| |
Дампуурлаа хойшлуулсан ШИНЭ ӨГЛӨГ
Бондын өрийг бондын өрөөр дарах аргыг амжилттай хэрэгжүүллээ хэмээн Сангийн сайд Б.Чойжилсүрэн өчигдөр мэдээллээ. Ямартаа ч Монгол Улс дампуурлаа зарлалгүй аргалаад өнгөрч байгаа хэрэг.
Гэхдээ ингээд тайвшраад мартчихгүй бол Засгийн газрын өр буюу "Чингис” бондын эхний хэсэг ирэх онд төлөгдөх ёстой. Жил ч хүрэхгүй хугацаа үлдээд байгааг сануулахад илүүдэхгүй биз ээ. Тодруулбал 2018 оны 1 дүгээр сарын 5-нд төлөгдөх ёстой.
Өнөө л Монгол хүний ууж сэтгэлээр дэлгэр цаг ирж байгаатай холбоотойгоор найр наадам хэсэж, өнжин хонон наргисаар өнгөрөөчих вий эрх баригчид минь. Цаг нь тулахаар бас нэгэн газраас гоё сайхан нэртэй бонд босгоод зээлчихнэ хэмээн сэтгэж болох ч хойд хормойгоороо, урд хормойгоо нөхсөөр байтал бөгс нь цоорхой эдийн засагтай улс орон болж дуусах нь.
Ер нь УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хэлснээр 4 жилийн настай засгийн газар, УИХ гэх төрийн эрх баригчид "Өмнөх засгийн газар зээлсэн юм чинь манайх зээлнэ” гэх барьцах дүрмээр хийсэн ажил ч үгүй өнгөрөөсөөр байвал ирэх 2023-2024 онуудад Монгол улс дампуурлаа зарлаж магадгүй. Учир нь өнөөдөр аргалж байгаа Хөгжлийн банкны 580 сая ам.долларын өрийг цайруулсан "Хуралдай” нэртэй бонд, "Чингис” бонд "Самурай” бондын өрийг төлөх хугацаа жил дарааллаж байгаа. Томъёолбол: ӨР+ӨР+ӨР=Их ӨГЛӨГ төлөх болоод байна.
ЧОЙ