|
Видео

Шинэ мэдээ

АН-ын шинэ дээлийн ӨНГӨ

 

АН-ын VII Их хурал энэ ням гаригт болно. Бараг Ерөнхийлөгчийн сонгуулийг багасгасан хувилбараар буюу гишүүдийнхээ дунд улс орон даяар сунгаа явуулж, намын даргаа сонгосон тэдний хувьд VII Их хурлаараа С.Эрдэнийг батламжилж, ирэх гурван жилийнхээ зургийг гаргах учиртай. Мөн удтал хэлэлцэж буй АН-ын Үндсэн дүрэм, үзэл баримтлалын шинэчлэлийг эцэслэн батлах хүлээлт бий. Гэхдээ АН-ын Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгыг энэ удаагийн хурлаар эцэслэн батлахгүй, харин нэмэлт өөрчлөлт оруулахаар болсныг Ажлын хэсгийн ахлагч Ш.Түвдэндорж тодотгоно лээ. Тэгэхээр намын даргаа албан ёсных болгох, Үндсэн дүрэмдээ нэмэлт өөрчлөлт оруулах, удирдлагын бүтцээ шинэчлэх нь VII Их хурлаар хэлэлцэх гол асуудал байх нь. Харин ирэх тавдугаар сард товлохоор зэхэж буй VIII Их хурлаар шинэчилсэн Үндсэн дүрмээ эцсийн хувилбараар батлахаар тохирчээ.

 

ҮЗХ-НЫ ГИШҮҮН ОЛШИРЧ, ДАРГЫН ТООГОО НЭМЭХ ЗУРАГЛАЛ
Намын даргын сонгуулийн үр дүн нэгэнт гарч С.Эрдэнийг ялагчаар зарласан болохоор энэ асуудлыг түр азная. Харин сонгуулийн ялагдлаас өдөлж, өнгөрсөн хугацаанд 12 удаа хэлэлцэж нэгтгэн эцсийн хувилбарт шилжүүлж, дүүрэг, аймаг, сумдын намын үүрүүдээр хэлэлцүүлж эхэлсэн Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгад онцлох ямар заалтууд орсон нь АН-ын гишүүдэд сонирхолтой сэдэв. Үндсэндээ тоглоомын шинэ дүрмийг дээрээс нь хөөж үзвэл АН хоёр дэд даргатай ажиллахаар болжээ. Мөн Их хурал, ҮЗХ, Гүйцэтгэх зөвлөлийг Их хуралдай, Үндэсний  бодлогын хороо, Ерөнхий зөвлөл болгон нэрийг нь өөрчлөхөөр болсон байна. Үндэсний бодлогын хороог 380 гишүүнтэй байхаар зааж өгчээ. УИХ-ын сонгуулийн тойргийн мандатын тоог тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү тооны гишүүдтэй байна гэсэн үг. Гишүүдийн татварын тухайд жилийн гурван сая төгрөг байхаар тусгажзэ. Ингэхдээ Үндэсний бодлогын хорооны гишүүдийн хугацааг хоёр жилээр тооцож, хариуцлага тооцуулаагүй тохиолдолд дахин сонгогдох эрхийг нь нээлттэй үлдээсэн байна. Одоо мөрдөж байгаа АН-ын Үндсэн дүрмээр Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүний суудлын тоо 228, үүний 50-иас доошгүй суудлыг эмэгтэй гишүүдэд ногдуулах заалт бий.

 

Харин шинэ дүрмээр 76-аас доошгүй нь эмэгтэй, 76-аас доошгүй нь 39 хүртэлх насны гишүүдэд ногдуулахаар тусгажээ. Өөрөөр хэлбэл, 380 гишүүний 152 нь эмэгтэйчүүд, залуу гишүүнээс бүрдэх нь. Намын даргын сонгуулийн дараахан АН-ын "Шонхор”, "МоАХ”, "МоАН” фракциуд нэгдэж эхэлсэн тухай мэдээлэл бий. Магадгүй эдгээр фракц тэр дундаа "МоАН”-ын зүгээс Үндэсний бодлогын хороонд эзлэх залуусын квотыг нэмэгдүүлэх тохироо хийсэн нь энэ байж болох юм. Үүнээс гадна Үндэсний бодлогын хорооны дарга, орлогч даргыг хоёр жилийн хугацаатайгаар томилох хувилбарыг оруулж иржээ. Улмаар ҮБХ-г намын дарга, хурлын дарга, Ерөнхий зөвлөл зарлахаар болсон байна. Эндээс харахад АН-ын шинэ зургаар хоёр дэд дарга, ҮБХ-ны дарго, орлогч дарга гэсэн дөрвөн ч албан тушаал бий болох нь.

 

С.ЭРДЭНИЙН ХУГАЦАА ХОЁР ЖИЛ БАЙНА
Улс төрд тогтсон жишгээр бол ялагдсан намын дарга хариуцлага хүлээж албан тушаалаасаа огцордог уламжлал манайд бий. АН-ын хувьд шинэ даргатай болоод удаагүй ч ирэх зургадугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль гэсэн том даваа тэднийг хүлээж буй. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэ Ерөнхийлөгчийн сонгуульд намаа ялуулж, АН-ын ялагдлын цуваанд цэг тавих уу эсвэл ээлжит нэгэн цохилтоо авах уу гэдэг нь түүний намаа хэрхэн зангидахаас хамаарна. Хэрвээ АН Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдвал С.Эрдэнийг огцруулах сэдэл намаас өдлөх нь тодорхой ч эцсийн хувилбарт шилжүүлээд буй дүрэмд арай өөрөөр заажээ. Тодруулбал, намын даргыг УИХ-ын сонгуульд хамгийн олон суудал аваагүй, чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан, хавсарч үл болох албан тушаалд сонгосон, томилсон, эрүүл мэндийн шалтгаан гэсэн дөрвөн үндэслэлээр чөлөөлж, огцруулахаар заасан байна.

 

Нэг үгээр хэлбэл, С.Эрдэнийн удирдаж орсон АН Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн ч түүнд огцрох үндэслэл гарахгүй гэсэн үг. Зөвхөн сонгуулийн үр дүнг Их хурлаар хэлэлцэхээр заажээ. Гагцхүү УИХ-ын сонгуульд ялалт байгуулаагүй тохиолдолд намын дарга, дэд дарга, ерөнхий нарийн бичгийн даргыг шууд огцорсонд тооцох заалт байна. Үүгээр УИХ-ын сонгуулийн санал хураалт явагдсан өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд ҮБХ хуралдаж дээрх албан тушаалтнуудыг огцорсонд тооцож, Үндсэн дүрмийн хорооноос ажлын тав хоногт багтаан албажуулахаар тусгажээ. Мөн Их хурлыг санал хураалт явуулсан өдрөөс 90 хоногийн хугацаанд багтааж товлох юм байна. Энэ тохиолдолд дараагийн дарга тодрох хүртэл ҮБХ-ны даргад эрх үүрэг нь шилжих аж. Одоогийн АН-ын дүрэмд ийм заалт байхгүй ч шинээр оруулсан энэ заалт С.Эрдэнийг 2020 хүртэл АН-аас уях сэдэл байж мэдэх. Гэхдээ С.Эрдэнэ намын даргаар батламжлуулж, АН-ыг 2020 он хүртэл чиглүүлэх асуудлыг хараахан эцэслээгүй. Учир нь, Их хурлын төлөөлөгчдөөс 50+1 гэсэн саналыг авч байж тэрбээр албан ёсны дарга болно. Намын даргын сунгааны өмнөхөн "Шонхор”-оос хүн нэр дэвшүүлэхгүй гэсэн тохироо хийсэн ч эцэстээ С.Эрдэнийг зүтгүүлж, ялуулсанд эгдүүцэлтэй яваа фракц АН-д нэгээр тоологдохгүй. Тэгэхээр Их хурлаас өмнө тэдгээр фракцуудаа албан тушаалын хуваарилалтад оруулах замаар амыг нь нэгтгэх асуудал С.Эрдэнэд өнөөдөртөө бий. Өөр нэгэн содон заалт гэвэл намын даргын бүрэн эрхийн хугацааг хоёр жил байх заалт Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төсөлд байна. Ингэхдээ Үндсэн дүрэмд өөрөөр заагаагүй бол Их хуралдайгаас итгэл үзүүлсэн тохиолдолд намын даргын бүрэн эрхийн хугацааг сунгахаар тусгажээ. Одоогийн дүрэмд намын даргыг Их хурлаас дөрвөн жилээр сонгож, нэг удаа улиран сонгохоор тусгасан байдаг.

 

ЗӨВЛӨХҮҮДИЙН ТАНХИМ БАЙГУУЛЖ "ЧИХЭЭ ОНГОЙЛНО”
УИХ-ын дахь АН-ын бүлгийн даргын шийдвэрээр дэргэдээ Зөвлөхүүдийн зөвлөлийг байгуулаад байгаа. Өмнө нь УИХ-ын гишүүн, сайдаар ажиллаж байсан хүмүүсийг намын Бүлэгтээ зөвлөгөө өгүүлэх зорилгоор байгуулсан гэх энэ зөвлөлд өнгөрсөн парламентад УИХ, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан эрхмүүд багтаж буй. Тэгвэл Үндсэн дүрмийн өөрчлөлтөөр АН дэргэдээ Зөвлөхүүдийн танхимтай болох аж. Үе үеийн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан эрхмүүд энэ танхимд багтаж, намын даргатайгаа цаг үеийн асуудлаар санал бодлоо хуваалцаж байх аж. Үүнээс гадна Бодлогын зөвлөлийн бүтцийг Засгийн газрын бүтцйн дагуу Үндэсний бодлогын хорооны гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулах аж. ҮБХ-ны гишүүн нь өөрийн саналаар хоёр хүртэл бодлогын зөвлөлд харьяалагдаж болох гэнэ.

 

 АН-ын шинэ дээлийн өнгийг сонжиход ийм байна. Сунгаагаар тодруулсан намын даргаа батламжлах нь тэдний хувьд нэгдүгээр асуудал байж болох ч Үндсэн дүрмээ хэрхэн шинэчлэхээс зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн, 2020 оны УИХ-ын сонгуулийг дүр зураг тодрох учиртай. VII Их хурлаар Үндсэн дүрмээ шинэчлэх чиглэл байсан ч тавдугаар cap хүртэл хойшлуулсны цаана мэдээж ямар нэгэн тохироо бий. Магадгүй суурийг нь цутгачихаад байгаа Үндсэн дүрмийн шинэчлэлд дахин "косметик хагалгаа” хийх шаардлага тулгарсан ч байж болох. Гэхдээ Үндсэн дүрмээ фракцуудын тохироогоор бус нийт гишүүдийнх нь саналаар шинэчлэх нь АН-ын ирээдүйд хэрэгтэй гэдгийг энд тодотгох хэрэгтэй.


С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler