| |
Ард түмний эрхийг амандаа зажилдаг АМАРЗАЯАтангуудаар Монголын төр дутаа юу?
Хэвлэлээр бичигдэх тусам олонд танигдаж, од болдог гэх ойлголт бий. Үнэхээр ч хэвлэлд тийм хүч бий. Тэрийг нь мэдэх хүмүүс яаж ийж байгаад хэвлэлүүдээр гарчих юмсан, нэр усаа хүмүүст таниулчих юмсан гэх оролдлогууд хийдэг нь үнэн. Шоу бизнес, арилжааны чиглэлийн салбар дахь хүмүүст бол маркетинг талаасаа энэ нь хэрэгтэй байж болно.
Харин түмний өмнөөс төрд хариуцлагатай алба хашиж байгаа хүмүүсийн тухайд тийм шоучин арга барил тохирохгүй л болов уу. Нэгэнтээ ард түмний өмнөөс эрхийг нь эдэлж байгаа юм бол хариуцлагатай хандах ёстой, урдах ажилдаа.
Тухайлбал, парламентын шинэ гишүүдийн нэг Н.Амарзаяа гэж хүн өөрийнх нь бохь зажилж байгаа бичлэг мэдээллийн сайтууд, сошиал сайтуудаар цацагдаж байгаа явдлыг тархи толгойндоо хэрхэн хүлээж авч байгаа юм бол. Өмнөговиос л сонгогдсон гэхээс өөр хэлж ярих юмгүй тэрбээр "Ард түмнийхээ итгэл, зүтгэлээр сонгогдлоо. Бидэнд дуудах нэрийг аав, ээж минь өгдөг. Тэднээрээ маш их бахархаж байна. Монгол Улсын Төрийн тэргүүнээр уриулж, гар бариад, 76 гишүүнийхээ хамгийн эхэнд тангараг өргөнө гэдэг их хувь заяа.” гэж байсан. Уг нь Төрийн тэргүүнээр уриулж залуулах яахав, төрийн тэргүүнтэйгээ гар барих яахав, гол нь түмний өмнөөс, түмний эрхийг нь эдэлж, төрд гарчихаад, үүрэгт ажилдаа хариуцлагатай хандахын оронд зах дээр яваа хүн шиг бохь зажилчихсан хээв нэг сууж байна гэдэг ёсзүйн хувьд тураал шахуу юм. Хэдийгээр хууль журамд УИХ-ын гишүүн хүн чухал асуудал хэлэлцэж байхад бохь зажилж болохгүй гэж заагаагүй ч, энэ бол ёс суртахууны асуудал юмаа.
Үүнийг л Н.Амарзаяа гэдэг гишүүн ойлгож аваасай. Хатуухан хэлэхэд ард түмний эрхийг амандаа зажилж байгаа юм шиг дэндүү бүдүүлэг бас харгис харагдаж байна шүү дээ.
Нэг сэтгүүлч Н.Амарзаяа гишүүнээс "Та өөрийгөө ганцхан үгээр тодорхойлбол?” хэмээн асуухад "ӨӨДРӨГ” хэмээн хариулсан байна лээ. Магадгүй та өөдрөг болохоороо өөрийнхөө эл үйлдлийг нэг л сайн дүгнэж цэгнэж чадахгүй байж болох юм.
Сэтгүүлч түүнээс "Та азтай хүн мөн үү?” гэсэн агуулгатай асуулт асуухад "-Азтай гэхээс илүүтэй "Нутгийн сонгогчдынхоо итгэлийг хүлээж чадах хүн мөн байна” гэж ерөөсөн сонгогчдоороо бахархаж байлаа… Харин Өмнөговийнхон маань азтай. Нэр дэвшээд очиход л хүн бүр баярын нулимстай, итгэлийн галтай, сэтгэлийн цогтой хийморьлог ард түмэн минь хүч түрэн, уухай өргөн дэмжсэн дээ.” хэмээн хариулсан байсан. Тэгэхээр түүний хэлж байгаагаар Н.Амарзаяаг сонгосон Өмнөговьчууд азтай юм билээ.
Үнэхээр тийм бол нутаг усныхаа хүмүүсийг өөрийнхөө өмнөөс ичээгээд байлгүй өмнөх ажлаа хий л дээ. УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдааныг өргөтгөсөн байдлаар хийж, агаарын бохирдлын асуудлыг хэрхэх тухай хэлэлцэж, гаргасан зөвлөмжийг хэлэлцэж байхад эрхэм гишүүн та өөрийнхөө хэрхэн яаж сууж байсныг энэ бичлэгээс хараад эргэцүүлж нэг бодоорой. Эрх мэдэлтнүүдийн ямба сүрийн тухай сэдэв энд яригдаагүй.
Монголын ирээдүй болсон мянга мянган хүүхдүүдийн өвчлөлийн шалтгаан болоод байгаа утаа, агаарын бохирдлын тухай энд ярьж байсан шүү дээ.
Эрхэм гишүүн та өөрийг нь УИХ-д нэр дэвшүүлж ард түмэнд минь илгээсэн МАН-ын бүх шатны байгууллага, удирдлагадаа баярлалаа гэж хэлье хэмээсэн байдаг юм билээ. Баярлаж болно оо, бололгүй л яахав. Гэхдээ та төр түшиж яваа хүн юм бол ТӨРИЙН ХҮН шиг байгаач!
Харалган, хувиа хичээсэн эрх баригчдаас болж Монгол төрд итгэл түмний итгэл алдарч ядаж байхад, дээр нь нэрмээс болсон хүмүүс цөөн байгаасай гэж хүсье.
Эх сурвалж: Шуурхай.мн
http://www.shuurhai.mn/136967