| |
Н.АЛТАНХУЯГААС бондын зарцуулалтаар тайлбар авъя
Өнөөдөр улстөрчид, эдийн засагчдийн гол сэдэв нь өр төлбөрөө хэрхэн төлөх болон яаж гадаадаас зээл авах вэ гэдэг асуудал болоод байгаа. Ирэх гуравдугаар сард төлөх Хөгжлийн банкны зээлийн 580 сая ам.долларыг ОУВС-гийн "Стэнд бай” хөтөлбөрт орж байж л төлөх боломжтой гэж ярьж байна. Үүний зэрэгцээ Хөгжлийн банкнаас 2011-2016 онд хийсэн санхүүжилт, төсөл хөтөлбөрүүдийг шалгасан ажлын хэсэг 1.3 их наяд төгрөгийн санхүүгийн зөрчил илэрснийг мэдээлэв. УИХ-ын Хууль зүй, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар энэ асуудлыг нэлээд ширүүн авч хэлэлцэх шиг боллоо. Гэхдээ тодорхой шийдэл гарсангүй. Тэгэхээр дахиж хуралдаад Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг авчраад асуух хэрэгтэй байна. Яг л Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг "Эрдэнэт”-ийн хувьчлалийн асуудлаар Хууль зүйн байнгын хороонд дуудаж асуусан шиг. Манай улсын төсвийн жилийн орлого зургаан их наяд орчим байдаг гэхээр 1.3 их наядын зөрчил гэдэг анхаарал татахгүй байх аргагүй зүйл шүү дээ.
Хөгжлийн банкны гол үүрэг бол Засгийн газарт шаардлагатай байгаа санхүүжилтийг олж өгөх байдаг. Тэгэхээр тэр зөрчлүүд Засгийн газартай шууд холбогдоно гэсэн үг. Бүр тодруулбал, Монголын хамгийн баян Засгийн газрыг тэргүүлж байсан Н.Алтанхуягтай бондын зарцуулалт, Хөгжлийн банкны санхүүжилтүүд нягт холбоотой. Энэ хүний үед л "Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, Самурай бондын 600 сая ам.долларыг босгож самбар дээр зурж байгаад төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлсэн. Хөгжлийн банкны хөрөнгийн нэлээд хувийг дээрх бондууд бүрдүүлсэн. Тиймээс богино хугацааны арилжааны бондыг урт хугацаанд өгөөжөө өгөх зам, дэд бүтцэд хийсэн бодлого Н.Алтанхуягтай салшгүй холбоотой юм. Одоо Хөгжлийн банкны зээлийг хаах 580 сая ам.долларын дараагаас Чингис, Самурай бондын их наядаар хэмжигдэх төлбөрүүд жил дараалан шил шилээ дараад байж байна. 2018 оноос "Чингис” бондын 500 сая ам.долларыг төлнө. 2017-2023 оны хооронд манай улс 4.4 тэрбум ам.долларын гадаад өр төлөх тооцоо гарчихсан байгаа.
Ирэх жилийн төсвийг 2.4 их наядын алдагдалтай баталчихаад байгаа манай улсын хувьд ОУВС-гийн "Стэнд бай” хөтөлбөрт хамрагдсан ч ирэх жилүүдэд эдийн засаг өрийн дарамтнаасаа шалтгаалж олигтой дээрдэхгүй гэсэн үг. Цаашдаа дампуурал зарлах тухай яригдаж ч мэдэх юм. Нэгэн удаа "Чингис”, "Самурай” бондын төлбөрийг хэрхэн төлөх талаар сэтгүүлчдийн асуултад Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг "Бондын өрийг бидний үр хүүхэд буцаагаад төлчихнө” гэж байлаа. Түүний хэлсэн хойч үе одоо ирчихлээ. Зовлон нь эхэлчихлээ. Тиймээс "Ирээдүйд бидний хүүхдүүд төлчихнө” гэж мэдэгдэж байсан Н.Алтанхуягаас одоо л асуудаг цаг нь биш гэж үү.
Ж.САЙХАН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/