| |
Мөнгөн эдлэл гэрийн нөхцөлд өнгө оруулах аргууд
Мөнгөн эдлэлийг гэрийн нөхцөлд өнгө оруулах аргуудаас танд зөвлөж байна.
- Ус+сода+тугалган цаас
Хүмүүсийн тэр бүр мэддэггүй цаг хэмнэсэн арга бол саванд ус хийж, тугалган цаас болон 2-3 халбага сода хийж буцалгаарай. Дээр нь өнгө оруулах гэж буй мөнгөн эдлэл, халбага сэрээгээ хийгээд 10-15 минут байлгахад болно.
Эсвэл хоосон саванд тугалган цаас дэвсээд дээр нь 2-3 халбага сода хийж мөнгөн эдлэлээ тавиад буцалсан ус хийгээрэй. Ингэснээр та мөнгөн эдлэлээ өөрөө зүлгүүрдэж цаг алдахгүй.
- Ус+сода
Хүнсний содоор мөнгөн эдлэлээ усаар норгоод арчиж зүлгэвэл өнгө орно. Алчуур эсвэл марль давхарлаад арчиж болох ба жижиг нарийн хэсгүүдэд шүдний сойз хэрэглээрэй.
- Ус+сода+давс+аяга угаадаг шингэн саван
Хөнгөн цагаан саванд 1 литр ус хийж, дээр нь 1 хоолны халбага аяга угаадаг шингэн саван, 1 халбага давс, 1 халбага содыг хийгээд өнгөлөх гэж буй эдлэлүүдээ хийгээд зөөлөн гал дээр 20-30 минут буцалгаарай. Та өнгө орж байгааг тэр дороо л анзаарах болно.
- Шүдний нунтаг оо+нашатырийн спирт /эмийн сангаас/
Хэрвээ гэртээ та шүдний нунтаг оо хэрэглэдэг бол нарийн хээ хийцтэй гинж ээмгээ норгоод нунтаг оогоор хийгээд өнгөлж болно. Мөн эмийн сангаас аммиак буюу нашатырийн спирт аваад нунтаг оотой хольж өтгөн зуурмаг болгон мөнгөн эдлэлээ арчиж цэвэрлэж болно.
- Нашатырийн спирт+ус
Мөнгөн эдлэлээ 1:10-ын харьцаатай нашатырийн спирт болон усанд хийж болно. Үүний тулд 1 хоолны халбага спирт 10 хоолны халбага ус гэсэн харьцаатайгаар өөрийн хэрэглэх хэмжээнд тохируулан хийнэ. Бага зэрэг харласан эдлэлийг энэ уусмалд удаан байлгах шаардлагагүй. Алчуураа тухайн уусмалд норгоод эд хэрэглэлээ арчиж болно. Нашатырийн цэвэр спиртэнд их бохирдож харласан эдлэлийг 10-15 минут байлгахад өнгө орно.
Эцэст нь танд зөвлөхөд байнга хэрэглэдэггүй мөнгөн аягыг тугалган цаасанд боож хадгалаарай. Ингэснээр та мөнгөн эдлэлээ харлахаас сэргийлэх болно.