| |
С.Баярцогт ёс зүйн тураалд орсон юм биш үү?
С.Баярцогт өөрийгөө буруугүй гэж үздэг нь нэгэнт тодорхой болов. Харин ч бүр ёс зүйн хариуцлага хүлээгээд албан тушаалаа өгөөд, гишүүнээр үлдсэн шүү гэх нь холгүй үгсийг өчигдөр унагалаа. Яахав, бүрдүүлсэн бичиг баримт сэлтийг нь харахад тэр хууль журам зөрчөөгүй мэт харагдаж, ойлгогдож, мань эр ч өөрийгөө тэгж ярьж байгаа ч, Монголын төрд олон жилийг хариуцлагатай алба хашиж өнгөрөөсөн хүний амнаас гармааргүй дэндүү үл тоомсорлосон, ёсзүйн тураалтай үгсийг, хандлагыг тэр илэрхийлж байна.
Оффшортонгуудын хэлмэгдүүлэлт Монголд надаар дуусаасай гэж бодож байна гэж тэр хэлж байна лээ. Үнэндээ бол эргээс гадна аваачиж хөрөнгө зоорио хийдэг хүмүүсийн мэдээлэл түүгээр эхлээд үргэлжилж байгаа болохоор өөрөөр нь ч дуусна гэж үлгэр байх. Тэгэхээр энд ЁС ЗҮЙ гэж чухам юуг хэлээд байдгийг хамтдаа авч үзье. Ер нь бол судлаачдын үздэгээр Ёс зүй гэдэг нь хүний юуг муу, юуг буруу ямар юмыг сайн ямар юмыг муу гэж үздэг тухай хувийн итгэл үнэмшил юм гэдэг ч, адгууснаас оюун ухаанаараа ялгарах хүний нийгэмд ёс зүйн тухай тодорхой тогтсон төлөв түвшин ойлголтууд байх нь өөрөө зохист үзэгдэл юм. Мөн нэг талаас уламжлалтай ч холбогдож таарах болов уу. Тэр ч утгаараа түмний итгэлийг хүлээн төрд сонгогдсон сонгуульт хугацаандаа хөлөө хугалчихаад гэртээ хэвтсэн 6 сард нь хийх ажлаа олж ядахдаа л оффшорт компани байгуулж бүртгүүлсэн гэж ярих нь зохистой зүйл мөн үү. Уг нь цаана чинь сонгогчдын хүлээлтийн тоолуур ажиллаж л байсан байгаа. С.Баярцогтын хөл юм уу гар сагс тоглож байгаад хугарсныг хэн нь ч мэдээгүй. Гол нь таниас өөрсдийнх нь төлөө ажиллахыг л хүлээж байсан байгаа. Гэтэл С.Баярцогт тэр 6 сарыг оффшор тийш хараагаа бэлчээж өнгөрөөсний балгаа өөрөө одоо үүрч байгаа юм.
Гэхдээ тэр үнэхээр ёсзүйн тураалд ороо юу гэлтэй хандлагыг илэрхийлж байна. Би бол ямар ч буруу юм хийгээгүй гэж тэр өөрөө хэлнэ лээ. Уг нь С.Баярцогт ардчиллын ноён нурууд юу болохыг сайн л мэддэг хүн баймаар. Тэр ч утгаараа эрх зүйт төртэй хамгийн сайн засаглалтай орон байхыг хүсвэл улс орны иргэн бүр ёс суртахууны хэм хэмжээний талаар тодорхой ойлголттой байх ёстойг тэр сонссон л баймаар. Гэтэл үг үйлдлийг нь харахаар түүнд тэр талын ойлголт ер байхгүй юу гэлтэй. Тэгвэл С.Баярцогтод хандаж хэлэхэд Л.Цэвэлийн "Монгол хэлний тайлбар тольд "Ёс зүй гэдэг ойлголтыг "юмны зайлшгүй зүй тогтол жам тавилан” гэж тайлбарласан байдаг юм билээ. Тэгэхээр ёсзүйн хувьд зөрчилтэй алдаа дутагдалтай үйл хийсэн гэдэг бол зохисгүй зүйл хийсэн л гэсэн утга дагуулах юм. Гэтэл С.Баярцогт ёс зүйн л хувьд тиймхэн юм хийсэн болохоос хууль зөрчөөгүй гээд байгаа нь үнэхээр харамсалтай өнцөг юм. Ёс зүйгээ уландаа гишгэлээд байх юм бол бид яаж энэ нийгэмд хүн шиг амьдарцгаах болж байна аа.
Ер нь улстөрчдөд оффшор данстай байх ёс суртхууны эрх байхгүй гэдгийг судлаач шинжээчид хэлсээр ирснийг энд зориуд дахин тодотгоё. С.Баярцогтын Монгол төрийн сайд явсан хүн оффшор буюу татвар, хяналт, нууцлалын хамгийн таатай, хялбар нөхцөлийг санал болгодог бүсэд байгуулсан нууц компанийнхаа баримт бичиг дээр улсынхаа нэрийг Хятадын Монголын Улаанбаатар гэж бичүүлснээ анзаараагүй өнгөрсөн нь дэндүү хайнга хэрэг болоод л одоо замхарч таарч байгаа. Өөрийгөө ёс зүйн зөрчилтэй гэдгийг мэдэж байж би буруугүй гэж ярьж сууна гэдэг бол ёстой нөгөө тархины тураал гэдэг шиг ёс зүйн тураалд ороо юу даа гэж л харахад хүргэж байна.
Эх сурвалж: Б.Тамир, Шуурхай.мн