|
Видео

Шинэ мэдээ

Тавантолгойн гацаа гартал “зай ч байна, лай ч байна” гэгч боллоо

 Тавантолгойн гацаа гартал “зай ч байна, лай ч байна” гэгч боллоо

ММС ганцаараа хүнд байдалд ороогүй гэлээ. Өчигдөр УИХ-ын дарга хаврын чуулганыг нээж хэлсэн үгэндээ Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төсөл улсын эрх ашигт нийцээгүй байсан гэж мэдэгдэв. Тэрбээр үүнийгээ уг компанийг зээлийн төлбөрөө хийх чадваргүй болсноор батлагдаж байгаа гэж онцолсон байна.

2015 онд Тавантолгойн хөрөнгө оруулалтын сонгон шалгаруулалтад "Shenhua Energy”, "Sumitomo Corporation”, "Mongolian Mining Corporation” ялалт байгуулсан. Засгийн газар хөрөнгө оруулагчидтай хагас жил орчмын хугацаанд хэлэлцээ хийж гэрээ байгуулахаар тохиролцоод байсан ч яг нэг жилийн өмнөх хаврын чуулганд энэ гэрээг хүлээн зөвшөөрөхгүй гэж УИХ-ын дарга мэдэгдэж байлаа. Жилийн дараа ч дахин ийм мэдэгдэл хийж байгаа нь энэ.

Тэгвэл Ерөнхийлөгчийн хувьд том төслүүдийг хөдөлгөлгүй гацаасны улмаас эдийн засаг хүнд байдалд ороод байгаа гэсэн байр суурийг илэрхийлж буй. Консерциумд багтсан үндэсний компани болох "Энержи Ресурс” буюу "Mongolian Mining Corporation” тухайн үедээ тендерийн нөхцөлд тохирсон хамгийн сайн саналыг тавьсан гэж мэдэгджээ.

Сүүлийн 10-аад жилд болон одоо бас дараа нь дахин үргэлжлэх улс төрийн хамгийн хурц ширүүн маргааны үндэс суурь нь Тавантолгойн нүүрсний орд тойрсон асуудал, нүүрсээ зах зээлд хүргэх ёстой төмөр замын асуудал л юм. Тэгэхээр уг асуудлаар З.Энхболд анхнаасаа дургүй байсан MMC буюу "Энержи Ресурс” компанийг гоочлох нь аргагүй хэрэг.

Харин сүүлийн сар гарангийн хугацаанд З.Энхболд болон бусад УИХ-ын гишүүд "үндэсний аж ахуйн нэгж дампуурахад баярладаг төрийн түшээ байгаа нь харамсалтай...” гэсэн шүүмжлэлээр булуулж байгаа. Ерөнхийлөгч хүртэл УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийг Тавантолгойг гацаасандаа бахархаж байгаа гэж хэлснийг нь Монголын эдийн засгийн форумын индэр дээрээс шүүмжилсэн билээ.

Тэгвэл өчигдөр З.Энхболдын мэдэгдсэнээр бол "ММС” болон "Энержи Ресурс” компани нь Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нэрийн дор олон улсын банк санхүүгийн байгууллагад тавьсан өөрсдийн их хэмжээний өрийг төрийн өмчийн ашигт малтмалын ордоор хаах санааг гаргасан мэт.

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын сайд М.Энхсайханы боловсруулсан гэрээний төсөл үндэсний аюулгүй байдлын эсрэг агуулгатай гэсэн дүгнэлтийг гишүүн Л.Эрдэнэчимэгээр хэлүүлсэн шалтгаанаа ил хэлсэн нь энэ.

Тэрбээр "Хэрэв Тавантолгойн ордыг ашиглах энэхүү хууль зөрчсөн гэрээг зогсоогоогүй бол ард түмний өмч болох Тавантолгойн орд өнөөдөр Кайманы арлын офшор бүс дэх "ММС” компани болон түүний охин компани "Энержи ресурс” компанийн өрийн төлбөрт гадны компанид бүрэн шилжих байлаа” гэв.

Мөн хэд хоногийн өмнө нэгэн цуглааны индэр дээрээс УИХ-ын гишүүн Х.Баттулга Тавантолгойтой буюу ММС-тэй холбоотой гэгддэг хүмүүсийг улстөрд дахин сонгож болохгүй гэж уриалсан. Тэр цагт л Тавантолгой көв замдаа орно гэж үзэж байгаа нь тэр. Түүнийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж надад Тавантолгойг өгчих гэж гуйгаад байсан гэсэн. Тиймээс л ийм уриалга гаргасан бололтой юм. Гэвч түүний уриалснаар нэр бүхий хүмүүс улстөрөөс шахагдана гэдэгт итгэх хэцүү.

Тэгвэл "Энержи ресурс”-ынхан ямар тайлбар хэлэх нь сонин. Тус компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл өчигдөр орой Үндэсний телевизээр ярьж байна. "Хүнд байдал зөвхөн манай компанид тохиолдоод байгаа юм биш шүү дээ. Дэлхий даяараа л нүүрсний компаниуд хэцүү байна. Тэр дундаа 130 жил нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулсан дэлхийн хамгийн том нүүрсний компани "Пибоди энержи” ч дампуурлын ирмэгт байна.

"Пибоди” ч манайхтай тендерт өрсөлдсөн шүү дээ. Хэрвээ манайх биш тэднийх ялсан бол бас ингээд яриад суух байсан уу” гээд. Нээрээ л бодох асуудал. Хэрвээ Пибоди шалгаруулалтад ялсан бол манай хэд өнөөдрийнх шиг ингэж боорлоод сууж чадах байсан болов уу.

Юутай ч Тавантолгойн гацаа гартал зай ч байна, лай ч байна гээч л болох нь. Ирэх сонгуулийн дараа аль тал олонхи болох, хэн ямар нүүдэл хийх, нүүрсний зах зээл сэргэх эсэхээс хамаарч Тавантолгойн асуудал шийдэгдэх нь ийнхүү тодорлоо. Хэтэрхий их баялгаасаа болж хэрүүлийн алим болсон Тавантолгой ийнхүү Монголын улстөрийг хувааж орхилоо. Харин эргэж эвлэх болов уу.

Г.Самбаа

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler