|
Видео

Шинэ мэдээ

Ц.ХОСБАЯР ДАСГАЛЖУУЛАГЧ АА ДОПИНГИЙН “ИД ШИД”-НД ХЭДЭН ЖИЛ НАЙДАХ ВЭ?

Ц.ХОСБАЯР ДАСГАЛЖУУЛАГЧ АА ДОПИНГИЙН “ИД ШИД”-НД ХЭДЭН ЖИЛ НАЙДАХ ВЭ?

 

Иргэншил солих асуудалд "ҮГҮЙ” гэдэг хариултыг маш тодорхой өгсөн хүндийг өргөгч М.Анхцэцэг арваннэгдүгээр сард болсон хоёр ч тэмцээнд түрүүлснээр Монголын хүндийг өргөлтийн түүхийг амжилтын цоо шинэ хуудсаар нэмсэн.

ОУХМ М.Анхцэцэг арваннэгдүгээр сарын 14-16-ны өдөр Япон улсад зохиогдсон хүндийг өргөлтийн азийн аварга шалгаруулах тэмцээнд  огцом өргөлтөөр 105, түлхэлттэй өргөлтөөр 130, нийлбэрээр 235 кг өргөн, азийн аварга болж, Токиогийн тэнгэрт Монгол Улсынхаа төрийн дууллыг эгшиглүүлсэн. Үүнээс долоо хоногийн дараа Мексикийн Мериад хотноо эхэлсэн хүндийн өргөлтийн оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нийлбэр дүнгээр 235 кг-ыг буюу өмнөх захиалгаа амжилттай давтан /огцомоор 105 кг, түлхэлтээр 130 кг/  дэлхийн залуучуудын аварга болсон.

Санхүү мөнгөний асуудлаас шалтгаалж дасгалжуулагчгүйгээр хоёр том тэмцээнийг зорьсон ч  долоо хоногийн давтамжтай хоёр алтан медалийг хүртэж чадсан билээ. Түүний олон улсын тавцанд гаргаж буй амжилт, ялалт бүхэн Монголын хүндийг өргөлтийн түүхэн дэх цоо шинэ рекорд болон тэмдэглэгдэж буй. Монголчууд бид ч хүндийг өргөлтийн спортоос олимп, тив дэлхийн хэмжээний амжилтыг хүлээж, нэхэх болсон нь М.Анхцэцэгтэй л холбоотой.

Рио 2016 зуны олимпийн наадмын дараагаас залуу ирээдүйтэй тамирчны хөгжөөн дэмжигчид үлэмж нэмэгдэн, Асашёорюү Д.Дагвадорж аварга, Д.Сэржбүдээ захиралтай "YTM Mongolia” ХХК  тэргүүтэй  тусалж дэмжих, ивээн тэтгэгчид ч эхнээсээ тодорсон.  Тэр бүү хэл АНУ, БНСУ, Тайланд, Казакстан улсууд өөрийнхөө орны дээрээс тэмцээн уралдаанд оролцуулах өндөр мөнгөн дүнтэй гэрээг одоо ч санал болгосоор байгаа гэдэг.

Тэгвэл энэ бүх амжилтын нууц юунд оршино вэ? Тамирчны амжилт дасгалжуулагчийн ур ухаанаас эхтэй гэвэл Ц.Хосбаяр багшийн гайхамшиг юунд оршино вэ? Тамирчны асар их хөдөлмөр, хичээл зүтгэлийн цаана юу нуугдана вэ? Юмны наад, цаад нарийн учрыг мэддэг улсын хэлж буйгаар М.Анхцэцэгийн амжилт цаг зуурынх байх магадлал өндөртэй бөгөөд, биднийг олон жил баярлуулж чадахгүй гэх. Энэ бүхнийг манай редакц хөдлөшгүй баримт сөхөн дэлгэж байна.

Баримт №1

ОУХМ, дэлхийн залуучуудын аварга М.Анхцэцэг Рио 2016 зуны олимпийн наадмын дараагаар их спортоо бүр мөсөн орхих гэж байсныг мэдэх хүн ховор. Эд амжилт үзүүлэх торгон ирэндээрээ байгаа тамирчин яагаад цэл залуугаараа зодог тайлах тухай бодож эхлэв? Энэ нууцыг шигшээ багийн тамирчин н.Энхдэлгэр бидэнд дэлгэсэн юм. Тамирчин н.Энхдэлгэр хэлэхдээ, "Анхаа чинь хүн шүү дээ. Тэр дундаа ирээдүйд ээж болох бүсгүй хүн. Адгуус араатан, төмөр робот биш шүү дээ. Ц.Хосбаяр багш Анхаад ямар их эм, тариа хүчээр хэрэглүүлдэгийг хүмүүс төсөөлөхгүй л дээ. Амжилт гаргуулахын тулд эм, тариагаар бөмбөгддөг. Тэрний сөрөг нөлөөнөөс болж  Анхцэцэг өглөө бүр сэргээгдэх эмчилгээнд явдаг. Хосоо багш бидэнд хэрэглүүлдэг эм, тарианыхаа нэрийг ерөөсөө хэлдэггүй ч эмэгтэй тамирчид бидэнд хэрэглүүлдэг бэлдмэл нь  анаболик стероид хэмээх эр бэлгийн гормоны төрлийн бэлдмэлүүд болохыг бидэнд илэрч буй өөрчлөлтөөс мэдсэн.Эр бэлгийн гормоныг хэрэглэхээр яадаг вэ гэвэл  5,6 сараар сарын тэмдэг тасалддаг. Мөчлөг алдагддаг. Эмгтэй хүний хоолой бүдүүрч эр хүн шиг болдог. Биеийн галбир алдагдагдаж эхэлдэг” гэсэн юм.

М.Анхцэцэг Рио 2016 зуны олимпийн наадмын үеэр олимпийн хүрэл медальт, МУГТ Н.Отгондалай, ОУХМ, боксчин Б.Түвшинбат нартай цуг олон нийтийн facebook.com сүлжээгээр  "live” хийхдээ, "Штанг өргөхөд хоолой цохигдсоор байгаад ийм болчихдог” гэж тайлбарласан. Үүнд нь ч  ”Ганбууш шиг хоолойтой” гэж түүнийг доромжилсон дэггүй залуус итгэсэн. Тэгвэл энэ тайлбар худал бөгөөд, залуу, царайлаг туйванч хөгжөөн дэмжигчидээ хуурчээ. Хэрэв хүндийг өргөлтөөр хичээллэхээр эмэгтэй хүний хоолой штангад цохигдон гэмтсээр хоолойны өнгөнд өөрчлөлт ордог бол МУГТ Н.Баярмаагийн хоолой тэгвэл өнөөг хэр нь яагаад байна вэ? Түүнчлэн М.Анхцэцэг олимпийн дараагаар зодог тайлах гэж байсны жишээ нь түүний багш Ц.Хосбаярын өгсөн, "Олимпоос хойш бид хоёр 48 хоног амарсан. Үл ялиг тохойны бэртэл байсан тул эмчлүүлэх, эдгээх шаардлагатай байсан. Нөгөөтэйгүүр охин маань сүүлийн дөрвөн жил амраагүй, тасралтгүй бэлтгэл хийсэн. Ингээд 10 дугаар сарын 10-ны сайн өдрийг сонгож бэлтгэлээ хийж эхэлсэн” гэх ярилцлагаас бэлэхнээ анзаарагдана.  Тамирчин нь тэмцээн уралдаанд явж эхэлснийг бодвол багш нь сайн ятгаж дөнгөжээ.

 Баримт №2

Оюутны дэлхий аварга шалгаруулах тэмцээнээс ирснээсээ хойш  "Мөнгөн гүүр” эмнэлэгээр зүүн бугуйндаа авсан гэмтлээ эмчлүүлж буй аж. Өдгөө 20 нас шүргэж яваа залуу тамирчинд ужиг гэмтэл дэндүү олон гэнэ. Удаа дараалсан хүнд гэмтлүүдийн учир шалтгаан нь өнөөг хэр түүнийг дасгалжуулсан багш нарын ур чадварын дутагдал, буруу бэлтгэл сургуулилтаас үүдэлтэй гэнэ.

Өнгөрөгч 2012 оны эцсээр Монголын үндэсний олимпийн хорооны байранд  Монголын хүндийг өргөлтийн холбооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн хурал зарлан хийжээ. Дээрх хурал оны эцсийн тайлангийн хурал бус шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, холбооны нарийн бичгийн дарга агсан Б.Гансүхэд хариуцлага тооцох хурал байв. Дээрх хурлыг тамирчин М.Анхцэцэгийн ар гэрийнхний мэдүүлэг, гомдол дээр үндэслэн явуулсан аж. Гэр бүлийн мэдүүлэгт дасгалжуулагч Б.Гансүх тамирчин М.Анхцэцэгийг байнга зоддог, бэлгийн хүчирхийлэлд оруулдаг хэмээн дурьдсан аж. Гэр бүлийн гомдол дээр үндэслэн тамирчинд үзлэг хийхэд бүх бие нь хөхөрч няцарсан гэмтсэн байдалтай байсан аж. М.Анхцэцэг энэ үед буюу 14 насандаа анхныхаа хүнд гэмтлийг авчээ. Гэмтлийн шалтгаан нь 14 настай, яс нь гүйцэд бэхжээгүй хүүхдэд хэт хүндэтсэн бэлтгэл болох 160 кг, 180 кг-ийн жинтэй штангад суултын дасгал хийлгэдэг байснаас нуруунд нь суулт өгсөн аж.  Талийгаач Б.Гансүх, өдгөөгийн дасгалжуулагч Ц.Хосбаяр нар хоёулаа нэрт дасгалжуулагч Самбуу багшийн шавь нар бөгөөд  Самбуу багшийн тамирчдаа бэлтгэлээр хэт шахдаг, элдэв эм тариагаар "бөмбөгддөг” технологи одоо ч хэрэгжсээр байгаа аж.

Баримт №3

Олон Улсын сэргээшийн эсрэг байгууллага /WADA/ -гаас тамирчин хэрэглэхийг хориглосон хориотой эм бэлдмэлийг байнгын давтамжтай хэрэглэснээс үүдэн тамирчин харамсалтайгаар амьсгал хураасан тохиолдол дэлхийн спортын түүхэнд элбэг. Ийм тохиолдол өнөөгийн шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаярын багш Т.Самбууг шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч байх үед тохиолджээ.  Энэхүү эмгэнэлт түүхийг сөхвөл, 67.5 кг-ийн жингийн шигшээ багийн тамирчин Амгаасэдэд эритропоэтин бэлдмэлийг их хэмжээгээр өгснөөс 1974 онд тамирчин Амгаасэд 12 бүхэлтэй шарлан, сар эмнэлэгт хэвтсэний эцэст элгээрээ бөөлжин нас баржээ. Эмнэлэгт нөхрөө сахиж байсан 6 сартай жирэмсэн эхнэрт нь шар өвчин нь халдварлаж гэр бүлээрэй өөд болсон "дарагдсан” гашуун сургамж бий. Эхнэр Гүндэгмаа нь тухайн цаг үеийн монголын номер нэг гимнастикийн тамирчин байсан гэдэг. Энэ эмгэнэлт  явдлыг нууж дараад өнгөрсөн , өнөөгийн залуу тамирчид ийм аюулыг огт мэдэхгүйгээр үхлийн хортой тариа бэлдмэлийг сохроор хэрэглэсээр буй нь бүр ч харамсалтай. Гэвч дасгалжуулагч Ц.Хосбаяр энэ түүхийг мэддэг хэр нь, ямар эрсдэл дагуулж болохыг гадарласаар байж шинэ залуу тамирчдад хайр найргүй допинг тарьж суугааг юу гэж ойлгох вэ? Амгаасэдийн гэр бүлд тохиолдсон эмгэнэлт түүх өдгөө дахин давтагдахгүй байхын газаргүй. Хэрэвзээ тэгсэн тохиолдолд М.Анхцэцэгээр амжилтаар дамжин нэр хүнд нь сэргэж буй Монголын хүндийг өргөлтийн нэр хүнд яах бол? Энэ спортыг буухиалан авч явах хойч үе, залгамж халаа нэг мөсөн үгүй болвол юу болох вэ гэдгийг өнөө маргаашийн амжилт, нэр хүндээ тэргүүнд тавьж яваа Ц.Хосбаяр ухамсарласан болов уу? Энэ асуудалтай холбон бас нэгэн баримтыг дэлгэе. Эрэгтэйчүүдийн 77 кг жингийн тамирчин Очирхуяг энэ намрын шигшээ багийн цугларалтын үеэр байрлаж байсан байрнаасаа шөнөөр оргон зугатааж, тэр чигтээ хүндийг өргөлтийн спортыг орхижээ.  Шалтгаан нь тестостерон хэмээх хориотой бэлдмэлийг ууж хэрэглэснээс үүдэн үе мөчний өвчтэй болсон. Зовиураа намдаах үүднээс өвчин намдаах хүчтэй эм байнгаа уудгаас сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн зэргээс шалтгаалж хоригдол аятай оргон зайлсан тохиолдол гарчээ.

Баримт №4

Өнгөрөгч арваннэгдүгээр сард зохиогдсон хоёр ч том тэмцээнд зардал мөнгөний асуудлаас шалтгаалж М.Анхцэцэг дасгалжуулагчгүйгээр оролцсоныг бид мэднэ. Үүнээс үүдэн  Асашёорюү Д.Дагвадорж ивээн тэтгэх амлалтаа биелүүлэхгүй байна гэсэн мэдээлэл ч цацагдаад амжсан. Харин энэ асуудалд дасгалжуулагч Ц.Хосбаяр хариулахдаа, "Асашёорюү аварга ивээн тэтгэнэ гэсэн мөртлөө мөнгө өгсөнгүй ээ гэх юм. Аса аварга ивээн тэтгэдгээрээ тэтгээд, өгдгөөрөө өгөөд явж байгаа. Үүнийг зөв талаас нь тайлбарлаж, бичих хэрэгтэй. Аса аваргын ивээн тэтгэлэг бол тухайн тамирчны бэлтгэл сургуулилтад шаардлагатай эм, витамин, уураг, хувцас хэрэглэл юм” гэж хариулсан. Дасгалжуулагчийн хэлж буйгаар эм бэлдмэл, уурагны зардал тэмцээн уралдаанд оролцох зардлаас хэд дахин өндөр аж. Энэ юуг хэлж байна вэ гэвэл Д.Дагвадорж аварга М.Анхцэцэгт шаардлагатай үнэтэй допинг, эм тариагаар ивээн тэтгэдэг гэсэн үг болж таарна. Үүнийг гэрчлэх баримт бол өдгөө дасгалжуулагч Ц.Хосбаяр дээр Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр, Улсын арслан Э.Оюунболд нарын бөхчүүд хүчний бэлтгэлээ хангадаг. Нэг бүр нь 5 сая төгрөгний үнэтэй тариаг хөнгөлөлттэй үнээр Хосоо дасгалжуулагчаас худалдан авдаг гэсэн мэдээлэл бий. Ц.Хосбаяр шигшээ багийн дасгалжуулагч болсноос хойш хүндийг өргөлтийн шигшээ багийн заал үндэсний бөхчүүдийн фитнесс танхим болсон төдийгүй хүндийг өргөлтийн тамирчид бэлтгэл хийх орон зайгүй болсон гэдгийг нэрээ нууцлахыг хүссэн дөрөв таван тамирчин ч гэрчилж байв.

Баримт №5

Монгол улс допинг хэрэглэдэг улсын хар дансанд тэртээ 1972 онд бүртгэгдсэнээс хойш эдүгээг хүртэл нийт 30 шахам Монгол тамирчин олимп, тив дэлхийн чанартай тэмцээнүүд, үндэсний их баяр наадмын үеэр авсан допингийн шалгалтанд унаад байна. Үүний 5 тохиолдол нь хүндийг өргөлтийн спортын тамирчид. 1977 онд Дэлхийн залуучуудын аваргад оролцсон тамирчин Жүгдэрнамжилаас допинг илэрч медалиа хураалгаж байсан бол, дараа нь 1990 онд тамирчин Энэбишээс допинг илэрч 1500 ам.доллараар торгуулж байсан. 2012 онд МУГТ Н.Баярмаагаас хоёр ч удаа допинг илэрч өнөө хэр тэмцээн уралдаанд орох эрх нь сэргээгдээгүй байна. Хамгийн сүүлийн үеийн жишээ нь энэ зун бол өнгөрсөн Риогийн олимпод эрэгтэйчүүдийн 56 кг жинд өрсөлдсөн Ө.Чагнаадоржоос тестостерон хэмээх сэргээшийн төрлийн бодис илэрч 5 жилээр тэмцээн уралдаанд оролцох эрх, 4000 ам.доллараар торгуулсан. Аз болж манай хоёр тамирчны нэгээс нь шалгалт авсан нь энэ. Хэрэв энэ үед М.Анхцэцэгээс шинжилгээ авсан бол "балрах” байсныг хашир тамирчид хэлж байсан.

Олон хавар нэгэндээ гэдэг ардын цэцэн үгийг дасгалжуулагч Ц.Хосбаяр ухаараасай билээ гэсэн үүднээс энэ баримтуудыг дэлгэлээ. Монголын хилээр хориотой эм бэлдмэл оруулж ирдэг сүлжээний талаар цуглуулсан арвин их баримтын ердөө өчүүхэн хэсэг нь энэ болохыг энэ дашрамд дуулгая.

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: Ноцтой мэдээ сонин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler