|
Видео

Шинэ мэдээ

Дампуурал зарлахгүйн тулд зээлийн төлбөрөө хойшлуулж чадах уу

Дампуурал зарлахгүйн тулд зээлийн төлбөрөө хойшлуулж чадах ууШийдлийн Засгийн газраас Ж.Эрдэнэбатын Засгийн газар 23 тэрбум ам.долларын өртэй Монгол Улсыг хүлээн авсан юм. Энэхүү их зээл, эдийн засгийн хүндрэл нь дампуурал зарлаж ч мэдэхээр байдалд хүрэв. Хөгжлийн банкны гаргасан Чингис, Самуурай бондын зээлийн эхний төлөлтийг ирэх гуравдугаар сарын 1-нээс төлнө. Хэмжээ нь 520 тэрбум орчим төгрөг. Харин 2018 оны нэгдүгээр сард "Чингис" бондын 1.5 тэрбум ам.доллараас 500 сая ам.долларын эргэн төлөлт хийгдэхээр байгаа юм. Энэ нь 1.2 их наяд төгрөг болж байгаа билээ.  Зээлийн төлөлт 2018 оноос Монгол Улсын төсвийн орлогын 20 хувьтай тэнцэнэ гэдэг ирэх жил эдийн засаг илүү хүндэрнэ гэсэн үг.

Иймд Засгийн газар Хөгжлийн банкны зээлээс бага хүүтэй зээл авах талаар хөөцөлдөж эхэлсэн ч одоогоор тодорхой үр дүнд хараахан гараагүй байгаа гэнэ. Далай ламын айлчлалтай холбоотойгоор урд хөршөөс авахаар яригдаж байсан 4 тэрбум долларын зээл бүтэлгүйдэхэд хүрсэн. Иймд өөр улс орнууд, ОУВС, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагуудаас хөнгөлөлттэй зээл авахаар чармайж буй ажээ.

 УИХ-ын дарга М.Энхболд ч мөнгө босгохоор ОХУ болон  Арабын нэгдсэн Эмират улс, Саудын араб зэрэг орнуудад айлчлал хийгээд ирэв. Ямар үр дүнтэй ирснийг эс мэдэх. Түүний айлчлалтай зэрэгцэн  Монгол Улсыг ойрын хугацаанд санхүүжилтийн эх үүсвэр олох, зээл босгож чадахгүй бол ирэх жилээс Дефолт зарлана хэмээн "CNBC” цахим хуудаст мэдээлсэн. Тус сайтад Евроазийн сангаас манай Засгийн газарт анхааруулсан гэх мэдээлэл нийтлэгдсэн юм. Засгийн газар ийм анхааруулга ирээгүй гэж мэдэгдсэн. Дайр нь дээр нь давс гэгчээр Монгол Улсын зээлжих зэрэглэлийг "С” ангилалд оруулсан нь хүсэхэд хясал болгов. Иймээс гадны орнууд УИХ-ын даргад "no” гэсэн хариулт өгсөн байхыг ч үгүйсгэмгүй.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатын тайлбараар Монгол Улсад гурван сонголт байгаа гэнэ. Нэгдүгээрт зээлээ хугацаанд нь төлж эхлэх. Хоёрдугаарт зээлийн төлөх хугацааг хойшлуулах явдал аж. Харин нөгөөх нь Монгол Улс дампуурлаа зарлах явдал гэжээ. Засгийн газар зээлийн төлбөрөө төлөх хугацааг хойшлуулах асуудлаар хөөцөлдөж байгаа ажээ. Хоёр сарын дараа төлөгдөх 500 тэрбум төгрөгний сургаар "шоконд” орсон манай эдийн засаг, ирэх жил үүнээс 2.5 дахин зээлийн эргэн төлөлтийг хийнэ. Зээлийн эргэн төлөх хугацааг сунгасан тохиолдолд, төлөх хэмжээ улам л нэмэгдэнэ. Гэвч энэ хооронд Монгол Улс мөнгөтэй болж чадах уу гэдэг хамгийн чухал юм. Гаднаас бага хүүтэй зээл авч "Урд хормойгоороо хойд хормойгоо нөхнө” гэдэг түр зуурын гал намдаасан ажил болохоос эдийн засгаа бодитой сэргээх явдал биш юм.

Ойрын ирээдүйд алт, зэс, нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өслөө ч Монгол Улсын эдийн засаг сайжрах боломж тун хомс байгаа билээ. Учир нь Оюутолгой, Тавантолгойн орд ашигтай ажилласан ч хэдэн жилдээ өрөө төлөхөөс өөр санхүү эдийн засгийн үр ашгийг Монгол Улсад өгөхөөргүй байгаа юм. Гэхдээ нэгэнт зээлээ төлж чадахгүй бол Засгийн газар дампуурлаа зарлахаас урьдаж зээлээ хойшлуулах нь эцийн гаргалгаа байхыг үгүйсгэхгүй. Гэвч олон улсын байгууллагууд Монголчуудын зоргоор зээлийн төлөх хугацааг хойшлуулна гэдэг юу бол.

Т.Амараа

zindaa.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler