| |
АН-ын даргын сунгаа цөөн хэдэн хүний гарт байна
АН өнгөрсөн долоо хоногт Их хурлаа хийж, намын даргаа ирэх сарын 29-нд тодруулахаар тогтсон. Ингэхдээ намынхаа даргыг бүх гишүүдээсээ санал авч тодруулах бөгөөд АН-ын даргын марафон намын бүх гишүүнд нээлттэй байна гэж зарласан. Үүний дагуу АН-ын даргад нэр дэвшигчийн бүртгэл өчигдрөөс эхэлсэн. Ингэхдээ намын даргын төлөөх сунгааныг хэрхэн явуулах сонгон шалгаруулалтад өөрчлөлт оруулсан талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, АН-ын даргын Сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар нар хэвлэлийнхэнд мэдээллээ. Намын даргын сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэж эхэлснээс гадна гишүүдийнхээ шинэчилсэн цахим бүртгэлийг мөн өчигдрөөс эхлүүлжээ. Бүртгэлийн ажиллагааг ирэх сарын 10- ныг хүртэл үргэлжлүүлэх юм байна. Харин намын даргын сонгуульд шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаж, 2016 оны татвараа төлсөн саналын эрхтэй гишүүн саналаа өгч намын даргаа сонгох эрхтэй гэдгийг Л.Эрхэмбаяр дарга онцоллоо.
Мөн намын даргад нэр дэвшигч нь АНын гишүүнээр элсээд таваас дээш жил болсон байхаас гадна УИХ-ын болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчийн шалгуур хангасан байх ёстой гэнэ. Түүнчлэн ямар нэгэн гэм буруугүй болохыг нотолсон зэрэг шалгуурыг заавал хангасан байх ёстой аж. Уг нь АН Их хурлаасаа "Намын даргад өрсөлдөх хүсэлтэй хүмүүст ямар нэгэн шалгуур тавихгүй” гэж шийдсэн ч намын даргын сонгууль зохион байгуулах хороо нь өнгөрсөн ням гаригт хуралдаж дээрх шийдвэрийг гаргажээ. АН-ын дарга нарын цагаан дээр хараар бичсэн өгүүлбэр хатаж дуусаагүй байхад ийнхүү удирдах байгууллагынх нь хэдэн нөхөр өөрсдийн дураар өөрчилж орхив. Өөрөөр хэлбэл, АНын даргын сунгаан тус намын бүх гишүүнд нээлттэй, эрх тэгш эрхтэйгээр оролцох боломжтой гэж байсан ч дээрх шийдвэр нь намын дарга болох хүсэлтэй олон хүний боломжийг хаасан үйлдэл болж байгаа юм. Тодруулбал, АН-ын даргад өрсөлдөх хүн нь АН-ын гишүүнээр элсээд таваас дээш жил болсон байх ёстой гэж хугацаа заасан нь тус намыг дэмждэг, гишүүнээр элсээд хоёроос гурван жил болсон АН-ын даргад өрсөлдөх хүсэлтэй хүмүүст хаалт болж байгаа юм. Нөгөө талаар АН Их хурлаараа намын даргаа томилох асуудлыг хэлэлцээгүй хэрнээ дараагаар нь маш олон зарчмын чанартай зүйлсийг шийдсэн нь АН-ын эрх мэдэл одоо ч хэдэн хүний гарт төвлөрч байгааг харуулсан үйлдэл болов. Үүнээс гадна намын даргад нэр дэвшигчийн сурталчилгаа энэ сарын 21-нээс эхэлж 40 хоногийн турш үргэлжлэх аж. Ингэхдээ нэр дэвшигчид нь ухуулга, сурталчилгаа дангаараа хийхгүй. Сонгуулийн хорооноос нэгдсэн журмаар хамтад нь авч явж, орон даяар сурталчилгааг нь зохион байгуулах гэнэ. Үүнээс харахад нэр дэвшигчид нь дарга нараасаа бүрэн хараат, нэгдмэл байдалтайгаар сонгуулийнхаа сурталчилгааг хийх нь байна. Энэ мэт асуудлыг Их хурлаар ярилцаж, үндсэн дүрмийнхээ тодорхой журмыг шийдэх ёстой байтал намын дарга томилох асуудлыг хойшлуулж, зөвхөн цөөн хэдэн хүний хүрээнд асуудлыг шийдэж байгаа нь нийт гишүүдийн ардчлалын зарчмаар өрсөлдөх боломжийг хязгаарлаж байна. Нөгөө талаар бүхэл бүтэн найман жил "дүрмийн бусаар” явсан АН дахиад л дүрмийн бусаар намын даргаа тодруулах болоод байна. Энэ мэт байдлаар намын Их хурлаас гараагүй шийдвэрийг цөөнхийн хүрээнд шийдсэн нь цөөн хэдэн даргын эрх ашгийн хүрээнд яваа асуудал гэж харж болохоор байна.
АН Их хурлаараа хэрхэн шинэчлэгдэх бол гэсэн хүлээлт тус намын гишүүн, дэмжигчдийн дунд байсан ч тодорхой шийдэл гарсангүй. Харин АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр мэдээлэлдээ "АН-ын шинэчлэл дөнгөж эхэлж байна. Их хурлаа хийнгүүт улс төрийн нам шинэчлэгдэхгүй 2-3 жилийн турш үргэлжилнэ. Тэр байтугай монгол хүн бүрийн сэтгэлгээнд өөрчлөлт оруулж, хөдөлмөрийг шүтдэг, өөрсдөө ажлаа явуулдаг, улс төрөөс хараат бусаар ажиллаж болно гэдгийг мэдэрдэг болсон цагт л энэ бүх шинэчлэл жинхэнэ утгаараа хэрэгжинэ” гэсэн. Гэтэл бодит байдалд тус намыг байгуулалцаж явсан хүмүүс "АН шинэчлэгдэхээс өнгөрсөн” гэдэг мэдэгдлийг аль хэдийнэ хийгээд эхэлсэн. Түүний нэг жишээ бол нийт гишүүдээрээ бүх асуудлаа шийдэж чадалгүй Их хурлаа өндөрлүүлсэн атлаа АН өнөөдөр ямар байдлаар намын даргаа сонгохоо тодорхой хэдхэн хүний хүрээнд шийдсэн нь намын даргаа өрөөсгөл байдлаар сонгох нь гэсэн хардлагыг нийт гишүүдийнхээ дунд үүсгээд байна.Олон зуун гишүүнээ цуглуулж Их хурлаа хийсэн ч тодорхой шийдэлд хүрээгүй АН-ынхан сурсан зангаараа тодорхой бүлэглэлийн ашиг сонирхолд нийцүүлэн намын даргынхаа сунгааг явуулахаар боллоо.