| |
Пакистанчууд хил дамнан гал нээсний улмаас Энэтхэгийн нэг цэрэг амь үрэгджээ
Өчигдөр орой Пакистаны армийнхан хил дамнан их буугаар галласны улмаас Энэтхэгийн нэг цэрэг амь үрэгджээ.
Энэтхэгийн Хилийн аюулгүй байдлын хүчний офицерын мэдэгдсэнээр, маргаантай байгаа Жамму-Кашмир мужид байрладаг Пакистаны армийн цэргүүд Энэтхэгийн тал руу хил дамнан гал нээсний улмаас нэг энэтхэг цэрэг амь үрэгдсэн байна.
Энэ оны есдүгээр сард Кашмир дахь хилийн маргаантай бүсийн Энэтхэгийн хяналтад байдаг хэсэг дэх армийн бааз руу босогчид халдан 18 цэргийг хөнөөсний дараа хоёр талын харилцаа хурцдаж эхэлсэн юм. Уг халдлагыг Пакистаны хэт давруу үзэлтнүүд үйлдсэн гэж Энэтхэгийн тал үзэж, босогчдод чөлөөтэй нэвтрэх боломж олгосон хэмээн Пакистаны засгийн газрыг буруушааж байгаа билээ. Харин Пакистаны тал үүнийг "ор үндэсгүй гүтгэлэг” хэмээн эрс няцааж байгаа юм.
1947 онд Их Британиас тусгаар тогтносноос хойш Жамму-Кашмир мужийн харьяаллын асуудлаар Энэтхэг болон Пакистан улс маргалдсаар байгаа билээ. Энэ маргааны улмаас тус хоёр улсын хооронд хоёр ч удаа дайн дэгдсэн юм. Дээрх хэрэг гарсан хилийн шугам нь Энэтхэгийн талын хяналтад байдаг Кашмирын хэсгийг Пакистаны талын хяналтанд байдаг нутаг дэвсгэрээс заагладаг ажээ.
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ