|
Видео

Шинэ мэдээ

Ойрхи Дорнод, Европын орнууд айдаст автлаа

Хоёрхон өдөрт дэлхийн дөрвөн улсад террорист халдлага гарчээ. Энэ талаар "www.dailymail.co.uk” сайт нийтэлжээ.

 

Шинэ оны өмнө дэлхийн олон орон уй гашууд автлаа. Учир нь террористууд хоёрхон өдрийн дотор дөрвөн улсад халдлага зохион байгуулж, 75 хүнийг хөнөөсөн байна. Энэ халдлагуудын ард Ойрхи Дорнодод хяналтаа тогтоохыг санаархаж буй "Халифын вант улс” бүлэглэл бий хэмээн АНУ-ын Тагнуулын Ерөнхий газраас мэдээлэв.

 

 

 

Энэ амралтын өдөр Йордан улсын Амман хотын "Карак” гэх соёл амралтын хүрээлэнд нэг этгээд иргэд рүү гал нээсэн байна. Уг халдлагын улмаас 10 хүн амиа алдаж, 34 хүн бэртсэн билээ. Амиа алдагсдын дунд тус улсад жуучлалаар ирсэн Канадын иргэн байсан талаар албаныхан мэдээлэв.

 

Энэхүү халдлагыг Иракийн хэт даврагч "Халифын вант улс” бүлэглэл захиалсан тухайгаа өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм. Тэд "Бид удахгүй Йорданыг хяналтадаа авах болно” гэж твиттертээ жиргэжээ. Цагдаагийнхан халдлагатай холбоотой дөрвөн этгээдийг баривчлан саатуулаад байна. Баригдсан хүмүүсийн хоёр нь тус бүлэглэлтэй холбоотой болохыг тогтоосон аж. Каракийн халдлагаас ганцхан өдрийн дараа Йемений Аден хотноо мөн  террорист халдлага боллоо.

 

Уг халдлагын улмаас 52 хүн амиа алдаж, 34 хүн шархтжээ. Амиа алдагсад бүгдээрээ цэргийн албан хаагч байсан аж. Нэг этгээд шалган нэвтрүүлэх цэг дээр өөрийгөө егүүтгэжээ. Тус улсын "Саба” агентлаг "Уг хорлон сүйтгэх ажиллагааг Иракийн хэт даврагч "Халифын вант улс” бүлэглэл захиалсан болохыг шалгалтаар тогтоосон” гэж мэдээлжээ.

 

Ийнхүү террористууд 24 цагийн дотор 62 хүний аминд хүрэв.

 

 

 

Аден хотод болсон халдлагаас хэдхэн цагийн дараа Германы нийслэл Берлин хотноо террорист халдлага гарчээ. Халдлагаар 12 хүн амиа алдаж, 48 хүн шархтсан байна. Зул сарын баярт зориулсан үзэсгэлэн худалдаа Вильгельм Кайзерын сүмийн дэргэд нээгдсэн байна. Уг үзэсгэлэн худалдааг үзэж байсан иргэдийг ачааны машинтай этгээд дайрчээ. Цагдаагийнхан шуурхай ажиллаж жолоо барьж байсан этгээдийг устгасан бол хамт явж байсан этгээдийг баривчилсан аж.  Баригдсан этгээд Пакистанаас ирсэн бөгөөд хэдхэн сарын өмнө Германаас орогнол хүссэн байжээ. Мөн тэрбээр өмнө нь хэд хэдэн удаа гэмт хэрэгт холбогдож, Германы цагдаа нарын хяналтад байдаг байсан гэх мэдээллийг орон нутгийн хэвлэлийнхэн өгөв.  "Амак” агентлаг "Берлин хотноо террорист халдлага үйлдсэн этгээд Иракийн хэт даврагч "Халифын вант улс” бүлэглэлийн хөлсний цэрэг байсан” гэж мэдээлжээ. Уг мэдээллийг одоогоор албаныхан батлаагүй байна. Гэхдээ эрх баригчид "Энэ бол террорист халдлага” гэж мэдэгджээ.

 

 

 

Германы Ницца хотноо өнгөрсөн долоодугаар сард нэг ачааны машинтай этгээд иргэдийг дайрч, халдлага үйлдсэн билээ. Уг халдлагаар 86 хүн амиа алдаж, 200 гаруй хүн бэртсэн юм. Энэхүү халдлагыг Иракийн хэт даврагч "Халифын вант улс” бүлэглэл захиалсан болохоо твиттер хуудсаараа мэдэгджээ. Ницца хотын халдлагыг дуурайж, Берлин хотноо халдлага үйлдсэн хэмээн эрх баригчид үзэж байна. Одоогоор Берлиний халдлагын хариуцлагыг ямар нэгэн бүлэглэл хүлээгээгүй байгаа юм.

 

Берлин хотын халдлагатай зэрэгцэн Туркийн Анкара хотноо Элчин сайдын аминд хүрсэн халдлага гарсан нь олон улсын анхаарлыг татав. Анкара хотноо суугаа ОХУ-ын бүрэн эрхт Элчин сайд Андрей Карлов үзэсгэлэнгийн нээлтэд оролцож байхдаа цээжин тус газраа буудуулан амиа алджээ.Халдлагыг 22 настай Мевлут Мерт Алтинтас гэх этгээд үйлдсэн байна. Тэрээр Сирид явуулж буй Оросын цэргийн ажиллагааг буруутгаж, ийнхүү Элчин сайдыг хөнөөсөн аж. Халдагч этгээд Туркийн цагдаагийн ажилтан байсан бөгөөд өмнө нь тусгай хүчинд алба хааж байжээ.Цагдаагийнхан уг хэрэгтэй холбогдуулан түүний эцэг, эх, эгч, дүү болон хамаатны хоёр ахыг нь баривчилсан талаар албаныхан өгүүлэв.Түүнийг Иракийн хэт даврагч "Халифын вант улс” бүлэглэлтэй холбоотой хэмээн албаныхан таамаглаж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин "Энэ хэргийн ард ямар ч бүлэглэл бай бид тэднийг устгах болно. Бид хариугаа авна. Терроризмын эсрэг тэмцлээ эрчимжүүлэхээ илэрхийлье” гэж мэдэгджээ.

 

 

 

Мөн уг хэргээс хэдхэн минутын дараа Анкара дахь АНУ-ын Элчин сайдын яамны гадна нэг этгээд агаарт хэд хэдэн удаа буудсан хэрэг гарчээ. Цагдаагийнхан гал нээсэн этгээдийг баривчилсан гэнэ.

 

"Исламын улс ийнхүү ойр ойрхон халдлага үйлдэх болсон нь Ойрхи Дорнод дахь хяналт нь багасч буйтай холбоотой” хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгдэв.АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эвслийн явуулж буй ажиллагааны улмаас исламын улсын Ирак дахь орон зай эрс багасчээ. 1.5 жилийн өмнө тус бүлэглэл Иракийн газар нутгийн 60 орчим хувьд хяналтаа тогтоосон байсан бол өнөөдрийн байдлаар эзлээд буй газар нутгийнхаа 80 орчим хувийг алджээ. Мөн тус бүлэглэлийн Сири дэх орон зай хүртэл жижгэрчээ.

 

Хэдхэн хоногийн өмнө Оросын дэмжлэгээр Сирийн армийнхан 2014 оны эхээр террористуудад алдсан Алеппо хотыг чөлөөлсөн юм.  Тус бүлэглэл Зул сарын өмнө олон улсад заналхийлж магадгүй хэмээн Европын холбоо үзэж, сонор сэрэмжтэй байхыг сануулжээ. Террористууд өнгөрсөн Зул сарын өмнө Парис хотноо халдлага үйлдэж, 130 хүнийг хөнөөсөн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

shuud.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler