| |
Тавантолгойг ТАМЫН ТОГООНЫ ҮЛГЭР-ээс гаргая
Засгийн газрын зүгээс ОУВС-тай тохиролцоонд хүрч, тэдний зүгээс тулгасан болзлын дагуу 2017 оны төсөвт тодотгол хийсэн ч хараахан УИХ-д өргөн бариагүй байна.
Учир нь, УИХ-ын дарга хэзээ захирамж гаргаж эалжит бус чуулганыг товлох нь одоогоор тодорхойгүй байгаа юм. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн тодотгосноор ээлжит бус чуулганыг хуралдуулахад гишүүдийн ирц хангалтгай биш байгаа гэнэ. Мөн ирэх сард хаврын чуулган эхлэхээр төсвийн тодотголыг хэлэлцээд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах нь цаг хугацааны хувьд боломжтой гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм. Угтаа бол ОУВС-гийн захирлуудын зөвлөл энэ сарын сүүлчээр хуралдаж Монгол Улсыг "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамруулах эсэхээ шийдвэрлэх хуваарьтай. Гэхдээ тэдний тов өөрчлөгдөж ирэх сарын 10-нд хураддахаар болсноо Ажлын хэсгийнхэнд дуулгажээ. Тиймээс хурал болохоос тав хоногийн өмнө төсвийн тодотгол болон бусад хуулиа батлах, арилжааны банкны үйл ажиллагаанд хөндлөнгийн дүгнэлт хийх аудитын байгууллагаа сонгох, Төв банк төсвийн шинжтэй аливаа санхүүжилтийг гаргахгүй гэдэг баталгааг гаргаж, хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ Засгийн газарт хүргүүлсэн
Хуульд зааснаар хаврын ээлжит чуулганыг дөрөвдүгээр сарын 5-нд хуралдуулах заалттай. Үүгээр хаврын ээлжит чуулган лхагва гаригт нээлтээ хийх юм. Тэгэхээр хаврын чуулган нээлтээ хийхтэй зэрэгцэн ОУВС-гийнхан биднээс өөрсдийн тулгасан шаардлагыг нэхнэ гэсэн үг. Эндээс Бүлгийн дарга Д.Хаянхярваагийн хэлсэн шиг ээлжит чуулган эхлэнгүүт төсвийн тодотгол хийгээд бусад шаардлагыг биелүүлэх боломж бидэнд хомс буйг харж болохоор байна. Өөрөөр хэлбэл, тохиролцоогоо яг цав биелүүлж байж дараа, дараагийн хөрөнгө оруулагчдыг татах нь өнөөгийн Монгол Улсад хэрэгтэй. Ялангуяа хэлсэн ярьснаасаа буцдаг хэмээх хар тодотголтой яваа энэ үед. Тиймээс ээлжит бус чуулган зарлаж ОУВС-гийн тавьсан болзлыг биелүүлэх нь зүйн хэрэг болов уу. Гэхдээ ОУВС-тай тохиролцоонд хүрээд, УИХ-ын төвшинд дэмжлэг хүлээсний дараа орхиж болохгүй хоёр ч асуудал бидний өмнө байна. Тэр нь уул уурхайн стратегийн орд газраа эдийн засгийн эргэлтэд оруулах тухай.
НЭГЭН ТҮҮХ
Дөрвөн Засгийн газар, долоон жилийн хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулж чадаагүй, зөвхөн улстөрчид, УИХ-ын хэмжээнд хэрүүлийн алим өнхрүүлсэн, одоо ч талцал үүсгэж, эргэж буцсаар байдаг орд Монголд бий. Тэр нь 2008 оны үеэс ярьж эхэлсэн Тавантолгой. Тавантолгойн орд газрыг ашиглахад оролцох хөрөнгө оруулагчдыг шалгаруулахаар тендер зарлаж байв. Тэгэхэд анхны шатанд гаднын 11 консорциум саналаа ирүүлж, тендер амжилттай боллоо гэж зарласан ч энэ асуудал жил гаруйн хугацаанд сураг алдарсан юм. Харин тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Сү.Батболд "Тавантолгойн лицензийг төр 100 хувь эзэмшинэ” гэж зарлаад удалгүй Засгийн газраас байгуулсан ажлын хэсгээс уг 11 консорциумтай хамт монголчуудыг оролцуулах зарчим баримтлах шинэ чиглэл боловсруулж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлж байлаа.
2010 оны тавдугаар сард Засгийн газраас өргөн барьсан Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах тогтоолын төслийг хоёр сарын дараа буюу долдугаар сард наадмын өмнө УИХ "ногоон гэрэл”-ээр баталсан юм. Ингэснээр "Эрдэнэс МГЛ” компанийн харьяа "Эрдэнэс Тавантолгой” охин компанийг байгуулж, түүгээр олборлолт, борлуулалтын үйл ажиллагааг хийлгэхээр болсон билээ. Мөн "Эрдэнэс Тавантолгой” компанийг монголчуудын төлөөлөл болгож, иргэдэд 10, үндэсний аж ахуйн нэгжүүдэд мөн 10 хувийн хувьцааг ижил тэгш нөхцөлөөр дотоодын хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах үүрэг өгч байлаа шүү дээ. Тавантолгойг байгуулсан, монголчууд хоёр саяулаа 6.5 тэрбум сайн чанарын нүүрс нөөцтэй дэлхий хэмжээний ордын хувьцаа эзэмшигч болсон түүх ердөө л энэ.
ИЖИЛ ТҮҮХ
Тавантолгойн ордтой агаар нэг замаар явж ирсэн бас нэгэн орд нь Гацуурт. Мөн л Сү.Батболдын Засгийн газрын үеэс яриа хэлэлцээ хийж эхэлсэн уг ордыг УИХ-аас дөрвөн удаа буцаахад Засгийн газраас зөрүүлээд дөрвөн удаа оруулж ирсээр арайхийж эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гаргуулсан ч өдгөө шүүх дээр гацчихаад буй. Уг нь энэ ордын талаар УИХ болон Засгийн газраас гаргасан хэд хэдэн баримт бичиг байдаг. Жишээ нь, УИХ-аас 2015 онд Гацууртын ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулж, 2016 онд Засгийн газрын эзэмших хувь хэмжээг 34 хувиар тогтоосон. Одоо Засгийн газрын хэмжээнд хөрөнгө оруулагч талтайгаа дээрх шийдвэрийн хүрээнд хэлэлцээ хийнэ гэсэн үг.
Өөрөөр хэлбэл, Гацууртын орд төрийн мэдлийн хувь хэмжээтэй стратегийн орд учраас иж бүрнээр нь ашиглах асуудлыг Засгийн газар хуулийн хүрээнд шийдвэрлээд явах юм. Тус ордын лизенз эзэмшигч "Сентерра гоулд монголия” компанийнхан энэ шаардлагын хүрээнд ажиллах учиртай. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас өгсөн мэдээллээр Гацууртын ордыг эргэлтэд оруулах эсэх талаар хөрөнгө оруулалтын болон орд ашиглах гэрээ байгуулах Ажлын хэсгүүдийг байгуулж, удирдамжийг баталжээ. Тиймээс удирдамжийн хүрээнд өмнөх хэлэлцээрийн төвшинг ахиулах зарчмыг баримтлах аж.
ШИНЭ ТҮҮХ
Монгол Улс Хөгжлийн банкны 580 сая еврогийн өрийг хугацаанаас нь емнө барагдуулав. Үүнд Засгийн газар бас тэдний ард буй хүчирхэг олонхийн дэмжлэг байсан байж таарна. Гэхдээ МАН-д үүнээс том боломж, нэг зүгт харж, нэгдсэн бодлогоор шийдвэр гаргах олон асуудал бийг санах хэрэгтэй. Өрийг өрөөр дарахаас өөр сонголт өнөөгийн бидэнд байгаагүй ч хөдөлдөггүй, хөдөлгөхийг ч хүссдэггүй мега төслүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулах нь эрх баригчдын үүрэг Эхнийх нь мэдээж Тавантолгойн ордыг гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтарч эдийн засгийн эргэлтэд оруулах. Сайн мэдээ гэвэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж Тавантолгойг энэ онд багтаан эдийн засгийн эргэлтэд оруулах гэж хэлсэн байна лээ.
Түүний тодотгосноор бизнесийнхээ агуулгаар явахад нь улстөржилт дэндүү их садаа болсон учир цааш цаг алдахгүй гэрээ, хэлэлцээрийг үргэлжүүлж дуусгана гэв. Ингэснээр 2017 онд 900 сая ам.долларын экспортын орлого төлөвлөхөөр тооцсон байна. Цаашид жилд дунджаар 1.4 тэрбум ам.долларын орлого олоход 2021 оноос ногдол ашгаа хуваарилах боломжтой аж.
Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах эсэх тухай маргаан ч шинэ юм биш. Тавантолгойн асуудал сөхөгдөхөд зэрэгцэж орж ирсэн ч цаг үеийнхээ нөхцөл байдлаас үүдэж хөдөлгөж чадахгүй яваа төслийн нэг. Бид л тамын тогооны үлгэрээсээ гарч чадалгүй, хий хоосон хийрхэж, улстөржиж, талцаж ирсэн болохоос эдгээр төслийг ашиглах хангалттай хугацаа байсан уу гэвэл байсан.
Гэвч хэсэг хүний ашиг сонирхол, бүлэглэлийн хүрээнд л гацсан бас гацаасан. Харин одоо МАН-ынхан том төслүүдээ хөдөлгөж шинэ түүх бүтээх эсэх тэднээс өөрсдөөс нь шалтгаалахаар болж байна. Тэгээд ч тэдэнд бяр нь, хүч нь, товчлуур нь, эрх мэдэл нь бүгд байна. Эсвэл Тавантолгой тавган дээрээ тамын тогооны үлгэртэйгээ зууралдаад байж л байг уу.
1. С.Баярын тэргүүлсэн Засгийн газар 2008 онд Таванталгойн ордыг төрийн мэдэлд авч, төслийг цогц байдлаар хэрэгжүүлэхээ мэдэгдэж байв. Улмаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтоор ахлуулсан Ажлын хэсэг гаргаж Тавантолгойн олон улсын уралдаант шалгаруулалт зарласан. Найман орны 15 том компани, консорциум оролцохоо мэдэгдсэний дунд Австралийн "ВНР billiton” групп, ОХУ-ын гурван компанийн консорциум, БНСУ-ын KOPEC консорциум, АНУ-ын "Пибоди энержи” групп, БНХАУ-ьш "Шенхуа Энержи”, Японы хамтарсан нэгдэл, Энэтхэгийн "Жиндал Стийл энд Поавер”, Бразилийн "Вале” нар сонирхлоо илэрхийлж, танилцуулгаа хүргүүлж байжээ.
2. Ерөнхий сайд С.Батболдын Засгийн газар 2010 онд Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагч шалгаруулах олон улсын тендер зарласан байдаг. Тавантолгойд хөрөнгө оруулах компаниудад урьдчилан тавьсан зургаан нөхцөлийн дараа дээрх 15 сонирхогчоос дор дурдсан зургаан компани хураангуй жагсаалтад үлджээ. Үүнд БНХАУ-ын "Шенхуа Энержи”, ОХУ-ын "Төмөр замуудын нэгдэл”, АНУ-ын "Пибоди Энержи”, Люксембургийн "Арселор Метал”, Бразилийн "Вале”, Швейцарийн "Экстрата”.
3. Н.Алтанхуягийн Засгийн газар 2014 оны наймдугаар сарын 20-нд "Тавантолгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” 268 дугаар тогтоол гаргаснаар Тавантолгой ордын олон улсын тендерийн гацаа арилж, дахин хөдлөх асуудал хөндөгдөж байв. Улмаар Засгийн газраас хөрөнгө оруулагчдад туршлагатай үндэсний компани 51 хувийг эзэмшин олон улсын нэртэй компаниудтай баг болж орж ирэх үндсэн нөхцөл тавьсан ч арваннэгдүгээр сард Засгийн газрыг огцруулснаар төсөл зогсчээ
4. Ч.Сайханбилэгийн Засгийн газар 2015 онд 268 дугаар тогтоолын дагуу Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалт зарлаж, шалгарсан консорциумтай хэлэлцээ хийхийг Монгол Улсын сайд М.Энхсайханд даалгаж байв. Тендерт Монголын "Энержи ресурс”, Хятадын "Шинхуа энержи”, Японы "Сумитомо” компанийн консорциум шалгарч дөрвөн тэрбум ам.долларын хөрөнге оруулах санал илэрхийлсэн ч УИХ-аас буцаасан билээ.
5. Ж.Эрдэнэбатын Засгийн газар Тавантолгойн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах Ажлын хэсгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржоор ахлуулан байгуулав. Ажлын хэсгийн зүгээс хөрөнгө оруулагчидгай голчлон Монгол Улсад үлдэх өгөөжийн талаар ярилцаж эхлээд байна. Тавантолгойг хөдөлгөх энэхүү хэлэлцээр нь өмнөхөөсөө юугаараа давуу талтай байх вэ гэдэгт анхаарлаа төвлөрүүлж ажиллаж байгаа тайлбарыг Ажлын хэсгийн зүгээс өгч байна. Хөрөнгө оруулагчдын талд Хятадын "Шинхуа Энержи”, дотоодын "Энержи Ресурс”, Японы "Сумитомо" гэсэн гурван компани оролцож буй.
С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/