| |
Шинхуа группийн төлөөлөлтэй манай гурван сайд уулзаж байна
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны удирдлагууд БНХАУ-ын Шинхуа группийн төлөөллийг хүлээн авч уулзаж байна.
Энэхүү уулзалтаар Тавантолгойн цахилгаан станц, төмөр зам барих төсөл болон нүүрс олборлох төслүүдийг бүгдийг нэгэн зэрэг эхлүүлэх санал тавьсан байна.
Шинхуа групп Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулах сонирхлоо хэдийнээс илэрхийлж байсан. Өмнөх Засгийн газрын үед зарласан сонгон шалгаруулалтад тус групп Энержи ресурс компани болон Японы Сумитомо корпорацтай хамтран консорциум бүрдүүлэн өрсөлдөж, ялалт байгуулаад байсан юм.
Тус консорциумд Тавантолгойн нүүрсний ордод дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оруулахаа мэдэгдэж байв. Гэвч УИХ-аас томилсон, Л.Эрдэнэчимэг гишүүний ахалсан ажлын хэсэг тус групптэй байгуулах гэрээ манай талд ихээхэн алдагдалтай хэмээн үзэж гэрээг хойшлуулсан.
Үүний дараа олон улсын зах зээлд нүүрсний үнэ унаснаар яриа хэлэлцээ бүрэн зогссон. Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдаар ахлуулсан шинэ Засгийн газар бүрдсэний дараа Шинхуа групп Таван толгойн ордод хөрөнгө оруулах сонирхлоо дахин илэрхийлжээ.
Тавантолгойн бүлэг ордод Шинхуа групп дангаараа үйл ажиллагаа явуулах нь Үндэсний аюулгүй байдлаас баталсан зөвлөмжийг зөрчих магадлалтай. Учир нь манай улсын гадаад худалдаа, гадаадын шууд хөрөнгө оруулалтад БНХАУ өндөр байр эзэлдэг. Харин Үндэсний аюулгүй байдлын тухай зөвлөмжид аль нэг гадаад улсаас хэтэрхий их хамааралтай байхыг дэмждэггүй.
Өнөөдрийн уулзалтад манай талаас Зам тээврийн сайд Д.Ганбат, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол нар оролцож байгаа аж.
Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Жадамба, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа, Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл Эрдэнэс Монгол компанийн гүйцэтгэх захирал н.Түмэнцогт нар уулзалтад оролцож байна.
Нөгөө талаас Шинхуа группийн Монгол дахь суурин төлөөлөгч н.Баянцагаан, Шинхуа группийн хилийн чанад дахь Хөгжил хөрөнгө оруулалт хариуцсан захирал Лу Вин, Шинхуа группийн Ерөнхий менежер Лию Лянь нар оролцож байна.
Уулзалтын дараа хэвлэлийнхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.