| |
С.Баярцогт өрөвдүүлэх "ажилдаа" орлоо
Намынх нь гишүүн шилдэг оффшорчин болоод зогсохгүй БНХАУ-ын иргэнээр нэрийдэж яваа нь АН-ыг муухай харагдуулж байгаа нь тодорхой. Уснаас цэвэрхэн гарахыг оролдож Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд нар "С.Баярцогтыг УИХ-д нэр дэвшиж, ард иргэдээ төлөөлөн парламентад суух эрхгүй” гэж үзэж байгаагаа мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл энэ удаагийн УИХ-ын сонгуульд С.Баярцогтод боломж олгохгүй гэдгээ олон нийтэд зарлачихлаа. Нөхцөл байдал иймдээ хүрээд байхад С.Баярцогт бууж өгөлгүй "С.Баярцогт шиг хүнийг бэлтгэхэд дахиад 20-30 жил шаардлагатай" гэх төлбөртэй нийтлэл бичүүлэн, түүнгүй л бол монголын парламент зүг чигээ олохгүй төөрөх аюултай мэтээр ойлгуулж явна. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд С.Баярцогт монголын төрд "Оюутолгой”-н гэрээг маргааны алим болгон хувиргаж, олон мянган хувьсагчаар хаацайлаад өнгөрөхийг оролдсоноос өөр хийж бүтээсэн, санаж санаачилсан гавьяагүй нэгэн гэлцдэг юм билээ. Ийм байтал С.Баярцогтоос өөр ухаантан эх оронд минь байхгүй гэж ойлгуулах нь дэндүү арга ядсан арга бус уу.
Энэ долоо хоногт УИХ-д нэр дэвшигчид ҮЗХ-ны гишүүдийн олонхийн саналаар тодрох ч ийнхүү нэрс тодорхой болсны дараа АН-ын ҮЗХ хуралдаж, намын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ эзэн болж С.Баярцогтыг нэрсийн жагсаалтаас "арчих” нь дамжиггүй.
Оффшорын эсрэг хууль "дарагдахад” С.Баярцогт нөлөөлсөн
Гурван жил тоосонд дарагдсан оффшорын эсрэг хуулийг одоо л хэлэлцэхээр болж байна. Өнгөрсөн 2013 онд өргөн барьсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан санаачлан өргөн барьсан. Төрийн өндөр албан тушаалтан, тэдэнд хамаарал бүхий хүн оффшор бүсэд данстай байхыг хориглосон дээрх хуулийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн С.Баярцогт тэргүүтэй гишүүд "оффшор гэдэг үг ойлгомжгүй байна” гээд хуулийн төслийг унагасан. Арга ч үгүй биз Швейцарын банкинд сая ам.доллар мартдаг түүнд дахин дахин оффшор гэдэг үгийг сонсоод байх хүсэл төрөхгүй нь мэдээж шүү дээ. Ямартай ч энэхүү хуулийн төслийг энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлнэ. Энэ удаагийн парламентийн хаврын чуулганд амжиж батлагдах эсэх нь харин эргэлзээтэй юм.
Д.Сүрэн