлийн мэдээлэл өгч, энэ талаар хийж хэрэгжүүлэх ажлуудыг идэвхжүүлж чангатгах туйлын хэрэгтэй байна.

Омголон залуу насанд галзуу барын аманд гараа хийхээс ч буцахааргүй байдаг. Хар тамхи энэ насныхныг ч бас тойрсонгүй, өөрийн үнэнч найзаа болгож байна. Залуус зугаа цэнгэл, сонирхлоороо нэг удаа хэрэглэж үздэг ч энэ нь хар тамхинд донтох хамгийн эхний алхам гэдгийг мэддэггүй. Тухайлбал, хар тамхийг нэг удаа татахад архинд шартсанаас 60-90 дахин илүү мэдрэмж өгдөг юм байна. Тэгэхээр ийм өвдөяг, тавгүйтлийг мэдэрч байгаа хүн энэ мэдрэмжээ дарахын тулд, дахин татаж эхэлдэг. Ингэж явсаар өөрийн мэдэлгүй хар тамхинд донтогч болдог байна. Тиймээс бидний амьдрал, үр хүүхдэд заналхийлээд байгаа цагаан тахлын тухай иргэд хангалттай мэдээлэл авч, урьдчилан сэргийлэх цаг хэдийнэ болжээ.

 

Хар тамхийг удаан хугацаанд хэрэглэснээр хүний биед ямар өөрчлөлт үзүүлэх талаар эмчээс тодрууллаа. Түүний хэлснээр удаан хугацааны хэрэглээний уршгаар ядарсан царайтай болж, турж, арьс шаргалтаж, хумс салж унан, гарын судсанд тарианы соривууд үлддэг. Хэл ягаарч, цагаан өнгөр тогтоно. Мөн нүүрний арьсанд идээт бижрүүнүүд гарч, шарх сорвины эдгэрэлт удааширдаг. Үс, хөл хэврэгшин, дуу хоолой сөөнгө болж хэл хагарч, хатууран, хэлний арьс хуурдаг. Судасны хана хатуурч, цусны бөөмөнд бижрүү үүсч, унтах боломжгүй болно. Биеийн жингээ огцом алдаж, турж эцэн, нойргүйтэх, ядаргаа стресст орох, байнга толгой өвдөх, хамар нармайн өвчин тусч, улмаар хамрын таславч цоорох, бэлгийн сулралд орно. Хар тамхи хэрэглэснээс хойш 2-12 жилийн дотор нас бардаг.


[ЗГМ]

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler