| |
ОРЧЛОН НАДААР Л ДУТАХ ЮМ ШИГ АМЬДАРЧ БАЙНА ДАА
1990-ээд оны зөөлөн айт яруу найрагч эгч Хургаагийн Сүглэгмаа ноднин надад зориулж ийм шүлэг бичиж. Дэлхийн яруу найргийн өдрөөр шүү дээ. Баярлаад баршгүй.
ОРЧЛОН НАДААР Л ДУТАХ ЮМ ШИГ АМЬДАРЧ БАЙНА ДАА
Л.Ганзулд
Бөднө шувуу нөмөр бараадах шиг тийм зөөлөн
Бөөн адуу салхи тургилан давхих шиг тийм омголон
Бөөрөлзгөний ишин дээрх дусал шүүдэр шиг тийм эмзэгхэн
Бөөрөнхий юм даа орчлон гэж бодох шиг тийм эерүү
Гадаа хавар болж хүүхдийн дуу цангинах шиг тийм цойлгон
Ганцхан удаа л дурлаад үхсэн ч яах вэ гэж сэрэх шиг тийм цайлган
Галт уулын хормой дахь бараан бараан чулууд шиг тийм үнэнч
Гайгүй дээ амьдрах л болно гэж итгэх шиг тийм эрсхэн
Он жилүүдийг бид салхи шиг бороо шиг туучиж
Он жил бидэн рүү үүл шиг зүүд шиг нүүдэллэж
Олон олон хавар намрыг цамцаа тайлах шиг сольж
Одоо л бид арай гэж шүлгийн цамхагт хүрч ирлээ
Энд дулаахан, ээжийн минь өвөр шиг нөөлөгхөн
Элэр балрын орчлон ч энгэрийнх нь үнэр шиг уяруухан
Элсний ширхэг салхиар туугдах шиг тийм эрсхэн
Ээвэр дагаад энгэрийн цас ханзрах шиг тийм эгэлхэн
Энд яруухан,
Эх хэлний минь аялгуу хүүгийн минь зулай шиг эмзэгхэн
Эцгийн минь зөн билэг, илд хангинах чимээ шиг тэнгэрлэг
Эвдэрч дуусахгүй, элэгдэж төгсөхгүй юм шиг тэрслүү
Үүр цайж байна, өнө мөнхийн орчлон доо
Үүдээгүй зовлон, үүсээгүй жаргал гэж үгүй дээ
Одоо л гэж бий, маргааш түүний маргааш гэж үгүй
Орчлон надаар л дутах юм шиг амьдарч байна даа
2016-3-21
https://www.facebook.com/ganzul.lhamsurenjaw/posts/999261036840879