|
Видео

Шинэ мэдээ

Прокурор: Н.Алтанхуягийн хамсаатнуудыг 4.2 тэрбумын хууль бус тендерийн хэргээр шалгаж байна

 Прокурор: Н.Алтанхуягийн хамсаатнуудыг 4.2 тэрбумын хууль бус тендерийн хэргээр шалгаж байна
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн дүү нарыг цагдан хориод буй. Тэднийг албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа юм. Гэвч Н.Алтанхуягийн талаас энэ нь улс төрийн зорилготой хэмээн харж буй. Тиймээс энэ талаар Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясмангаас тодрууллаа.

-Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн дүү Н.Наранцэцэг, эгчийнх нь хүү болох Ц.Насанбат нарыг хориод удаж байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа хэрэгт Боловсрол Соёл шинжлэх ухааны яам, зарим дүүргийн Тамгын газраас зарлан явуулсан нийт 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий тендер хууль бусаар явагдсан байдаг.

Дээрх ажлын хүрээнд улсын төсвөөс авсан санхүүжилтийн зарцуулалттай холбоотойгоор Н.Наранцэцэг, Ц.Насанбат нарын зэрэг хүмүүсийг сэжигтнээр тооцож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан. Ц.Насанбатын нөхөр нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн эгчийн хүү, харин Н.Наранцэцэг нь түүний төрсөн дүү юм.

МУ-ын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд "Монгол Улсад хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлан гадуурхагдахгүйгээр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх”-аар заасан.

Тиймээс энэ хэргийг улс төржүүлж, Н.Алтанхуягийн ойр тойрны хамааралтай хүмүүсийг зориудаар зохиомол хэрэгт холбогдуулан шалгаад байгаа мэтээр ярьж, бичиж байгаа нь үндэслэлгүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Харин Н.Алтанхуягийн эхнэр Х.Сэлэнгийг одоогоор холбогдуулан шалгасан зүйл байхгүй. Хэрэгт мөрдөн байцаалтын хийгдэж байгаа тул өөр  мэдээлэл нэмж өгөх боломжгүй байна.

-Тэгвэл Х.Сэлэнгээ, Н.Наранцэцэг нарт хилийн хориг тавигдсан талаар тайлбар өгөөч?

-Авлигатай тэмцэх газар, Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар, Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний Ерөнхий газрын дарга нарын 2015 оны хамтарсан тушаалаар батлагдсан "Хилийн хориг тавих, цуцлах журам” байдаг. Энэ журмаар мөрдөн байцаах байгууллага нь шаардлагатай тохиолдолд зорчигч, тээврийн хэрэгслийг улсын хилээр үл нэвтрүүлэх талаар Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний байгууллагатай харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллахаар зохицуулсан. Дээрх асуудал нь энэ журмын хүрээнд шийдвэрлэгдсэн болно.

-Н.Наранцэцэг, Ц.Насанбат нарын өмгөөлөгчид тэдний төрийн албанд ажиллаж байгаагүй байхад Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл буюу "төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах” гэсэн зүйл хэсгээр сэжигтнээр тооцох болсон гэж мэдээлээд байгаа?

-Эдгээр хүмүүсийг Эрүүгийн хуулийн 263.2, 150.3 буюу "Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлэх” гэмт хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн холбогдох зүйл, хэсгийг журамлан сэжигтнээр тооцон шалгаж байна.

Энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд, МУ-ын Эрүүгийн хуульд гэмт хэрэгт хамтран оролцсон этгээдийг тухайн гэмт хэрэгт хэрхэн, ямар байдлаар оролцсон байдлаас нь хамаарч "Захиалагч, зохион байгуулагч, хатгагч, гүйцэтгэгч, хамжигч” зэргээр тодорхой заагтайгаар тодорхойлж өгсөн байдаг.

-Дээрх хүмүүсийг ямар үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм бэ?

Сэжигтэн Н.Наранцэцэг нарыг Эрүүгийн хуульд заасан "хүнд гэмт хэрэгт холбогдсон, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаас сэрэмжлэх зорилгоор” мөрдөн байцаах байгууллагаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал гаргасныг, прокурор хуульд заасны дагуу харьяалах дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тавьж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах асуудлыг шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн.

-Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа хэзээ дуусах вэ? Хэргийн талаар цаашид мэдээлэл өгөх үү?

Хэрэг одоогоор мөрдөн байцаалтанд шалгагдаж байна, тиймээс энэ талаар урьдчилж хэлэх боломжгүй байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаны дараа тодорхой мэдээлэл өгөх боломжтой юм.

Б.Анир zaluu com


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler