| |
АН эхний даваагаа давлаа
АН-ын даргыг сонгох сонгуулийг өчигдөр 10.00-22.00 цаг хүртэл улс орон даяар явууллаа. Ингэхдээ нийслэлийн есөн дүүргийн 13 хэсэгт авсан бол аймаг, сум тус бүрт нэг санал авах байр ажиллажээ. Санал авах өдрөөс өмнө АН нийт гишүүдийнхээ шинэчилсэн бүртгэлийг явуулахад 140 мянга орчим хүн хамрагдсан байдаг. Үүнээс шинээр бүртгүүлэн, татвараа төлж, санал өгөх эрхтэй болсон нь 120 мянга гаруй гэдгийг АН-ын дарга З.Энхболд хэлнэ лээ. Мөн "Бид стандартын хувьд төрийн сонгуулиас дутахгүй явуулах зорилго тавьсан. Монгол Улсын бүх аймаг, сум, дүүрэгт санал хураах байр нээсэн. Анх удаа зарчмын том өөрчлөлтийг зориглож хийж байна. Аль ч нам даргаа төлөөлүүлэн сонгож, түүгээрээ бусад байгууллагаа байгуулдаг. Харин АН анх удаа дэлхийн жишигт хүрч, нийт гишүүдээрээ даргаа сонгуулж байна. Энэ нь манайд тулгамдаж байгаа мөнгөтэй хүмүүс улс төрд орж, улс төрийн намыг өөрийн болгох, төрийн бодлогод хувийн ашиг сонирхлын зүгээс нөлөөлөх зүйлийг таслан зогсоох зорилготой. Мөн фракцуудаас хамааралгүй нийт гишүүдээс дэмжлэг авсан лидертэй болох зорилго агуулж байгаа юм. Бид Ардчилсан намынхаа шинэчлэлийн том алхам хийлээ. Цаангид намын шинэчлэл олон жил үргэлжлэх байх. Үүний зэрэгцээ Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл, 2020 оны УИХ-ын сонгуулийн бэлтгэл зэрэг олон ажлыг давхар амжуулж байна. Татвараа төлсөн 120 мянга орчим хүнийг хамруулж сонгууль зохион байгуулахын тулд ихээхэн хэмжээний мөнгө шаарддаг юм байна. Нийт таван нэр дэвшигчдээ амжилт хүсье. Хэн ч сонгогдсон бай бусад дөрвөн нэр дэвшигчээ дэмжин ажиллах болно гэж амалсан. Тэр амлалт хэрэгжинэ гэж найдаж байгаа” гэсэн юм.
Үнэхээр ч З.Энхболд даргын хэлсэн шиг шинэ даргаа тодруулахаар зохион байгуулсан сонгууль АН-ын шинэчлэлийг залуурдахад томоохон түлхэц болох эхлэл. Учир нь, АН-ын өмнөх дарга нарыг сонгохдоо Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар хэлэлцэж шаардлагатай гэж үзвэл Их хурлаараа батламжилдаг байв. Нэг үгээр хэлбэл, АН-ын даргыг жирийн гишүүд нь бус фракц хоорондын тохироогоор тодруулж, томилдог байсан нь саяхан. Одоогийн дарга З.Энхболд ч АН-ын нийт гишүүдээс бус Үндэсний зөвлөлдөх хорооноос томилсон дарга гэсэн статустай. Харин 21 аймаг, есөн дүүрэг, 330 суманд нэгэн зэрэг зохион байгуулж буй гэдгээрээ АН-ын даргын сонгууль Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх томоохон сунгаа болсон юм. Намын даргад нэр дэвшигч таван эрхмийн өөр өөрсдийн харьяа дүүргийн санал авах байранд саналаа өгцгөөсөн. Тодруулбал, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Сонгинохайрхан, сайд асан Лу.Гантөмөр Сүхбаатар, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Багануур, Ж.Батзандан Баянзүрх, С.Эрдэнэ Баянгол дүүрэгт саналаа өгөв.
Санал хураалт авч эхэлснээс хойшхи хугацаанд АН-ын нөлөө бүхий улстөрчид сонгуульдаа идэвхтэй оролцохыг бусдадаа уриалж байсан ч 13.00 цагийн орчимд намын даргад өрсөлдөж буй нэр дэвшигчидтэй холбоотой мэдээлэл сошиал ертөнцөөр тарж эхэлсэн. Мөн АН-ын арга З.Энхболд руу чиглэсэн шүүмжлэлийг олон хүн дайж байлаа. Жишээ нь, Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч С.Эрдэнийг зохион байгуулалттайгаар мөнгө тарааж байгаа гэх бичлэгийг УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл өөрийн цахим хуудаснаа мэдээлсэн нь багагүй маргаан дагуулав. Тэрбээр "Баянзүрх дүүрэгт вангийн мөнгө ил цагаан тарж байна, энэ л АН-ыг гутаана шүү, бурхан минь” хэмээсэн юм. Мөн "АН-ын хувь заяа, гишүүдийн бүртгэл З.Энхболдын мэдэлд буй өнөө цаг үе түүхэнд ингэж үлдэх нь дээ” хэмээн санал өгөх эрхгүй болсон гишүүдийн зургийг намын даргадаа хаягласан юм. Харин УИХ-ын гишүүн асан М.Батчимэг "Монголын ардчилал эмзэг байгаа, намд шинэчлэл ус агаар шиг хэрэгтэй байгаа үед намын дотоод сонгуульд мөнгө тарааж байгаа нь гутамшигтай” гэсэн байв.
АН-ын дарга З.Энхболдын хувьд шинэчилсэн бүртгэлийг хоёр хоногоор сунгаж нэгдүгээр сарын 6-ны 24.00 цагаар тасалбар болгох тушаалыг өмнө нь гаргасан байдаг. Орон нутгийн намын гишүүд шинэчилсэн бүртгэлд хамрагдах идэвх сул байгаа учраас бүртгэлийн хугацааг сунгахаар болсон нь энэ. Мөн гишүүдийн шинэчилсэн бүртгэлийг дунд шатны намын хороо энэ сарын 8-нд хүлээн авч, 10-нд АН-ын ХЭГ-т хүлээлгэж өгөхийг тушаасан юм. Гэвч АН-ын дарга уг тушаалаа гэнэт өөрчилж, нэгдүгээр сарын 6-нд АН-ын ХЭГ-т бүртгүүлсэн гишүүдийн бүртгэлийг бүхэлд нь хүчингүйд тооцох шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасан билээ. Үүнээс үүдэж намын даргын сонгуульд оролцох 15 мянга гаруй гиигүүний эрхийг боогдуулсан хэмээн нэр бүхий эрхэм эсэргүүцлээ илэрхийлээд байсан юм. Жишээ нь, АН-ын даргын энэ шийдвэрээр УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн асан М.Батчимэг, Г.Батхүү, Р.Гончигдорж нар санал өгөх эрхгүй болсон байна. Өөрөөр хэлбэл, өчигдөр улс орон даяар зохион байгуулсан сонгуульд саналаа өгч чадаагүй хэрэг. Энэ тухай АН-ын дарга З.Энхболд "Олны танилд зориулсан онцгой дүрэм байхгүй бүх гншүүд анхан шат руугаа очих үүрэгтэй. Очоогүй бол бүртгэхгүй дүрэмтэйг мэдэж ав” гэжээ.
Дугаар шилжих мөчид буюу АН-ын даргын сонгуульд шинэчилсэн бүртгэлдээ хамрагдсан гишүүдийн 60 хувь буюу 70 мянга орчим нь саналаа өгсөн байв. Аймгуудын хувьд санал өгсөн гишүүдийн тоо харилцан адилгүй байгаа ч ирц өндөр гарна гэдгийг сонгууль зохион байгуулах хорооноос мэдэгдсэн юм. Орон нутагт өвөлжилт хүндэрч байгаа ч санал хураалтад ноцтой нөлөөлөх хэмжээнд хүрээгүйг мөн тодотгосон. Албаныхны өгсөн мэдээллээр сонгуулийг будилаан маргаангүй зохион байгуулахын тулд санал авах байр бүрт нэр дэвшигчдийг төлөөлсөн ажиглагч, хоёроос гурван бүртгэлийн ажилтан, бичиг баримт шалгаж оруулах үүрэгтэй угтагч, хянагч, хэсгийн дарга зэрэг 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа гэнэ. Ямартай ч, cap гаруйн хугацаанд 21 аймаг, есөн дүүрэгт ажилласан АН-ын даргын сунгааны үр дүнг харуулах сонгуулийг улс орон даяар ийн зохион байгуулснаар тэд эхний даваагаа давлаа. Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан гишүүд сонгуульдаа идэвхтэй оролцсоноос харахад АН-ын шинэ дарга өнөөдөр тодрох бүрэн боломжтой.
С.ДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/