|
Видео

Шинэ мэдээ

Бондын хаялга

Бондын хаялга

 

Засгийн газрын богино хугацаат үнэт цаас буюу бондыг хөрөнгийн биржээр арилжаалж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Төсвийн алдагдал, улирлын чанартай орлогын цоорхойг зээлээр босгож байгаа нь энэ. Цалин, тэтгэвэр, нийгмийн хамгааллын зарим зардлыг үнэт цаас гаргах замаар төр нөхдөг. Энэ жишгээр өнгөрсөн хугацаанд олон удаагийн хүндрэлийг давсан. Засгийн газрын тодотголтой төгрөгийн өрийн бичиг дотоодын зах зээлд хамгийн эрэлт ихтэй байна. Эрсдэл багатай, тогтмол орлоготой өрийн бичгийн захиалга энэ сард илүү идэвхжлээ. Иргэд өгөөжтэй хөрөнгө оруулалтын үнэ цэнийг цаг алдалгүй хүртэхээр шимтэж байна.

 

Хөрөнгийн зах зээлийн энэ долоо хоногийн хамгийн өвдөр дүнтэй арилжааг мягмар гарагт хийсэн нь Засгийн газрын үнэт цаасны арилжаа байв. Төсвийн алдагдлыг түргэн хугацаанд хаах боломж нь Засгийн газрын баталгаатай үнэт цаас. Засгийн газраас баталгаа гаргадаг учраас эргэн төлөлт нь найдвартай, эрсдэлгүй үнэт цаасанд иргэд хадгаламжаа байршуулах сонирхол нэмэгджээ. Мөн сул хөрөнгөө өсгөх таатай боломжийг бонд олгож байгаа нь энэ.

 

Хөрөнгийн зах зээлийн хамгийн өндөр өгөөжтэй бүтээгдэхүүнийг Засгийн газрын өрийн бичиг тэргүүлж явна. Ашиг нь тодорхой, эрсдэл багатай учраас ам.доллараас илүү Засгийн газрын үнэт цаас руу иргэд тэмүүлэх болжээ. Төгрөгтэй харьцах ам.долларын ханш суларч буй. Энэ нь төгрөгөө ам.долларт хөрвүүлсэн иргэнд мэдээж хохиролтой. Тэд ам.долларыг орхиж, бондод "дурлажээ”.

 

Компанийн хувьцаа давамгайлж байсан зах зээлд Засгийн газрын үнэт цаасны арилжаа жин дарсан нь хөгжиж буй зах зээлд хөрөнгө оруулагчдыг улам татав. Тухайн улсын дотоодын үнэт цааснаас Засгийн газрынх нь хамгийн бага эрсдэлтэйд тооцогддог. Тиймээс Засгийн газрынх нь бондын хүү нь хамгийн бага санхүүжилтийн өртгийн хэмжээг зааж өгдөг. Мөн хөрөнгийн зах зээлийн "суурь хүү” гэж үздэг. Сангийн яамнаас хөрөнгийн биржээр дамжуулан Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаас буюу бондыг гаргаж эхэлсэн нь иргэн өөрт байгаа хуримтлалаа эрсдэлгүй хөрөнгө оруулалтын хэрэгсэлд оруулах боломжийг нээсэн юм.

 

Хөрөнгийн биржид долоо хоног бүр ирж буй Засгийн газрын үнэт цаасны захиалга нэмэгдэж, мөнгөн дүн нь 3-4 дахин өсөх болсон. Үнэт цаасны эрэлт өндөр байх тусам чухамдаа хүү хямдрах учиртай. Энэ нь төсвийн зардалд эерэг нөлөөтэй юм. Төсвийн алдагдал, өрийн хүндрэл нь Засгийн газрын үнэт цаасны хүү өсөх бодит шалтгааны нэг. Бусад улс орнуудын Засгийн газрын бондтой харьцуулахад манай улсын бондын өгөөж хавьгүй өндөр байгаа юм. Засгийн газраар овоглосон энгийн үнэт цаасны нэрлэсэн үнэ нь 100 мянган төгрөг бөгөөд хямдруулсан нь 91.5 мянган төгрөг. Хүүгийн түвшин нь хугацаанаас хамаарч 17-18 хувийн хооронд хэлбэлзэж байна. Долоо хоног бүр арилжаалах Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны хүүгийн хувь хэмжээг зах зээлийн жишиг хүүг үндэслэн Сангийн яам тогтоож байгаа юм. Тухайлбал, хөрөнгө оруулагчдад санал болгож байгаа хоёр жилийн хугацаатай үнэт цааснаас 36 хувийн өгөөж хүртэх боломжтой.

 

Өндөр хөгжилтэй ихэнх улсуудын Засгийн газрынх нь богино хугацаат бондын хүү жилийн 0-2 хувь л байдаг. Тухайлбал, Герман, Япон, Швейцарь зэрэг улсын богино хугацаат бонд нь хасах хүүтэй. Эдгээр улсын бондын эрсдэл нь бага, зээлжих зэрэглэл нь өндөр, өрийн дарамт бага байгаа нь суурь хүүнд эерэг нөлөө үзүүлж байна. Харин манай улсын хувьд өрийн дарамт өндөр, зээлжих зэрэглэл тааруу байгаа нь Засгийн газрын үнэт цаасны хүү өндөр байхад хүргэж буй.

 

Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа 2017 онд эрчимжиж байгааг эхэнд тэмдэглэсэн. Хэрвээ та бонд эзэмшиж байх хугацаанд мөнгө шаардлагатай болсон тохиолдолд уг бондын хугацаа дуусахыг хүлээх огт шаардлагагүй. Хоёрдогч зах зээлд Засгийн газрын үнэт цаасыг эргүүлэн худалдаж болдог. Мөн хүүгийн орлого нь албан татвараас бүрэн чөлөөлөгддөг. Түүнчлэн тендер болон төлбөрийн баталгаа болгох зэрэг давуу тал ихтэй.

 

Эдийн засагт эргэлдэж буй мөнгөний урсгал хөрөнгийн зах зээл рүү чиглэх болов. Засгийн газрын санал болгож буй бондын өгөөж хөрөнгө оруулагчдад ихээхэн таалагдаж байна. Тухайн улсын хөрөнгийн зах зээлийн суурь бүтээгдэхүүн болдог Засгийн газрын үнэт цаасны нийлүүлэлт эрэлтээ гүйцэхгүй байх тохиолдол өмнө нь гарч байсан. Өөрөөр хэлбэл, олон нийтийн зүгээс өндөр захиалга ирэх үед уг нөхцөл байдал үүсдэг.

 

Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх дотоод нөөц бололцоог Засгийн газрын үнэт цаас олгож байгаа. Засгийн газрын дотоодод гаргасан үнэт цаасны хэмжээ сүүлийн гурван жилийн хугацаанд нийт ,мөнгөний нийлүүлэлтийн 25 орчим хувьтай тэнцсэн. Төсвийн алдагдал өнгөрсөн онд эрс нэмэгдсэн нь түүнийг санхүүжүүлэх дотоод эх үүсвэрийн хэрэгцээг энэ онд нийт мөнгөний нийлүүлэлтийн 40 орчим хувьд хүргэхээр байна. Өөрөөр хэлбэл, 10 төгрөг тутмын дөрөв нь Засгийн газрьш үнэт цаасны эх үүсвэрээр эдийн засагг орж ирэх нь.

 

Сүүлийн гурван жилийн хугацаанд шинээр гаргасан Засгийн газрын дотоодын үнэт цаасны мөнгөний нийлүүлэлтийн эзлэх хувь дунджаар 30 орчим байгаа юм. Энэхүү хандлага цаашид хэвээр хадгалагдах магадлал өндөр байна. "Санхүүгийн тогтвортой байдлын тайлан”-д ирэх жилүүдэд шинээр гаргах Засгийн газрын үнэт цаасны борлуулалтын төлөвлөгөө биелэхгүй байх эрсдэлтэй гэжээ. Манай улсын хувьд төсвийн алдагдлыг санхүүжүүлэх боломж хязгаарлагдмал байгаа юм. Хэрэв дотоодын захад өндөр хүүтэй үнэт цаас санал болгоно гэж үзвэл энэ нь хүүгийн зардлыг өсгөж, дахин санхүүжилтийн эрсдлийг нэмэгдүүлэх, улмаар өрийн дарамтыг өсгөх талтай. Гэхдээ хөрөнгийн бирж ашигтай ажиллах боломж нь Засгийн газрын үнэт цаас болж байна.


[ЗГМ]

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.