| |
ИХ НVVДЛИЙН "ХӨХ ЗӨН" АЙСУЙ...
Америк дахь Монголчуудын Утга Зохиолын Нийгэмлэгийн тэргүүн, сэтгvvлч, яруу найрагч Ө.Пvрэвсvрэнтэй уулзаж тэдний эрхлэн явуулж байгаа "ИХ НҮҮДЭЛ” утга зохиолын хөтөлбөрийн талаар ярилцлаа. Тус нийгэмлэг монголын уран зохиол, түүний өвийг сурталчлах, уран бүтээлчдээ дэмжих, гадаадын утга зохиолыг монголчууддаа таниулах, утга зохиолыг дэмжигч олон нийтийн харилцааг бэхжүүлэн эх хэл, өв соёлоо хадгалан хойч үедээ өвлүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгыг эрхэм болгон өнгөрсөн жилээс үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Түүнчлэн Монголын Зохиолчдын Эвлэлийн гадаад дахь анхны салбар аж.
О.Э: -Та "ИХ НVVДЭЛ" хөтөлбөр-ийнхөө үзэл санааг тодорхойлж хэлнэ үү.
Ө.П: -"Монголын Их Нүүдэл" гэж Б.Лхагвасүрэн гуайн нэг сайхан шүлэг бий.
Бид гадаад далайн чанадад нүүж, сууж яваа нүүдэлчдийн удам юм. Ер нь бүх юм учир жанцантай, эмх цэгцтэй. Нүүж яваа юм гээд ундуй сундуй явдаггүй нь нүүдэлчдийн онцлог. Тэр тусмаа ном судраа баринтаглаж хөсөг нүүдлийнхээ тэргүүнд нь хүндэтгэн залдаг, номын их соёл, заншилтай ард түмэн бид. Орчин цагийн их нүүдлийн уртад орхиж гээж боломгүй хэдхэн эрхэм өв бол хэл бичиг, уран зохиол, соёл урлаг маань юм. Баатарлаг түүх, мартаж үл болох эх хэл, соёлоо дэлгэрүүлэх, гал голомтоосоо харь холд яваа монголчуудыхаа сэтгэлийн жаргал зовлон, баяр гунигийг уран зохиолын аргаар нээн харуулах зорилгоор "МОНГОЛЫН ИХ НҮҮДЭЛ” Утга Зохиолын Хөтөлбөрийг манай нийгэмлэгээс санаачлан эхлүүллээ.
О.Э: -Энэ хөтөлбөрийн удиртгал болгон зарим уралдаан зарлажээ.
Энэ тухайгаа дэлгэрvvлж уншигчдад танилцуулна уу.
Ө.П: -Эхлэн бичигч, утга зохиол сонирхон оролдож буй хүмүүсийг дэмжих, тэдэнд өөрийгөө нээх, олонд таниулах боломж олгох үүднээс "ХӨХ ЗӨН" яруу найргийн, "ДӨРӨӨН ЧИМЭЭ" бичвэрийн, "БИ МОНГОЛ ХҮН" хүүхдийн зохион бичлэгийн гэсэн гурван төрлөөр уралдаан зарлаад байгаа. Эдгээр уралдаан нь хүмүүсийг уралдуулж, өрсөлдүүлэхээсээ илүү хүмүүсийн сонирхлыг асаах гэсэн нэг арга юм даа. Харь нутагт аж төрөх нь хүний сэтгэлийг их хөвсөлзүүлж, элдвийг бодогдуулдаг. Түүнийгээ цаасан дээр буулгадаг, өөртөө бичдэг хүмүүс олон байдаг болов уу. Тэр сэтгэл зүрхний бичвэрийг нь сонсч, бичих туурвих авъяас билэг буй аваас додомдож тэтгэх нь энэ уралдааны зорилго.
О.Э: - Шинэ авьяастнуудыг нээж, нийтэд танилцуулах хөтөлбөр эхлүүлж байгаад тань талархаж байна! Хэр олон бvтээл ирж байна?
Ө.П: -Яг үнэнийг хэлэхэд жаахан хангалтгүй байна. Гэхдээ яруу найргийн төрлөөр нэлээд хэдэн бүтээл ирсэн. Лос Анжелес хотоос Я.Гантөмөр, Д.Батсvх, Т.Лхагва, СанФранциско хотоос Зураач С.Төрбурам, Чикаго хотоос Б.Баттөр, Г.Мөнх-Ирээдvй, С.Хандмаа, Б.Энхдулам, Нью Йорк хотоос Ирина Гомбоева нар манай хаягаар бvтээлээ ирvvлжээ. Манай уралдааныг чин сэтгэлээсээ дэмжиж, шvлэг найргийн дээжээ ирvvлсэн та бvхэнд нийгэмлэгийнхээ зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийлье! Эхлэн бичигч, уран зохиол оролддог хүмүүсийг дэмжих, урамшуулах зорилготой учраас бэргэх, санаа зовох зүйлгүй. Зохиол бүтээлээ бидэнд илгээгээрэй гэж уриалж байна! ХӨХ ЗӨН яруу найргийн уралдаанд 2014 оны 10 сарын 10 хүртэл, нөгөө хоёр төрөлд нь оны эцэс хүртэл зохиол бүтээлийг хүлээж авна.
О.Э: -Уралдаанд ирж байгаа бvтээлvvдээ хэрхэн дvгнэх, урамшуулах, сурталчлах талаар сонирхуулна уу.
Ө.П: -АМУЗН, МЗЭ-ийн хамтарсан зөвлөл уралдаануудыг шүүж, дүгнэнэ. Дүгнэхдээ мэдээж авъяас билэг, найруулан бичих ур чадвар зэргийг гол болгоно. Тэргүүн, Дэд, Гутгаар байруудад шалгаруулж МЗЭ, АМУЗН-ийн өргөмжлөл, цом, мөнгөн шагналаар урамшуулна. Мөн "Би Монгол Хүн” уралдаанд ирүүлсэн хүүхдүүдийн бүтээлийг шалгаруулж, мөн манай нийгэмлэг, Монголын Хүүхдийн Байгууллагын шагналаар шагнана. Уралдаанд ирсэн шилдэг бүтээлүүдийг АМУЗН-ийн цахим хуудас, "Монголын Их Нүүдэл Хөтөлбөр” фэйсбүүк хуудас болон хамтран ажилладаг бусад хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр сурталчлан таниулах ба "Утга Зохиол, Урлаг" сонин, "Цог" сэтгүүл, бусад сонин сэтгүүлд хэвлэн нийтэд сурталчилна.
О.Э: -Америкт суугаа монголчуудын яруу найргийн баяр хийх юм байна.
Онцлог нь юу вэ?
Ө.П: -"ХӨХ ЗӨН” яруу найргийн уралдааны сүүлчийн шатны шалгаруулалт, яруу найргийн баярыг МЗЭ-тэй хамтран ирэх 11 сарын эхээр Чикаго хотноо зохион байгуулахаар бэлтгэлээ базааж байна. Энэхүү арга хэмжээнд маань Ардын Уран Зохиолч, яруу найрагч Т.Галсан гуай, "Болор Цом”-ын эзэн, яруу найрагч Л.Моломжамц, дууны шүлгийн мастер, яруу найрагч Н.Баянмөнх тэргүүтэй арваад уран бүтээлчид ирж оролцох юм.
Мөн МУСТА, дуучин Б.Энхмэнд, Г.Чинболор нар мөн хүрэлцэн ирж, яруу үдшийн цэнгүүнийг маань аялгуу дуугаараа хөглөнө. Онцлог ч гэдэг юм уу зорилго ч гэдэг юм уу бидний хийгээд байгаа энэ ажлууд бол ерөөсөө л их утга зохиол, бичиг соёлынхоо л төлөө юм. Уран зохиол аль ч цаг үед хүмүүсийг төлөвшүүлсээр, нийтийг оюун санааны дэвшилд хөтөлж, нийгмийн ухамсарт хүчтэй нөлөөлсөөр ирсэн.
О.Э: -"ИХ НҮҮДЭЛ” хөтөлбөрынхөө ирээдvйг хэрхэн харж, төсөөлж байна?
Ө.П: "-Энэхүү уралдаан маань зөвхөн энүүхэн хүрээндээ эргэлдэх биш, цаашдаа дэлхийгээр тархан суусан монгол туургатны наадам болон тэлж, бөмбөрцөгөөр тойрон аялах байх” хэмээн ирээдүйг нь зөгнөж сууна. Цэрэггүй жанжин гэж байдаггүй. Түүнтэй адил уншигчгүй уран зохиол гэж үгүй. Тийм учраас уран зохиол, хэл соёлоо түгээн дэлгэрүүлэх бидний энэхүү үйлсэд бичдэг туурвидагаас гадна уншигч, дэмжигч та бүхний оролцоо, дэмжлэг маш чухал шүү гэдгийг л эцэст нь тэмдэглэе!
Танд баярлалаа!
Ярилцсан: О.Энхнасан
2014 оны 9 дүгээр сарын 23